Булган аймгийн Сайхан сумын харъяат “Булганхан” дэвжээний бөх аймгийн арслан Г.Ганбаатартай ярилцлаа.
-Таны удам судраас тань ярилцлагаа эхлэе. Таны удамд барилддаг хүн байв уу?
-Тийм ээ. Манай удамд барилддаг, бяр тэнхээтэй хүмүүс байсан. Манай ээжийн аав нь аймгийн начин цолтой Лхагва, харин аавын маань аав нь шаггүй барилддаг, бяр тэнхээтэй тээврийн жолооч хүн байлаа. Тиймээс аав ээж минь намайг барилдахад их дэмжсэн. Тиймээс итгэлийг нь алдахгүй юмсан гэж хичээж явдаг даа.
-Таны бөхөд дурлах шалтгаан нь удам чухал нөлөөтэй байж. Үндэсний бөхийн юу нь таны сэтгэлийг татсан юм бэ?
-Би хүүхэд байхдаа бөх их үздэг байлаа. Бөх үзэж суухдаа энэ бөхчүүд шиг сайхан бие хаатай, зан ааш их дөлгөөхөн ард түмэндээ хүндлэгдсэн сайн бөх болох юмсан гэж боддог байлаа. Нэг үгээр хэлбэл, эр хүнд байх ёстой чанарууд бөхөд бүгд байдаг. Үүнээс гадна үзэгч түмэн бөхчүүдийг их сайхан хүлээж авдаг нь гоё санагдсан л даа. Энэ бүхнийг хараад өөрөө хичээж үзэхийг хүссэн. Барилдана гэдэг хүнийг бас зөв тал руу нь чиглүүлж биеэ авч явах, хүнтэй харьцах гээд хүнийг төлөвшүүлж, зөв хүн болгож сургадаг. Би хүүхэд байхдаа дархан аварга Г.Өсөхбаярын шүтэн бишрэгч нь байлаа. Аварга гэж ийм сайхан том бие хаатай байдаг юм байна гэж боддог байлаа.
-Та хэзээнээс үндэсний бөхөөр хичээллэж эхлэв?
-Би барилдахаасаа өмнө заалнаас салдаггүй хүүхэд байсан. Сагс, волейбол тоглох их нөлөөтэй юм шиг байна лээ гар хөлийн үе чангардаг. 2010 оны гуравдугаар сард хоёрдугаар курст байхдаа 2011 оноос эхэлж бэлтгэл хийж барилдаж эхэлсэн. Аав ээж хоёр минь их дэмждэг учир түүнээс нь урам авч бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг байсан даа. Тэр жилээ буюу залуу бөх Бүрэгхангай суманд үзүүрлэж сумын начин болсон. Үүний дараа жил Булган аймгийн сумын цолтой болон цолгүй бөхчүүдийн тойргийн барилдаанд барилдаж түрүүлээд тойргийн аймгийн начин цол хүртэж тэрнээсээ их урам авч бэлтгэлээ улам сайн хийж илүү их хичээж эхэлсэн. 2012 оноос хойш аймгийн цол сэтгэлд багтаад болчихмоор л юм шиг санагдаад байдаг байлаа. 2012, 2013 оны сумын зааны барилдаанд гайгүй үзээд шөвгөрчихмөөр болчихсон байв. Гэхдээ амжилт хүссэнээр тийм амархан ирэхгүй их хөдөлмөр шаардана л даа. Үүнээс гадна бөх хүнд сэтгэл зүй их нөлөөтэй.
-Таны бодлоор бөх хүн сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх ёстой вэ?
-Бүгд ядардаг, шантардаг гэвч хэн шүдээ зуугаад үргэлжлүүлнэ тэр амжилтад хүрдэг гэж. “Унасан, давсан ч санасандаа хүртэл барилдъя” гэж дэвжээн дээр гардаг. Би энэ талаар нэг наадамд барилдсан барилдаанаа эргэж дурсъя. Би бөхийн өргөөнд сумын заануудад гайгүй барилддаг болчихсон байлаа. Миний үед барилдаж байсан залуус бүгд улс, аймгийн цолтой болсон. Тухайлбал, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Н.Золбоо, Д.Бат-Эрдэнэ харцага, Э.Даш начин, Б.Даваа-Очир начин. Ц.Сандагдорж арслан, Х.Энхчулуун, М.Амарсанаа, сумын зааны 19 удаагийн шөвөгт шалгарсан Өвөрхангайн аймгийн начин Н.Даваадорж гэсэн уран хурц барилдаантай олон сайн залуус барилддаг байсан. Сумын цолтой барилдаж байхдаа ёстой л тамираа тасартал үздэг байлаа. Ийм хүмүүстэй барилддаг хүн чинь аймгийн наадамд очоод барилдахаар гурав дөрвийн даваанд уначихдаг байв. Үүнээс болж нэг удаа жаахан шантараад аавтайгаа голын эрэг дээр нүдэндээ нулимстай “Би ер нь цол авч чадахгүй юм байна” гэж хэлж билээ. Гэтэл аав минь “Энэ жил унаа л биз. Ирэх жил бэлтгэлээ илүү сайн хийгээд цол авна аа, зүгээрээ миний хүү“ гэж хэлж байлаа. 2014 онд аймгийн начин болж байлаа. Бяр хүч их байгаад ч дэвжээн дээр айж зугтаад байвал тухайн бөхөөс ямар ч хүч гарахгүй. Надад сэтгэл зүйн хувьд зөвлөдөг мөн бэлтгэл сургуулилтын маань удирддаг хүн бол миний багш улсын заан Д.Баасандорж юм. Багш маань “Сайн бөх болъё гэж бодож байгаа бол өөрөө зөв төлөвш, биеэ зөв сайхан авч яв, түүний дараа сайн бөх болох тухай бодох хэрэгтэй” гэж хэлдэг.
