Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

М.Билэгт: Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ ярилцлага хүрээсэй, ийм юм болж байгааг тэр мэдээсэй


УИХ-ын гишүүн М.Билэгттэй илэн далангүй ярилцлаа.
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ТӨР ДАРАМТАЛЖ, ШАНТААЖИЛЖ, ДАМПУУРУУЛДАГ СОНГОДОГ ЖИШЭЭ ЭНЭ БОЛОХ НЬ
-Тантай нэр холбогддог эмнэлгийн барилгыг ХСҮТ түрээслэхээр болж, улсын төсөвт хөрөнгө мөнгө суулгасан. Гэтэл ХСҮТ-ийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү “Ачлал трейд”-ийн охин компани “Энэр мед”-ийн эмнэлгийн барилгыг түрээслэхгүй болсон тухайгаа мэдэгдсэн байна?
-Ийм л юм болоод байна. Төр хувийн хэвшлийг дарамталж, шантаажилж, дампууруулдаг сонгодог жишээ энэ болох нь.
-ХСҮТ-ийн хамт олон, захирал Ж.Чинбүрэн та нар нэлээд хэдэн жилийн өмнөөс хамтарч, бие биенээ дэмжин ажиллаж, хэл амаа ололцож байх шиг харагдсан. Гэтэл юу болов оо?
-Ж.Чинбүрэн дарга, дэд захирлууд, ХСҮТ-д ажиллаж буй туршлагатай эмч нар бүгд хавдрын өвчлөл, эмнэлгийн нөхцөл байдал ямар хүнд байгаа, 40 шахам жилийн өмнө баригдсан ганц эмнэлэг нь өвдөж зовсон иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломжгүйд хүрсэн талаар олон жил ярьж байгаа. Тэгээд 2017 оны арванхоёрдугаар сард “Энэр мед”-ийн эмнэлгийн барилгыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ХСҮТ-ийн хоёрдугаар корпус болгон ашиглая гэсэн саналыг тэднийхээс гаргасан. Үүнээс хойш уг саналыг хэрэгжүүлэхийн төлөө хоёр талаас ажиллаж буй. Барилгын ажлын явцад оролцож, хяналт тавьж, саналаа хэлж, манай компани ч түүнд нь хүндэтгэлтэй хандсаар өнгөрсөн оны тавдугаар сард барилгаа “Эмнэлгийн зориулалтаар ашиглаж болно” гэсэн дүгнэлттэйгээр улсын комисст хүлээлгэж өгөөд байна.
Эмнэлгийн барилгыг түрээслэх төсөв санхүү байхгүй учраас 2020 оны улсын төсөвт шинэ эмнэлгийн барилгад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт болон урсгал зардлыг суулгатал үл хөдлөх хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээг өнгөрсөн онд байгуулсан. Уг гэрээнд ХСҮТ эмнэлгийн барилгыг түрээсээр ашиглахад шаардлагатай хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын төсөв 2020 оны төсөвт сууж батлагдах хүртэл үнэ төлбөргүй ашиглаад, төсөв батлагдсан үеэс түрээсийн гэрээг шинэчлэн байгуулахаар заасан. 2019 оны арваннэгдүгээр сарын 13-нд улсын төсөв батлагдсан. Харин гэрээний дээрх заалт хэрэгжээгүй өнөөг хүрч байна.
Энэ барилгыг барьж эхлэхдээ л нийгэмд сайхан зүйл бүтээе, үндэсний хэмжээний асуудал болоод байгаа хавдрын өвчлөлийг эх орондоо чанартай, хямд зардлаар эмчлэх боломж бүрдүүлье гэж зорьж байсан. Тэгэхдээ өндөр хөгжилтэй орны эмнэлгийн тусламж үйлчилгээг Монголд нутагшуулах менежментийн багийг орчин үеийн тоног төхөөрөмжтэй нь авчирч хувийн эмнэлэг байгуулъя гэж бодож байсан. Гэвч зарим нэг хүчин зүйлээс болоод хавдрын өвчиндөө шаналж, зовж буй иргэдэд эрүүл мэндийн төрийн үйлчилгээг хямд, хүртээмжтэй хүргэе гэсэн Засгийн газар, салбарын яам, ХСҮТ-ийн саналыг манай компани хүндэтгэж хүлээж авсан. Миний барьсан эмнэлгийн барилга 18-19 мянган иргэнд төрийн үйлчилгээ хямдхан очих боломж бүрдүүлэх гэж байхад би юу гэж татгалзах билээ. Гэтэл үүнийхээ төлөө ийм байдалд орчихоод сууж байна даа.
-Танай компанийн барьсан барилгыг төр худалдаж авах, түрээслэх талаар нэлээд ажил өрнөж, УИХ, Засгийн газрын түвшинд их ч яригдсан санагдана?
-ХСҮТ-ийнхөн “Энэ эмнэлгийн барилгыг ашигласнаар нэгдүгээрт, амбулаторийн үзлэг хийх 12 кабинет байгуулагдана. Ингэснээр 40 шахам жилийн өмнө ашиглалтад  орсон хуучин байранд үйл ажиллагаа явуулж байгаа ХСҮТ-ийн хүчин чадал 74 хувиар нэмэгдэнэ. Тэнд очерлож байгаа иргэдийн хүлээх хугацаа 2-3 дахин буурна. Төрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд 2-3 дахин хүртээмжтэй болно. Хөдөө орон нутгаас ирээд хэдэн сараар эмчлүүлж байгаа хүмүүс ХСҮТ-ийг тойрсон жижиг буудлуудад байрлаж, зарим нь барилгын үнэ хямдыг нь харж барилгын Б1 давхарт хоног төөрүүлдэг. Түүнийгээ ч дийлэхээ болихоороо урин дулаан цагт гадаа хонодог хүмүүс ч бий. Тэр хүмүүсийг 2017 онд ашиглалтад орсон өргөтгөлийн барилгадаа хямд өртөгөөр байрлуулах боломж гарна. Химийн эмчилгээнд орох гэж өглөө ирж, орой буцдаг хүмүүс ингэж ядрахгүйгээр эмнэлэгтээ байрлаж эмчилгээ үйлчилгээгээ авах боломж бүрдэнэ. Химийн эмчилгээнд орно гэдэг зүгээр нэг эм, тариа хийлгээд гарахтай адил биш. Өдөрт хэдэн цагаар сандал дээр эгнээд сууж байдаг. Тэдний дотор нь муухай болно, толгой нь эргэнэ. Өглөө ирээд, орой ядарч зүдэрсэн амьтад буцаж байхаар эндээ байрлаад эмчилгээгээ авбал арай үр дүнтэй” гэх мэтийн зүйл ярьдаг байсан.
