Үндэсний статистикийн хороо төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулалтыг өнгөрсөн сард орон даяар зохион байгуулсан. Уг судалгааны урьдчилсан дүнгээр Булган аймгийн төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн түвшин улсын хэмжээнд дээгүүр үнэлэгдсэн байна. Албан хэргээ үндэсний болон кирилл бичгээр хослуулан хөтлөхөд төрийн албан хаагчдын 66,3 хувь бэлэн гэсэн судалгаа гарчээ.
“Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил”-ийн ажил зохион байгуулж, бүх сум, байгууллагын төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн гарааны түвшинг тогтоосон сургалт зохион байгуулснаар 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар унших чадвар 30.4, бичих чадвар 36,0 хувийн ахиц амжилтыг үзүүлсэн гэж аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл дүгнэсэн юм.
Төрийн алба хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаанд улсын хэмжээнд нийт 160 мянга орчим хүний мэдээллийг ҮСХ-ны “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого”-ын мэдээллийн сангаас гаргаж, хүн бүрт тусгай эрх, нууц үгийг олгох замаар цахим орчинд мэдээлэл цуглуулсан дэвшилтэт үйл явдал байлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Улсын хэмжээнд төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн түвшин 51,0 хувьтай байна гэсэн судалгаа гарсан байна.