-Мэдээж сэтгэл зүй сайн байж сайн барилдах байх. Тэгвэл та хамгийн анх өөрөөсөө том цолтой ямар бөхийг давж байв?
-Анх залуу бөх байхдаа сумын нэг багийн өдөрлөг дээр аймгийн начныг давж их баярлаж байлаа. Хожим бөхийн өргөөнд барилдаж байхдаа Баянхонгор аймгийн улсын начин Б.Баянжаргал начинг давчихаад их хөөрч байсан минь санаанаас гардаггүй. Мөн сумын заан цолтой байхдаа Соронзонболд зааныг даваад их баярлаж байв. Тухайн үед Б.Соронзонболд заан ид сайн голдуу шөвгөрдөг байлаа. Хамгийн гоё мэдрэмж давчихаад гүйж байхдаа их урам авдаг юм билээ. Үүнээс гадна тунаж барилдана гэдэг бөх хүний жаргал шүү дээ. Хэн ч амлахгүй тунана гэдэг тухайн бөх сайн байгаагийн шинж. Сайн бөхтэй тунаад барилдахад давсан ч унасан ч сайхан. Хэрэв амлуулж барилдлаа гэхэд аль болох давахыг хичээнэ. Надад хоёр сонирхолтой тунасан барилдаан байдаг. Үүнийг сонирхуулбал 2015 оны аймгийнхаа наадамд тавын даваанд Д.Пүрэвдорж харцагатай тунаж барилдаад давахад сайхан байсан. Харин 2017 онд бүх цэргийн наадмаар дахин Д.Пүрэвдорж харцагатай тунаж барилдсан. Тэр олон залуус дундаас тунаж барилдана гэдэг сайхан юм билээ. Тунаж барилдаад цолоо ахиулах аль эсвэл цолоо батлах ч сайхан шүү.
-Таны үндсэн мэх юу вэ?
-Миний үндсэн мэх мордох.
-Та аймгийн арслан цолоо хэдэн онд авлаа?
-Аймгийн арслан цолыг 2016 онд авч байлаа. 2014 онд шууд арслан болчих юмсан гэж бодож барилдсан. Тэр наадамд хурц арслан Ө.Сүхбатад унаад, дараа жил нь тавын даваанд тунаж барилдаж давчихаад зургаагийн даваанд Б.Түмэндэмбэрэл арсланд уначихаад сэтгэл дундуур гарч байлаа. Шантарч няцах үе байсан. Гэвч тасралтгүй хөдөлмөрлөж амжилтад хүрсэн. Арслан болдог жилээ бэлтгэл сургуулилтаа таслаагүй. Нэг өдөр бэлтгэл хийхгүй бол бусдаас хоцорчих гээд байгаа юм шиг санагддаг. Нэгэнт сонгосон замаасаа буцаж болохгүй, эцсийг үзэх хэрэгтэй. Би үүнийг хийх ёстой, хичээх ёстой гэж өөрийгөө үргэлж хурцалдаг. Өнгөрсөн жилийн улсын наадмын өмнө долдугаар сарын 6-нд хөлөө хугалаад улсад барилдаж чадаагүй. Уг нь бэлтгэл сургуулилт сайн байсан юм. Хамгийн хэцүү нь тэр л байсан. Өөрийн мэдэлгүй нулимс гараад байдаг юм билээ. Одоо бэртэл маань сайхан эдгэсэн 100 жилийнхээ ойд зодоглохоор бэлтгэлээ сайн хийж байна.
-Та өнөөгийн бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Допингийн асуудал дээр сэтгэл эмзэглэж явдаг. Улсын наадмын үзүүр, түрүүний бөхөөс илэрнэ гэдэг бөхөөр хичээллэж буй залуучуудад буруу үлгэр дууриал болж үзэгч дэмжигчгүй болж байна. Нэг бөхийн алдаанаас болж бүгдийг хамруулдаг болсон нь өрөөсгөл ойлголт шиг санагддаг. Нөгөө талдаа бөхчүүд биднийг арай буруу талаас нь ойлгоод байдаг. Бөхчүүд бүгд тийм биш. Улсын баяр наадмаа бөхгүй төсөөлөөд үз л дээ. Эртнээс нааш өвлөгдөж ирсэн эрийн гурван наадмын нэг шүү дээ. Улсын цолыг санаснаараа авчихдаг юм биш шүү дээ. Тэр хүний цаана олон жилийн хичээл зүтгэл, хөлс хүч байгаа. Үүнийг ойлгоосой гэж боддог.
А.ДоржхандЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин