Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

С.Баярцогт 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?


Оюутолгой, Дубайн гэрээ, оффшорын асуу­дал гээд Монголын улстөрчидтэй холбоотой томоохон хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж байна.
Эдгээр бүх хэрэгтэй нэр нь холбогддог хүн бол С.Баярцогт.  Тэрээр 2008 оноос хойш Байгаль орчны сайд, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дэд дарга гээд төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан.  Харин Оюутолгой, Дубайн гэрээ, оффшорын асуудлаар хуулийн байгууллагаас албан ёсоор түүнийг шалгаж эхэлсэн нь 2017 он юм.
 
Одоогоор С.Баярцогт нарт холбогдох хэргүүд шүүхийн шатанд шилжиж байгаа бөгөөд энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх яриа ч улс төрийн хүрээнд байна. Ийнхүү 2008 оноос хойш Монголын улс төр, гадаад харилцаа, хууль зүйн салбарт С.Баярцогттой холбоотой ямар үйл явдал өрнөснийг “Timeline” булангаараа онцлон хүргэж байна.
 
2008 оны есдүгээр сарын 11. 
2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент есдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа С.Баярыг Ерөнхий сайдаар томилсон байдаг. Хэдийгээр МАХН дангаараа засгийн эрх барихад хангалттай тооны суудал авсан ч С.Баяр АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргасан билээ.  Ялангуяа Сангийн сайдын албан тушаалыг тухайн үеийн АН-ын гишүүн С.Баярцогтод өгсөн нь анхаарал татсан үйл явдал байв. 
 
2009 оны арав­дугаар сарын 6. 
Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” ком­па­ниуд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Тэр өдөр нийтдээ гурван гэрээ зурсан байдаг. Эхний гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж, Хөрөнгө оруулагчтай хэлэл­цээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголия Инк” компанийн ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит гарын үсэг зурсан байдаг юм.
 
2009 оны арваннэгдүгээр сарын 18. 
-Оюутолгойн гэрээ баталсны дараагаас С.Баярын Засгийн газар огцрох асуудал яригдаж эхлэв.  Тухайн оны арваннэгдүгээр сарын 18-нд Ерөнхий сайд С.Баяр МАХН-ын Удирдах зөвлөлд албан тушаалаа өгөх өргөдөл гаргаж, дараагийн гүйцэтгэх засаглалын тэр­гүү­нээр С.Батболдыг томи­лов. Ийнхүү С.Баярцогт Сангийн сайдаар нэг жи­лийн хугацаанд ажиллаж,  Оюу­толгойн гэрээг байгуу­лах ажилд гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
 
2012 оны зургадугаар сарын 14. 
С.Баярцогт Сэлэнгэ айм­гаас парламентын гишүү­нээр сонгогдлоо. Тэрээр УИХ-д дөрөв дэх удаагаа нэр дэвшиж, өрсөлдсөн нь энэ юм. 
 
2012 оны наймдугаар сарын 17. 
УИХ-ын дэд даргаар С.Баярцогтыг томилуулах тухай тогтоолын төслийг парламент  хэлэлцэж, гишүүдийн 81.6 хувийн саналаар дэмжин батлав.
 
2013 оны дөрөвдүгээр сарын 4. 
УИХ-ын дэд дарга С.Баярцогтын  Швейцарийн банкны дансан дахь нэг сая ам.долларын асуудал ил болов. Ингэхдээ тэрээр “Би дөрвөн найзтайгаа нийлж  нэг сая ам.доллар босгож, Швейцарийн дансанд мөнгө хийсэн. Тэрүүгээрээ хувьцааны бизнес хийх гэж байсан” гэсэн тайлбар өгч байв. Харин өөр эх сурвалжууд 2008 онд түүний оффшор дансанд мөнгө орсон, 2009 оны арвандугаар сарын 27-нд мөн 9.2 сая ам.доллар дансанд нь орсон гэх мэдээллийг өгсөн байдаг. С.Баярын Засгийн газар Оюутолгойн гэрээг 2009 оны  аравдугаар сард байгуулсан билээ.
 
2013 оны дөрөвдүгээр сарын 25. 
УИХ-ын чуулганы ху­рал­даанаар С.Баярцогтын ёс зүйн зөрчлийн тухай асуудлыг хэлэлцэж, дэд дар­гаас чөлөөллөө.  С.Баяр­цогтын гадаадад байгуулсан компани болон банкин дахь дансны мэдээллээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус­гаа­гүй асуудлаар буруутгасан байдаг.  Мөн тэрээр чуулганы хуралдаан дээр  “УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна.  Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага татвараас зугтаасан, мөнгө угаасан гэж үзээгүй зөвхөн гадаадын банкин дахь дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн эсэхийг л тодруулахыг хүссэн” гэж хэлж байв.
 
2014 оны арванхоёрдугаар сарын 9. 
УИХ-ын гишүүн С.Баярцогтыг ЗГХЭГ-ын даргаар томилохыг гишүү­дийн 75 хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр тэрээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “гал тогоо”-г хариуцаж ажиллах болсон юм.
 
2015 оны тавдугаар сарын 21. 
Ерөнхий сайд Ч.Сайхан­билэгийн Засгийн газар бүр­дээд ердөө хагас жилийн дараа Арабын Нэгдсэн Эмират улсад очиж, Оюутолгойн далд уурхайн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө буюу Дубайн гэрээг баталсан байдаг. 
 
2015 оны зургадугаар сарын 5. 
МАН-ынхан “Дубайн гэрээ”-г шалгах ажлын хэсэг байгуулсан юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нарын багтсан ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулав.
 
Урьдчилсан дүгнэлтэд, “Дубайн гэрээ” Монголд хохиролтой, Монголын эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн байна. Гэрээний хүрээнд 4.2 тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд бус “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ.
 
2016 оны тавдугаар сарын 28. 
АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж,  С.Баярцогтыг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргав. С.Баярцогтын оффшор данс хаагдсан тул нэр дэвшүүлэхгүй байх үндэслэлгүй гэж үзсэн юм. 2016 оны сонгуульд С.Баярцогт нэр дэвшсэн ч  парламентад сонгогдож чадаагүй юм.
 
2017 оны нэгдүгээр сарын 13. 
АТГ-аас С.Баярцогтод оффшор бүсэд данстай гэх асуудлаар нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн гэж мэдэгдэв.  Байгаль орчны хуульчдын холбооны тэргүүн Ц.Туяацэцэг, Э.Цэрэндолгор түүнийг шалгуулах хүсэлтэй хүргүүлсэн байдаг.  Энэ цаг үеэс эхлэн С.Баярцогтыг хэд хэдэн үндэслэлээр хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлсэн юм.
 
2018 оны дөрөвдүгээр сарын 02. 
ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Т.Ариун­сан, Эрдэнэс-Тавантолгойн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг сэжигт­нээр баривчлан шалгаж эхэлжээ. Мөн АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад цаашид С.Баяр­цогтыг яллагдагчаар цагдан хорих шаардлагатай гэж үзэж, яллагдагчаар татаж шалгах саналыг Нийслэлийн прокурорын газар хүргүүлсэн байна. Түүнчлэн Ерөнхий сай­даар ажиллаж байсан Ч.Сайхан­билэгт дуудах хуудас илгээсэн бөгөөд Монгол Улсад ирсэн үед нь Дубайн гэрээтэй  холбогдуулан байцаалтаар болсон байдаг.
 
2018 оны зурга­дугаар сарын 13. 
Сангийн сайд асан С.Баяр­­цогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэт­гэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг суллажээ. Ингэснээр С.Баярцогт, Б.Бямбасайхан нар гадуур шалгагдахаар болсон юм.
 
