ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Нийт 3883 хүн ажиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар 2434 иргэн ажиглалтад байна. 320 эмч, эмнэлгийн ажилтан хамт тусгаарлагдаж байгаа. Нийгмийн сүлжээгээр олон янзын мэдээлэл гарч байна. “Халдварыг ийм, тийм зүйлээр эмчилж байна. Энэ, тэр сайн байна” гэсэн мэдээлэл их байна. Энэ бол халдварт өвчин. Бид ДЭМБ-аас гаргасан заавар зөвлөмжийг үндэслэн Монголын анагаахын эрдэмтэн докторуудтай хамтран ажиллаж байгаа” гэлээ.
Мөн энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдолд коронавирус илрээгүй. Мөн тусгаарлалтад байгаа ХӨСҮТ-д тав, Увс аймагт хоёр, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэ аймагт дөрөв, Увс аймагт хоёр нийт 32 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д болон орон нутагт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлалтад байна.
Сайхан мэдээ хэлье. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-д байгаатай адил коронавирусийн оношилгоо хийх лабораторитой болсон. Тиймээс хойд хилээр орж ирж байгаа иргэд болон ойрын аймгуудын иргэдийн шинжилгээг хийхээр болсон. Мэргэжилтэн сургасан. Оношлуурыг хуваарилсан. Үүнээс гадна Дорнод, Ховд аймгуудад илрүүлэх шинжилгээ хийх бэлтгэл хангаж байна. ХӨСҮТ-ийн төв лаборатори шиг хүчин чадалтай лабораториудыг бий болгож байна. Халдвар илэрсэн иргэдийн биеийн байдал сайн байгаа” гэлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран дөрвөн аймагт CoVid19-ийг оношилдог лаборатори байгуулж буйг хэллээ.
Eagle.nm