Ингээд эмнэлгийн барилгыг ХСҮТ-ийн хоёрдугаар корпус болгож түрээслэх шийдвэр гаргахын тулд төр, засаг тун ул суурьтай судалгаа хийсэн шүү дээ. Хувийн хэвшлийн барилгад энэ зардлыг суулгах боломж байгаа юу, энэ ер нь ямар учиртай барилга вэ гэдэг талаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг дүгнэлт гаргасан. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ажил үүргийнхээ хүрээнд ажлын хэсэгтэй хамт 2019 оны аравдугаар сард эмнэлгийн барилгад очиж ажилласан. Д.Оюунхорол гишүүн байнгын хорооны даргын хувиар өнгөрсөн оны хавраас эхлэн судалж, 2019 оны дөрөв, тавдугаар сард гадаадын хөнгөлөлттэй зээлээр орчин үеийн эмнэлгийн барилга барьж буй хоёр ч төслийг хэрэгжүүлж буй монгол талын ахлагч нараас мэдээлэл авсан. II эмнэлгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр БНСУ, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр “Экзим” банкны 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлээр барьж буй эмнэлгийн барилгын төслийг Солонгосын компаниуд консорциум болон хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан. Жилд нэг сая ам.долларыг зөвхөн зээлийн хүүнд гадаадын банканд төлөөд, 40 жилийн дараа үндсэн зээлээ төлнө. Эмнэлгийн өртөг нь 65 сая ам.доллар. Энэ мөнгө гадаадын банк руу урсаж байгаа. Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны 55 сая ам.долларын 32 жилийн хугацаатай зээлээр Австрийн компани барьж буй жишиг эмнэлэг бий. 30-40 жилийн хугацаатай зээл аваад, зээлийн хүүнд нь жилд сая сая ам.доллар гадаадын банкуудад төлнө. 30-40 жилийн дараа үндсэн зээл нь байж л байна. Түүнийг хойч ирээдүй маань төлнө. Орчин үеийн эмнэлэг барихад ийм зардал гардаг юм байна.
Энэ хоёр төсөлтэй харьцуулбал “Энэр мед” компанийн хэрэгжүүлж буй төсөл зүйрлэшгүй ашигтай. 2010 оноос хэрэгжүүлж, одоо бэлэн болсон энэ төслийг “Энэр мед” өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, нэмэлт хөрөнгө оруулалтаа Засгийн газрын дэргэдэх Хөгжлийн банкнаас ямар ч хөнгөлөлтгүй, арилжааны, ам.долларын зээлээр шийдсэн. Жилд 1.6 сая ам.долларыг зөвхөн зээлийн хүүнд төлж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын дэргэдэх Хөгжлийн банканд байгаа татвар төлөгчдийн мөнгийг жилд 1.6 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 4.5 тэрбум төгрөгөөр өсгөж өгч байна. Үр ашиг нь дотооддоо үлдэж байгаа биз. Ийм хэрэгтэй төсөл хэрэгжүүлээд, эмнэлгийн барилгаа ашиглалтад оруулчихсан, шууд үйл ажиллагаа явуулахад бэлэн болгосон байхад үүнийг ашиглах нь зүйтэй гэж шийдвэр гаргах байгууллага үзсэн.
Ингээд УИХ-аар төсөв хэлэлцэж байхад ХСҮТ-ийн хүссэн мөнгийг тавиагүй. Тухайн үед ХСҮТ-ийнхэн юу ярьж байсныг олон түмэн санаж л байгаа байлгүй. УИХ-ын гишүүд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг янз янзаар гоочилж, 18 мянган иргэнд хүлээгдэлгүй, хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэхэд 19.8 тэрбум төгрөг хэрэгтэй байна гэсээр 2020 оны төсөвт суулгуулсан шүү дээ. Ж.Чинбүрэн дарга байнгын хорооны хуралдаанд 2019 оны аравдугаар сард оролцохдоо “19.8 тэрбумын 5.9 нь эхний удаад тавилга, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт болох юм. Үлдсэн 13.9 тэрбумын 4.5 нь л улсын төсөвт суучихад болно. Бид өөрсдийнхөө нөөц боломжоор 1.5 тэрбумыг бүрдүүлнэ. Үлдсэнийг нь ЭМДС-гаас гаргана” гэж байсан. Эмнэлгийн барилгад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, тавилгын зардал гэж ХСҮТ-өөс оруулж 5.9 тэрбумаас нь УИХ нэг төгрөг ч хасахгүй суулгаж өгсөн. Тэр ч бүү хэл УИХ түүний хүссэн 4.5 тэрбумыг 2.2 тэрбумаар нэмэгдүүлж, 6.7 тэрбумыг суулгасан. Энэ удаагийн парламент хавдрын өвчинд нэрвэгдсэн иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэе гэсэн бодлогоор ХСҮТ-ийн тавьсан саналыг давуулан биелүүлж, хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн.
Гэтэл ХСҮТ-ийн хоёрдугаар корпус ашиглалтад орж, улсдаа ганц хавдрын эмнэлгийн хүчин чадал 74 хувь нэмэгдэх бүү хэл хэрүүл маргаан өрнүүлээд сууж байна. Эмнэлгийн барилгын асуудлыг л шийдчихвэл хавдрын өвчтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх гээд байна гэж гурван жил явсан, бүх зүйлийг гардаж хийсэн, ХСҮТ-д хориод жил ажиллаж, бүх бэрхшээл, асуудлаа мэддэг болсон Ж.Чинбүрэн 2019 оны арванхоёрдугаар сарын 29-нд гавьяат цолоо аваад, маргааш нь ажлаа өгсөн. Түүний сайн мэс засалч гэдэгтэй хэн ч маргахгүй. Үнэхээр топ мэс засалч. Харин ХСҮТ-ийн даргаар ажиллаж байхдаа энэ төслийг хэрэгжүүлэх гэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх гэж явсан гурван жилийн хөдөлмөр, зүтгэлээ гэнэт “мартаж” сураггүй болсонд нь гайхаж сууна. Н.Эрдэнэхүү гэдэг их сургуулийн багшийг ЭМЯ ХСҮТ-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Ж.Чинбүрэн дарга өөрөө дэргэд нь, зөвлөхөөр ажиллаж байгаа. Ямар бэрхшээл туулж өнөө хүрснээ мэдэж байгаа юм чинь, гэрээ хийхэд бэлэн болсон төслөө ажил хэрэг болгох байх гэж итгэж байлаа. Гэтэл тэгсэнгүй.
Эмнэлгийн барилга түрээслэх гэрээ хийх эрхийг ЭМЯ-наас өнгөрсөн онд ХСҮТ-ийн захиралд өгсөн. Уг бичгийг үндэслээд манай компанийнхан 2019 оны зургадугаар сараас эхэлж Ж.Чинбүрэнтэй уулзалт хийж байсан. Энэ оны нэгдүгээр сарын 4-нд манай компанийнхан шинэ даргатай уулзсан. Тэгэхэд л тэр хүн гэрээ хийх талаас биш, аль болох гацааж, хийхгүй байх тал руу ажиллаж байгаа нь  мэдрэгдсэн. Үнэхээр аж ахуйн ажил мэдэхгүй хүн байна даа гэж бодохуйц, хүлээж авахад бэрх саналууд тавьж эхэлсэн.
-Та тэр уулзалтуудад орсон юм уу. Н.Эрдэнэхүү дарга таныг “Төрийнхэн хуйвалдаж намайг дампууруулж байна” гэх зэргээр дарамталсан гэсэн байна билээ. УИХ-ын гишүүн ийм уулзалтад оролцоход эрх ашгийн зөрчил үүсэхгүй юү?
-Уулзалтад орсон. Би УИХ-ын гишүүн болж, төрийн албанд ажиллаж байхдаа энэ төслийг хэрэгжүүлээгүй. Гахай үүрч, ганзагын наймаанд явахаас эхлээд, 30 шахам жил бизнес хийж бий болгосон бүх хөрөнгөөрөө дэнчин тавьж энэ төслийг хэрэгжүүлэх гэж 2010 оноос хойш зүтгэж байна. Энэ миний бор зүрхээрээ босгосон хувийн өмч. Аль 2014 онд хувьцаа эзэмшигчдийн хурлаар М.Билэгт үүнийг захиран зарцуулж, бүх зүйлийг нь хариуцна гэсэн шийдвэр гаргаж, баталгаажуулсан. “Ачлал трейд”-ийн охин компани “Энэр мэд”-ийн дүрэмд ч үүнийгээ тусгаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Би энэ тухайгаа АТГ-т мэдэгдэж, ийм юм болоод байгаа учраас би оролцвол ашиг сонирхлын зөрчил үүсэх үү гэдгийг асуусан. Тэндээс болно гэсэн хариу өгсөн.
-Нэгдүгээр сарын 4-ний уулзалтын тухай яриа руугаа буцъя. Тэгэхэд ямар яриа өрнөв?
-Аж ахуйн ажил мэдэхгүй гэдэг нь эхний үгнээс нь мэдэгдсэн гэсэн шүү дээ. Уулзангуут л “НӨАТ тооцохгүй. НӨАТ-ын баримт өгөхгүй шүү. Харин НӨАТ-ын сугалаанд ордог бичиг өгч болно” гэсэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд л НӨАТ тооцохгүй болохоос бусад ажил, үйлчилгээнд НӨАТ тооцох ёстой шүү дээ. Энэ ч бүтэхгүй нь дээ гэж бодож байтал “Түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-нд авахаар заасныг чинь зөвшөөрөхгүй” гэж байна. “Улсын төсөвт аль хэдийн суусан мөнгө сар бүрийн 5-ны дотор орж ирдэг. Би сар бүрийн 13-нд зээлийн хүүгээ төлдөг. Наадах чинь миний зээлийн хүүгийн төлбөрт ч хүрэхгүй мөнгө хэдий ч хугацаанд нь авч баймаар байна” гэтэл бас ам хэлээ ололцдоггүй. Ингээд манайх буулт хийж “Сар дотор багтааж өгнө” гэсэн заалт оруулахаар боллоо. Тэгтэл “Түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол алданги тооцно гэсэн байна. Үүнийг хасна” гэв. Ийм заалтгүй гэрээ хаана байлаа даа. НДШ, татвараа төлөхгүй хугацаа хэтэрвэл төр алданги тооцохоор барахгүй торгууль ногдуулдаг биз дээ. Энэ чинь аж ахуйн нэгжүүдийн харилцааны хамгийн энгийн механизм. Түрээслэгч тал хэдэн сараар түрээсээ төлөхгүй алга болбол яах юм бэ. Аж ахуйн ажлын наад захын мэдлэгтэй хүн бол ийм зохицуулалт байх хэрэгтэйг ойлгоно биз дээ. Тэгээд өнгөрсөн хугацаанд юу болсныг сануулж “Гэрээ хийхэд бүх зүйл бэлэн болсон, урьдчилсан гэрээг хийчихсэн. Одоо өмнөх гэрээнийхээ заалтыг хэрэгжүүлж, түрээсийн гэрээгээ хийх ёстой. ХСҮТ-ийн захиралд гэрээ хийх эрхийг нь ЭМЯ аль эрт өгчихсөн. Та захирлын албан тушаалыг орлон гүйцэтгэж байгаа учраас гэрээнд гарын үсэг зурах эрхтэй” гэтэл “Миний нэр дээр бичиг ирсэн тохиолдолд гэрээ хийнэ” гэсэн. Ингээд ЭМЯ-наас нэгдүгээр сарын 10-нд “НӨАТ тооцох ёстой. Сар бүрийн 5-нд төрийн сангаас санхүүжилт ордог тул 10-нд түрээсийн төлбөрөө төлж болно” гээд, түрээсийн гэрээг хийж болно гэсэн бичиг Н.Эрдэнэхүүгийн нэр дээр илүүлсэн. Гэсэн ч гэрээ хийхгүй, ажил гацаах арга саам хайсаар байлаа.
-Танай эмнэлгийн барилгыг мэс заслын тасаггүй учраас түрээслэх боломжгүй гээд байгаа юм биш үү?
-Мэс заслын тасаг болгох дөрвөн өрөө тавдугаар давхарт байгаа шүү дээ. Тэнд вакумжилт хийх тухай яриа байсан. Вакумжилт гэдэг нь хаалга, агааржуулалтын систем зэрэг хагас тэрбум төгрөгт багтах ажил юм л даа.
-Танайх тэр мэс заслын тасгийн вакумжилтыг нь хийгээд өгчихвөл болчих юм биш үү?
-Гол асуудал нь мэс заслын тасгийн вакумжуулалт биш. Уг нь тоног төхөөрөмжийн зардал төсөвт хангалттай суусан. Бүр байг гэхэд үүнийг гэрээгээр зохицуулах боломжтой. Эмнэлгийн барилгыг түрээслэхээ болиод гарлаа гэхэд барилгаас салгаж авч болохгүй зүйлээ үлдээгээд, түрээсийн төлбөрөөс хасаж тооцох саналыг манайх тавьсан. Болгоё гэвэл гарц бий ч эд болгохгүй гэж зүтгээд байгаа. Манайх буулт хийгээд, нэхсэн зүйлийг нь хийлээ гэхэд асуудал шийдэгдэхгүй. Дахин нэг шалтаг гаргаж ирнэ. Би өнгөрсөн арваад жилийн хугацаанд шантаажлуулсаар хаширсан хүн, эдний яах гээд байгааг мэдэж байна. Мэдэж байгаа учраас хийж өгөхгүй гэсэн. Хэчнээн удаа элдэв шалтаг гаргаж ирж, гацаав. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард улсын төсөв батлагдахад өмнөх гэрээнийхээ заалтыг биелүүлж, түрээсийн гэрээгээ хийе гэхэд арга саам хийгээд нэг л биш байсан юм. Тэгж байтал Ж.Чинбүрэн арванхоёрдугаар сарын 29-нд гавьяатаа аваад, 30-нд ажлаа өгсөн. Дараагийн хүн нь үргэлжлүүлээд явна гэж бодтол биш болоод явчихсан. Энэ байдлаар үргэлжлүүлсээр сонгуультай золгуулах зорилготой юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
-Н.Эрдэнэхүү даргын тайлбар бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.3 дахь заалтыг дурдсан байсан. Хуульд хориглосон заалт байгаа болоод тэгээд байгаа юм биш үү?
-Огт хамааралгүй заалт барьж яриад байгаа юм. Яамнаас гэрээ хийж болно гэсэн бичиг ирсний дараа Н.Эрдэнэхүү дарга “Яам намайг энэ гэрээг хий гээд байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.3-т тайлбар өгөөч”гэсэн албан тоот Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өгсөн байсан. Тэнд юу болсныг мэдэхгүй, ямар ч байсан ташаа мэдээлэл өгсөн гэдэгт итгэлтэй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйл нь төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх тухай, 30.3 дахь заалт нь “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчийн хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно” гэсэн заалт байгаа юм. Өөрөөр хэлбэл, мэс заслын тасагт хаалга, агааржуулалтын систем суулгахад энэ заалт зөрчигдөнө гэж Н.Эрдэнэхүү дайраад байгаа. Манай компани төрийн өмчийг бэлэг, хандив, хувь хөрөнгө болгож авах гээд байгаа зүйл огт байхгүй шүү дээ. Түрээслэхээ боливол салгаж аваад явж болно, эсвэл тухайн үед нь үнийн дүнг нь тооцоод, түрээсийн төлбөрөөсөө хасахаар гэрээндээ зааж өгч болно. Ингээд хэлэхээр сонсохыг ч хүсэхгүй, зүтгээд байгаа.
Бүх хууль үйлчлэх хүрээтэй. Түүний бариад байгаа Төрийн болон орон нутгийн тухай хуулийн үйлчлэх хүрээг зааж өгсөн 2.2 дахь заалтад “Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсөв захиран зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад үйлчлэхгүй” гэж байгаа. Гэтэл ХСҮТ, манай компанийн хоорондох асуудал улсын төсөв захиран зарцуулахтай холбоотой. Бидний харилцааг зохицуулахад үйлчлэхгүй, хамааралгүй хуулийн заалт барьчихаад суугаад байгаа нь тодорхой байгаа биз дээ. Уг нь төсвийг Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зарцуулах ёстой. Гэтэл огт хамааралгүй хууль яриад УИХ-аас баталсан төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байна.
-ХСҮТ-өөс эмнэлгийн барилга түрээслэх тендер зарласан байсан. Танайх түүнд нь оролцохгүй яасан юм бэ?
-“Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас авсан тайлбарын дагуу нээлттэй тендер зарлахаар боллоо” гэсэн бичиг нэгдүгээр сарын 17-нд ирүүлсэн. Тэгэхээр нь “Манайх тендерт оролцохгүй. 2019 оны тавдугаар сард барилгаа эмнэлгийн зориулалтаар ашиглаж болно гэсэн дүгнэлттэйгээр улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш өнөөдрийг (нэгдүгээр сар) хүртэл зөвхөн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн зээлийн хүүгийн зардал, ашиглалд л гэхэд гурван тэрбум гаруй төгрөгийн алдагдал, эрсдэлийг хувийн хэвшил үүрээд, хүлээж байгаа. Наад тендерийг чинь зарлах бэлтгэлийг хангах гэж нэг сар, зарлаад нээтэл бас нэг сар, нээсний дараа шалгаруулах гэсээр бас нэг сар болно. Ингэсээр байтал сонгууль хүргэнэ. Тэгээд надад бас нэг нэр, хоёр хоч болгох юм байна. Тиймээс наад тендерт чинь оролцохгүй” гэсэн.
ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ШАНТААЖТАЙ ТУЛГАРАХ ТООЛОНДОО МОНГОЛЫН ТӨР ИНГЭТЛЭЭ ЯЛЗРАХ ГЭЖ ДЭЭ ГЭЖ БОДОЖ БУХИМДДАГ
-“Эмнэлгийн барилгаа ХСҮТ-д түрээсээр ашиглуулъя гэсэн зөвшилцөл саналаасаа бүр мөсөн татгалзлаа” гэсэн бичиг яагаад хүргүүлсэн юм бэ?
-Аль болох гацаах, ажил явуулахгүй байх арга саам хайгаад байхаар нь тайлбараа тавиад хамтран ажиллахаар ярилцаж байсан зөвшилцлөөсөө татгалзлаа гэсэн. Гэхдээ би өнгөрсөн онд хийсэн гэрээнээсээ татгалзаагүй шүү. Үүнээс хойш нэг хэсэг таг байж байгаад гуравдугаар сарын 2-нд “Хоёр удаа тендер зарлалаа. Нэг ч санал ирсэнгүй. Тиймээс одоо Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.1-д заасны дагуу шууд гэрээ хийх нөхцөл бүрдлээ. Ийм ийм учраас гэрээ хийхийг зөвшөөрч байна” гэсэн бичиг ирсэн.
Ингээд гуравдугаар сарын 4-нд ХСҮТ дээр дахиж уулзсан. Тэгэхэд би “Гэрээгээ хийх байлгүй дээ, одоо дахиж гаргаж ирж гацаах юм байхгүй байх. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.3 гэдэг нь энэ процесст ямар ч хамааралгүй заалт гэдгийг ойлгоо байлгүй” гэж бодож очсон. Гэтэл нөгөө тал “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.3-т зааснаар манайх мэс заслын дөрвөн өрөөг тохижуулж болохгүй нь. Танайх үүнийг тохижуулж өг” гэдгээ дахин ярьж гацаагаад, үг хэлээ ололцдоггүй дээ. “Үүнийг манайх зөвшөөрөхгүй. Манайх эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой барилга түрээслүүлэх үүрэг хүлээсэн. Эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой барилга гэдэгт заавал мэс заслын өрөөны вакумжилтыг хийсэн байх ёстой гэсэн шаардлага байхгүй. Мэс засал хийдэг байгууллага нь өөрийнхөө стандартад таарсан вакумжилтаа хийх ёстой. Манайх эмнэлгийн барилгын далд монтаж, бактерийн эсрэг хана, дэлхийн топ брэндийн эмнэлгийн зориулалттай шал, Монголд өөр байхгүй хийн хоолой гээд өндөр технологийн барилга барьсан. ХСҮТ-ийнхэн оны өмнө төсвөө батлуулж байхдаа тоног төхөөрөмжөө авах, мэс заслын 4-5 тасаг тохижуулахаа өөрсдөө мэдэж, ярьж байгаад бүх зардлаа төсөвт хангалттай суулгуулсан. Тэгээд бүх нөхцөл бүрдэж, бэлэн болсноос хойш бүтэн 3-4 сар ямар ч шалтгаангүйгээр хойшлуулж байгаад одоо ийм юм ярьж байгаа нь ажлыг аль болох гацаах гэсэн шантааж байна” гэж хэлсэн. Тэгэхэд тэдний тавьж байгаа үндэслэл, гацааж байгаа шалтгааныг сонсоод би үнэхээр багтарсан. Тэгээд “Энэ төслийг 2010 оноос хойш хэрэгжүүлэх гэж зүтгэхдээ дандаа төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэнэ гэсэн албан тушаалтнуудын шантаажинд өртөж ирлээ. Энэ олон жилд ямар их бэрхшээл туулав. Би юунд гомдож, цухалдаж, хоолой зангирч, нулимс гардаг гэж санана. Ард иргэдэд ийм хэрэгтэй төсөл хувийн хэвшил хэрэгжүүлж, хэний ч зориглож барьж аваагүй юмыг хийж байхад төрийн албан тушаалтнууд ингэж гацааж байгааг харах тоолонд Монголын төр ингэтлээ ялзрах гэж дээ гэж бодож бухимддаг. Тийм ч учраас би хувийн хэвшилд ажиллаж, амь амжиргаагаа залгуулж байгаа иргэдийн дуу хоолой болох гэж би УИХ-д гарна, шийдвэр гаргах түвшинд ажиллана гэж зүтгэсэн. Та нарын ингэж гацааж байгаагийн ард хавдрын өвчиндөө шаналж буй мянга мянган иргэн хохирч байгаа. Эмчлүүлэх боломжтой нэг нь боломжоо алдаж, нэгэнт хожимдсон нэг нь эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй бурхан болж байгаа шүү. Үүнийг бодох сэтгэл алга уу. Та нарын өөрсдийн чинь ирүүлсэн бичигт энэ барилгыг ашигласнаар эмнэлгийн хүртээмж 74 хувь нэмэгдэнэ гэж байгаа. Ганц хоногийн өмнө, ганц сарын өмнө иргэдэд энэ боломжийг олгоё гэж та нар бодохгүй байна уу. УИХ төсвийг чинь баталж, салбарын яам чинь гэрээ байгуул гээд эрхийг чинь өгчихлөө. Яагаад та нар ингэж байгаа юм бэ” гэж хэлээд уйлсан гээд л бодчих. Иймд нь тулгаж байна шүү дээ.
Би УИХ-ын гишүүн гэдэг нэрэнд хүлэгдээд л олон юм ярихгүй байгаагаас биш зээлийн хүү өдөр, хоногоор гүйгээд, компанид хүнд л байгаа шүү дээ. Ашиглалтад орсноос хойш ХСҮТ-д түрээслүүлнэ гэж хүлээх хоорондоо зээлийн хүү, урсгал зардалд л гэхэд дөрвөн тэрбум гаруй төгрөгийн алдагдал компани хүлээчихээд байгаа.
-ХСҮТ гэрээ хийхгүй гэдгээ хэзээ мэдэгдсэн бэ?
-Гуравдугаар сарын 16-нд “Дөрвөн мэс заслын өрөө хийхгүй гэсэн учраас танай эмнэлгийн барилгыг түрээсэлж ашиглах гэрээ байгуулахгүй болсныг мэдэгдье” гэсэн бичиг ирүүлсэн. Ингэхдээ  нөгөө л Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.3 заалтыг үндэслэсэн байна билээ.
-Та бүхний хоорондох маргааныг таслах салбарын мэргэжлийн хүмүүс бий биз дээ. ЭМЯ-нд Хуулийн хэлтэс гэж бий?
-ЭМЯ-ны Хуулийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын газар “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, тэр тусмаа 30.3 дахь заалт гэрээ хийхэд хамаарахгүй” гэж хэлсэн юм билээ. Нөгөөх нь тэднийхээ үгийг сонсдоггүй гэсэн. Аргаа бараад манай компани Үндэсний аудитын газарт хандсан. Үндэсний аудитын газар бол улсын төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж уу, үгүй юү гэдэгт хяналт тавьж, дүгнэлт гаргадаг газар. Тэдний Хууль эрхзүйн нийцэл гэдэг газарт хандаж 30.3-аар зөвлөмж тайлбар өгөөч гэхэд “Улсын төсөв болон орон нутгийн төсвийг захиран зарцуулахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, тэр тусмаа 30.3 дахь заалт үйлчлэхгүй. Харин Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулах ёстой” гэсэн.
-Яагаад ингэж дөргүй бух шиг зүтгээд байна гэж бодож байна?
-Би ерөөсөө ойлгохоо больсон. Үүний ард иргэд хохирч байгааг л мэдэж байна. Хавдартай иргэд татвар төлөгчдийн мөнгөөр төрийн үйлчилгээг эрхтэй гэж хуульд заасан хэрнээ тэр үйлчилгээгээ төр хүргэж чадахгүй байгаа нь үнэн. Тэгээд нөхцөл боломжийг нь сайжруулах боломж байхад ингээд байгаа нь ямар учиртайг тэд өөрсдөө л мэдэх байх.
-Өндөр хүүтэй, ам.долларын зээл авсан тухайгаа ярьж байсан. Ингээд хүлээгээд байхаар танай компанийн алдагдал улам нэмэгдэнэ шүү дээ. Цаашид яах төлөвлөгөөтэй байна вэ?
-Хором бүрт алдагдалд орж байгаа. Зээлийн хүүгийн төлбөр сар бүр 135 мянган ам.доллар төлдөг. Дээр нь дулаан цахилгаан, ашиглалтын зардал нэмэгдэнэ. Гуравдугаар сарын эхээр ХСҮТ-д бичиг өгөхдөө тооцоход 3.6 тэрбумын алдагдал үүрсэн гэсэн тооцоо гарсан. Одоо дөрвөн тэрбум болчихсон байгаа. Манайх жилд Засгийн газрын дэргэдэх Хөгжлийн банканд 1.6 сая ам.доллар буюу дөрвөн тэрбум гаруй төгрөг төлдөг. Ам.долларын ханш чангарах тусам төлөх төгрөгийн дүн нэмэгдэнэ. ХСҮТ-д барилгаа түрээслүүллээ гэхэд түрээсийн төлбөрт авах 3.7 тэрбум төгрөгөөс надад юу ч үлдэхгүй, зээлийн хүүнд ч хүрэхгүй шүү дээ. Анх түрээслэх талаар ярьж байхад би ам.долларын зээлтэй тул түрээсийн төлбөрөө ам.доллароор авна гэхэд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Төгрөгөөр тооцчих” гэж гуйсан. Тэгээд төгрөгөөр тооцохоор болсон. Үнэндээ бизнесийн байгууллагын хувьд хийхээргүй алхмуудыг би энд хийсэн. Улсад хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлтэд УИХ, Засгийн газар хүрч, хавдрын өвчиндөө шаналсан хүмүүст төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгодоо эмнэлгийн барилгыг ашиглая гэсэн болохоор, тэр нь энэ төслийг эхлүүлэхдээ тавьсан зорилготой минь нийцсэн болохоор тэр шүү дээ.
-Барилгаа түрээсэллээ гэхэд тэр мөнгө зээлийн хүүгийн төлбөрөөс ч бага гэлээ. Тэгэхээр үндсэн төлбөр, хүүгийн зөрүүг яаж төлнө гэж тооцож байсан бэ?
-Бизнесийнхээ бусад эх үүсвэрээс яаж ийгээд зохицуулна гэж тооцсон.
-Бизнесийн байгууллага ийм ашиггүй байх алхам хийсэн гэдэгт итгэж өгөхгүй юм?
-Ашиг харахад учир бий. Би зах зээл эхэлсэн үеэс бор зүрхээрээ зүтгэж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн туулдаг саад бэрхшээлийг бүгдийг туулж, ажил олгогч болтолоо хөгжиж дэвжиж, жаахан хуримтлалтай болсон. Хурдан ашиг олохыг бодсон бол 2010 онд эмнэлгийн барилга биш, орон сууц барих байлаа. Орон сууц, оффис, үйлчилгээний барилга бол манай компанийн чаддаг, мэддэг ажил. Хавдрын эмнэлгийг тойрсон хоосон газрууд бүгд орон сууцны барилгаар дүүрчихсэн, ХСҮТ өөрийн эзэмшлийн газартаа ч орон сууц барьчихсан шүү дээ. Тэнд манайх орон сууц барихад болохгүй гэх хүн нэг ч байхгүй. Тэр үед ам.доллар 1200 төгрөг байсан. Би орон сууц барьсан бол өдийд өчнөөн хороолол барьж, борлуулаад, зөндөө ашиг олчих байсан. Би хурдан ашиг олъё гэж бодоогүй. Хавдрын өвчиндөө шаналсан иргэдийг буух эзэнгүй, буцах хаяггүй газар руу, өндөр хөгжилтэй орны эмчилгээ оношилгоог авна гээд, манайхаас ямар ч байсан илүү гэсэн итгэлээр явахыг олонтаа харж, сэтгэл өвдөж байсан учраас тэнд авдаг үйлчилгээгээ эх орондоо авах боломжийг бүрдүүлчих юм сан гэж бодсон. Би эрүүл мэндийн салбар яаж уналтанд орчихсон, ямар хүнд байгааг мэддэг, иргэд орчин үеийн өндөр хөгжилтэй орны үйлчилгээг энэ салбараас авах аргагүй болчихсоныг нүдээр харж, биеэр мэдэрч байсан учраас ийм төсөл хэрэгжүүлэхээр зүтгэсэн. Иргэд ингэж гадагшаа явж байхаар тийшээ явах замынхаа зардлаар эх орондоо энэ үйлчилгээг авдаг болоосой гэж бодсон.
Хүнд тийм ч их юм хэрэггүй. Бий болгосон хуримтлалаа хадгаламжинд хийчихээд, хүүгээр нь өсгөөд сууж болно. Түүн шиг зовлонгүй, санаа зовох юмгүй, амар арга хаа байх вэ. Гэхдээ мөнгөтэй хэрнээ мөрөөдөлгүй байснаас мөнгөгүй хэрнээ мөрөөдөлтэй байх нь дээр гэж би боддог. Би хуримтлалтай болох тусмаа нийгмийн салбарт сайхан зүйл бүтээх сэн, олон түмэнд хэрэгтэй юм хийх сэн, өгсөн авсандаа өлзийтэй байх сан гэж мөрөөддөг хүн. Тийм ч учраас ганзага хийж, гахай үүрээд жаахан хуримтлалтай болонгуутаа хэдэн ганзагын наймаачдаа гадаадын хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг худалдаачид шиг тохилог орчинд ажиллах боломж бүрдүүлэхийг зорьсон. Ганзагын наймаа хийж явахдаа гадаадын жижиглэн худалдаа эрхлэгчид их тохилог орчинд ажилладгийг харж, тийм байхыг мөрөөддөг байлаа. Манай жижиг лангуу түрээслэгчид лангууныхаа ард ямар ч хамаагүй үрчгэр даавуу өлгөж, тор татаад, тэндээсээ гинж унжуулж бараагаа дэлгэдэг байв шүү дээ.
“Тунгалаг Тамир” киноны Итгэлт баяны хэлдгээр хэдэн жил Туулын мөсийг долоох шахам явж, шөнө, өдөргүй хөдөлмөрлөж байж цуглуулсан хэдэн төгрөгөө бариад мөрөөдлөө биeлүүлэхээр зориглосон. Жижиг бизнeс эрхлэгчид, үйлчлүүлэгчдэд тухтай, тохилог орчин санал болгосон анхны хувийн их дэлгүүр нь манай “Ачлал” шүү дээ. Тухайн үедээ хамгийн сүүлийн үеийн тохижилттой өнгөлөг дэлгүүр нь байлаа. Түүнээс хойш орон сууц, оффис, үйлчилгээний барилга барьж, овоо хуримтлалтай болонгуутаа иргэдийг эх орондоо эмчлүүлдэг болгох, өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монголдоо нутагшуулах ажлыг хийе гэж зорьсон нь энэ. Өвчнөө эмчлүүлж, амь аврагдахын тулд байгаа бүхнээ, орох орон, унах унаагаа хүртэл зарж гадаадыг зорьж байгаа иргэд тэнд очоод ямар зүйл туулдгийг хэн ч сонирхдоггүй шүү дээ. Тэд хоноглох газар, идэх хоолноос эхлээд бүгд том асуудал болдог. Эх орондоо эмчлүүлбэл ачаа нь сэвхийтэл хөнгөрнө. Ингэж л бодсон. Зорьсон зорилгоосоо буцахгүй, шантрахгүй, нийгэмд, ард түмэнд хэрэгтэй зүйл хийе гэсэн мөрөөдлийнхөө төлөө зүтгэж явна.
Үүнээсээ буцахгүй явсны хүчинд тэнгэр бурхны авралаар ямар ч байсан эхний 120 ортой, 11 мянган ам метр талбайтай эмнэлгийн барилгаа ашиглалтад оруулсан. Одоо эмч нар сайхан орчинд ажиллах, өвчтөнүүд сайхан орчинд үйлчилгээ авах боломж бүрдсэн. Монголд өнөөдөр хийн таван системтэй эмнэлэг манайхаас өөр байхгүй. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн хамаг ажил энэ хийн системээр явна шүү дээ. Анх ярьж байсан япончууд “20 мянган ам метрээс дээш талбайтай байж эмнэлгийн барилгын цогцолбор болно. Ийм талбайтай барилгад менежментийн баг, тоног төхөөрөмжтэйгөө ирж, хямд өртөгөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. 10 мянган ам метр талбайтай байранд тийм боломж бүрдэхгүй” гэсэн. Би япончуудаар төлөвлүүлсэн зураг төслөөрөө барилгаа барих юм бол ёстой янзтай юм хийх юм байна гээд хорхой хүрчихсэн. Тэгээд залгаа газрыг нь авч, 23 мянган ам метр талбайтай хоёрдугаар блокыг нь барьж эхэлсэн. Хоёрдугаар блок маань 2021 онд ашиглалтад орох ёстой байсан ч коронавирус, бас бус шалтгаанаар жаахан хойшилж таарах нь. Гэсэн ч ямар ч байсан 33 мянган ам метр талбайтай орчин үеийн эмнэлгийн барилгын цогцолбор босоод ирлээ. Үүнээс илүү яах юм бэ. Саалиа бэлдэхээр саваа бэлд. Манай чадалтай эмч нар өндөр хөгжилтэй орны чадал чансаатай эмч нартай харилцдаг бол тэднийгээ оруулаад ир л дээ. Өндөр хөгжилтэй орны эмнэлгийн стандарт, үйлчилгээг нутагшуулъя л даа. Энэ нэг хүнд гэхээсээ нийт монголчуудад хэрэгтэй шүү дээ. Манайд олон улсад салбартай зочид буудал, дэлгүүр, оффисууд байна, эмнэлэг л алга.
“ӨНӨӨДӨР БИШ ГЭХЭД ИРЭЭДҮЙД ОЛОН ТҮМЭНД ХЭРЭГ БОЛНО” ГЭЖ БОДОЖ, ҮҮГЭЭРЭЭ ЭНЭ ИХ БУХИМДАЛ, ЭРСДЭЛЭЭ ЦАГААТГАЖ БАЙНА
-Эмнэлгийн барилгатай холбоотой таны туулж буй бэрхшээл, адал явдал ганц энэ биш. Баригдах хүртлээ бас багагүй саадыг давсан байх шүү?
-Өө тэгсэн. Энэ төслийг хэрэгжүүлэх гэж 2010 оноос хойш хэчнээн их бэрхшээлийг туулав. Хэдэн шантаажчинтай нүүр тулж, тэднийг давж гарах гэж шүүх, төрийн байгууллагын шантаажид өртөв. Анх 2010 онд орон сууц барихаар суурь тавьсан газар худалдаж авсан. Уг нь гавьяат эмч Сандуйжав гуай эмнэлгийн зориулалтаар газар авсан ч хөрөнгө оруулсан хүн нь хулхидаад орон сууц барих гэж байсан юм билээ. Тэгээд Сандуйжав эмч газрыг зориулалтынх нь дагуу ашиглаж, эмнэлэг л барих хүнтэй холбогдмоор байна гэж явахад нь таарч, газрыг нь авсан. Тэгтэл тэнд ойрхон байдаг шүүгчдийн байрны оршин суугчид эмнэлэг бариулахгүй гэж шүүхэд өгч, 2014-2016 он хүртэл гурван жил шүүхийн маргаан үргэлжилсэн. Тэр хооронд бидэнтэй хамтран ажиллаж, менежментийн баг, тоног төхөөрөмжтэйгээ ирж ажиллана гэж ярилцаж байсан япончуудын итгэл суларч, энэ ажил бүтэх, эсэхэд эргэлзэж эхэлсэн. Аргагүй шүү дээ. Гурван жил гэдэг ямар урт хугацаа билээ. Ингээд 2016 оны сүүлчээр манайх ямар нэг хууль зөрчөөгүй байна гэдэг нь шүүхээр нотлогдсон. 2017 оны долдугаар сараас төслөө үргэлжлүүлэх захиргааны шийдвэрүүдээ авч, хөрөнгө оруулалтын санхүүжилтээ хөөцөлдөж, 2017 оны аравдугаар сараас ажлаа үргэлжлүүлсэн. Ингээд ажил яваад эхлэнгүүт өмнө нь хамтарч ажиллахаар ярилцаж байсан япончуудтайгаа харицаагаа сэргээж, зөвшөөрлөө авч, ажил эхэлсэн гэдгээ мэдэгдээд явж байсан. Гадаад, дотоодын бусад хувийн хэвшлийнхнээс орчин үеийн стандарт хангасан эмнэлгийн барилгад үйл ажиллагаа явуулах захиалгын саналыг нь аваад эхэлсэн. Гэтэл ХСҮТ-ээс “Эмнэлгийнхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, эмч нар тохилог орчинд ажиллах, эрүүл мэндийн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэхэд эмнэлгийн барилга хэрэгтэй байна, танай компанийн барьж буй барилга бидэнд хэрэгтэй байна. Манайх хоёрдугаар корпусаа болгож ашиглая. Ийм үр дүнтэй байхаар байна. Манай эмнэлгийн барилга шаардлага хангахаа больсон. ХСҮТ-ийн одоо ашиглаж байгаа мэс заслын дөрвөн өрөөг ашиглаж болохгүй гэж мэргэжлийн хяналтын байцаагчид байнга анхааруулдаг” гэцгээсэн. 2017 онд Ерөнхий сайд, УИХ-д бичсэн бичигт нь ч энэ нь байгаа. Энэ чиглэлийн хамгийн нэр хүндтэй, туршлагатай мэргэжилтнүүдийн хэлсэн үгэнд би итгэхгүй гээд яах юм бэ. Манай компани өөрсдөө хувийн эмнэлэг байгуулсан бол “УИХ-ын гишүүн М.Билэгт хувийн эмнэлэг байгууллаа, хавдрын өвчтэй хүмүүсээр бизнес хийлээ” гээд л гөвж өгнө шүү дээ. Тэр талаас нь ч бодсон, хавдрын өвчтэй хүмүүст төрийн үйлчилгээ хямд, хүртээмжтэй очих талаас нь ч бодсон ХСҮТ-д эмнэлгийн барилгаа ашиглуулах нь зөв алхам гэж үзсэн.