2019 оны нэг­дүгээр сарын 16. 
Нийслэлийн проку­рорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар татан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэн байна. Саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад С.Баярцогтыг нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Түүнийг Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө “Айвенхоу майнз”-ын хувьцаа эзэмшигч байсан, улмаар гэрээ байгуулсны дараа хувьцааны үнэ өсөхөд бусдад худалдаж өөртөө давуу байдал бий болгосон гэсэн үндэслэлээр гадаад улсаас ирсэн баримтад тулгуурлан цагдан хорьж шалгахаар болсон юм.
 
2019 оны нэгдүгээр сарын 30. 
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн ан­хан шатны шүүхээс С.Баяр­цогтыг батлан даалтад гаргах шийдвэр гаргав.
 
2019 оны гуравдугаар сарын 16. 
 
 
Швейцарийн “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын таван дансны хуулгыг лавшруулан шалгавал, Оюунтолгойн гэрээтэй холбоотой асуудалд өөр эзэн холбогдогч илэрч болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэв. 2017 оноос хойш тус банкинд албан бичиг хүргүүлсний үр дүнд, С.Баярцогтын дансны хуулгыг Швейцарийн тал, ГХЯ-аар дамжуулан, АТГ-т албан ёсоор хүргүүлэхээр болсныг онцолсон.
 
 
 
2019 оны гуравдугаар сарын 18. 
С.Баярцогт Т.Аюур­сайхан гишүүний мэдээлэлд хариулт өгөв. Тэрээр 2019 оны нэгдүгээр сарын 11-нд Швейцарийн холбооны улсын прокурорын газраас материалыг ирүүлсэн юм. Ирснийх нь дараа би АТГ-т  материалаа өгсөн.   Миний АТГ-т өгсөн материал Т.Аюурсайхан гишүүний авчирсан гээд байгаа материал хоёр адилхан. Тийм болохоор энэ хэрэг удахгүй хаагдана” гэсэн байдаг.
 
2019 оны арваннэгдүгээр сарын 4. 
Сангийн сайд асан  С.Баярцогт Оюутолгойн гэрээтэй холбоотой ном хэвлүүлснээ зарлаж, мэдээлэл хийлээ. Тэрээр Оюутолгойн гэрээ зурагдсаны 10 жилийн ой болсон. Энэ ойг төр засгийн зүгээс дуугүй өнгөрөөсөн.  Тэгвэл 10 жилийн ойг тохиолдуулаад  “Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтууд” гэсэн 500 гаруй хуудастай ном хэвлүүлснээ ийн мэдэгдсэн байдаг.
 
2020 оны гуравдугаар сарын 20. 
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуу­лах­даа хөрөнгө оруулагч талд давуу байдал бий бол­гож найман их наяд төг­рө­­гийн хохирол учруул­сан хэргээр Ерөнхий сайд асан С.Баяр болон ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарыг 2017 онд яллагдагчаар татаж, хавтаст хэрэг үүсгэн С.Баярыг 60, С.Баярцогтыг 73 хоног хорьж
шал­гасан. Энэхүү хэргийг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүр­гийн эрүүгийн хэргийн ан­хан шатны шүүх рүү шил­­жүүл­жээ. Гэвч С.Баяр­цог­тыг ял­лагдагчаар тат­сан тогтоолыг хүчингүй бол­госон мэдээлэл цацагдаж эхлэв.
 
2020 оны гуравдугаар сарын 25. 
Энэхүү асуудалд Нийс­лэлийн прокурорын газраас тайлбар өгөв. Тайлбарт Уг хэрэгт нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай байсан. Цугласан нотлох баримт дээр үндэслэн хэргийг дахин шийдвэрлэх боломжтой. Яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох гэдэг бол хоёр өөр ойлголт гэсэн байдаг.  Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн С.Баярцогтыг 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвших тухай асуудал яригдаж эхэлсэн нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.
 
 
Т.БатсайханЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