Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Сумъяабазар: Хотын төвд өндөр барилга бариулахгүй байх бодлого барина



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар харьяа газрын албан хаагчидтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцож байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа.Уулзалтын эхэнд тус компанийн гүйцэтгэх захирал Р.Дагдан товч танилцуулга хийв. Тус газар 1920 ажилтантай, Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаанаар хангадаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд гэр хорооллын 13681 өрх стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчинд холбогдож чадахгүй байгаа. Үүнээс 2021 онд 1928 айл өрхийг улсын төсөв болон компанийн хөрөнгө оруулалтаар 4.4 сая төгрөгийн санхүүжилтээр цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг хийж эхлээд байгаа аж. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолоор 138.1 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс дааж байгаа талаар танилцууллаа. Хэрэглэгчийн дуудлага жилд дунджаар 20.3 хувиар өссөн төдийгүй Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Тиймээс цаашид зуслангийн болон гэр хорооллын бүсэд цахилгааны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд үүнд томоохон хөрөнгө оруулалт хэрэгтэйг онцоллоо.
Үүний дараа Хотын дарга Д.Сумъяабазар нийт албан хаагчдад хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Улаанбаатар хотод сүүлийн 30 жил хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа. Мөн засаглалын хувьд томоохон шинэчлэл хийнэ” гэв. Ингэснээр Улаанбаатар хот хууль, эрх зүй, засаглал, эдийн засгийн хувьд бие дааж, цаашид тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн хотын асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө, санхүү шаардлагатай байгаа учраас Засгийн газраас түүхэн шийдвэр гаргаж, жил бүр 420 тэрбум төгрөгийг өгөхөөр болсон. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдаад буй. Тиймээс УИХ, Засгийн газрын хэмжээнд томоохон дэмжлэг авч байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төр, захиргааны байгууллагын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгааг уулзалтын үеэр Хотын дарга онцоллоо. Тэрбээр “Ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ, цаашид урамшууллын системийг хэрэгжүүлнэ. Мөн хууль эрх зүйн чадамжтай болж, санхүүгийн хувьд биеэ даавал нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ” гэлээ.
Ирэх жилүүдэд хийх зам, барилга, байгууламжийн томоохон бүтээн байгуулалтын ажилд ялангуяа цахилгаан түгээх сүлжээний компанийн ажилчдын үүрэг, оролцоо чухал байгааг онцолсон. Тухайлбал, хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр дэд төвүүдийн ажил хийгдэж байгаа талаар ярьсан юм. Үргэлжлүүлэн “Цаашид дэд төвүүдийг нэмэгдүүлэхэд цахилгааны эрчим хүч шаардлагатай байгаа. Тиймээс цахилгааны эрчим хүчийг нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг судалж, шийдвэрлэнэ. Мөн хотын төвөөр өндөр барилга бариулахгүй байх бодлого барина. Харин дэд төвүүдэд өндрийн хязгаарлалт заахгүйгээр барилга барих зөвшөөрөл олгоно. Тиймээс дэд төвүүдийн цахилгаан эрчим хүчний төлөвлөлтийг хийж, дэд бүтцийг давхар шийдэж явах ёстой” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