Ийм алдагдалтай, асуудалтай ажил хийчихээд өнөөдөр юугаар сэтгэлээ амар байлгаж байгаа гэж бодно. “Монгол хүнээ эрүүл, урт наслуулахын тулд энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр биш гэхэд ирээдүйд олон түмэнд хэрэг болно” гэж бодож, үүгээрээ энэ их бухимдал, эрсдэл алдагдлаа цагаатгаж байна.
-Таныг гадаад, дотоодын хувийн хэвшлийнхнээс санал авах яриа хэлэлцээ хийж байхад ХСҮТ гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг болсон гэж ойлголоо?
-Тэгсэн шүү дээ. 2017 оноос эхлээд хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах яриа хэлэлцээгээ хийгээд, бэлтгэлийг нь хангуулаад явж байсан бол 2019 оны тавдугаар сард улсын комисст өгөөд, зургадуугаар сараас нь эмнэлэг нээгдээд ажиллах байсан. Тэр боломжийг маань тэд хаасан.
-Төрийн албаныхны шантааж гэж та олон удаа хэллээ. Ийм зүйл байдгийг юм хийж үзсэн хүн бүр мэднэ. Гэхдээ УИХ-ын гишүүн ингэж ярихаар сонин байна?
-Би 1990 оноос хойш бизнес хийхдээ төрийн албаны шантаажин дундуур туулж л өнөөг хүрсэн шүү дээ. Хувийн хэвшлийнхэн том төсөл санаачлаад хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж, газар авах, зураг төслөө боловсруулах, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх бүх зөвшөөрлөө аваад, суурийг нь хийгээд найдвартай болсон гэж үзсэн үед арилжааны банкнаас зээл өгдөг. Зээл аваад буцах замгүй болсон үед нь шантаажчид шаваад ирдэг, нууц биш шүү дээ. Эмнэлгийн барилгын тухайд 2014-2016 онд шүүхийнхний шантаажид өртсөн. 179 шүүгч амьдарч байгаа орон сууцны дэргэд хавдрын эмнэлэг барьж зүрхэлдэг М.Билэгтэд шүүгчид яадгийг харуулна гээд хамаг ажлыг минь гурван жил зогсоож байлаа. Би тэр үед хүүхдүүддээ “Энэ гэр бүлийн компанийг үргэлжлүүлэн авч яваад ашиг орлого олж амьдарна гэж бодох аргагүй болох шиг боллоо. Энэ асуудал шүүх дээр хэдэн жил болно. Та нарыг гадаадад боловсрол эзэмшүүлсэн. Орон сууцтай болгосон. Компанийн нэр дээр байгаа орон сууцыг чинь нэр дээр чинь шилжүүлж өгье. Цаашид амьдралаа өөрсдөө авч явна гэж бодоорой” гэж хэлж байлаа.
Тэр үеийн шантаажин дунд янз янзын юм яригдсан. Эмнэлгийн барилгаа түүнд худалдчих, энэ хөрөнгө оруулагчийг авчих гэнэ. Тэр тоолонд би “Үгүй. Өндөр хөгжилтэй орны стандартыг хангах барилга барьчихаад, менежментийн багийг тоног төхөөрөмжтэй нь оруулж ирнэ. Би зорилгынхоо төлөө явна. Буцаж, бууж өгөхгүй” гэж зүтгэж, нуруун дээр ирсэн бүх эрсдэлийг үүрсээр явсан. Дандаа төрийн албан хаагчид гацааж байсан.
2017 онд ажил эхлээд явахад бас л төрийн албан хаагчид ажил гацаах оролдлого гаргасаар байсан. Хэдийгээр ямар нэг хөнгөлөлтгүй, арилжааны банкны хүүтэй адил хүүтэй, ам.долларын зээл авсан хэдий ч санхүүжилтийг маань цаг тухайд нь өгөхгүй зовоосон. Тэгэхэд би аргаа бараад Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдад учирласан. Ерөнхий сайд “Энэ үнэхээр хэрэгтэй төсөл байна. Энэ хүн барьцаагаа тавьж арилжааны зээл аваад хүүгээ төлөөд явж байгаа юм байна. Хууль журам зөрчсөн юм байхгүй юм бол хөрөнгө оруулалтын зээлийнх нь санхүүжилтийг цаг хугацаанд нь олгож, ажлыг нь явуулах хэрэгтэй” гэж хэлж, дэмжсэн шүү. У.Хүрэлсүх сайд ард түмэнд хэрэгтэй зүйл дээр үнэхээр зоригтой шийдвэр гаргадаг хүн. Түүнд нь би итгэдэг. Тэглээ гээд юм л бол очиж гоншигноод явах хүмүүжил, ёс зүй надад байхгүй учраас дахиж уулзаагүй. Нөгөө төсөл маань ингээд гацсаныг мэдээгүй яваа. Би өнөөдөр л энэ тухай ам нээж, ингэж дэлгэрэнгүй ярьж байна.
Харин энэ ярилцлагаас ийм нөхцөл байдал бий болсон талаарх мэдээллийг Ерөнхий сайд авах болов уу, аваасай гэж бодож байна. Тэгвэл бас ямар нэг шийдвэр гаргаж, үг хэлж магадгүй.
-Таныг Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй, хүүгүй шахам зээл авсан гэж ойлгох хүн цөөнгүй байдаг?
-Хөгжлийн банкнаас гарсан зээлүүд чинь дотроо олон янз шүү дээ. Муур, нохойны хоол үйлдвэрлэнэ гээд 10 жилийн хугацаатай, төгрөгийн зээл авсан хүн бий. Ер нь бялуу хүртсэн гээд байгаа хүмүүс бол Хөгжлийн банкнаас төгрөгөөр, 5-7 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан. 150 тэрбум төгрөг зээлсэн хүн арван жилийн дараа зээлээ тэр дүнгээрээ, төгрөгөөр төлнө. “Самуурай”, “Чингис” бонд ам.доллароор эргэн төлөгдөнө. 150 тэрбум төгрөг гэдэг нь тухайн үеийн ханшаар 100 сая ам.доллар гэж бодоход арван жилийн дараа 100 сая ам.доллар 300 тэрбум төгрөгтэй тэнцэхээр байсан ч төгрөгийн зээл авсан хүн 150 тэрбумаа л төлнө. Бондын төлбөрийг ам.доллароор хийх учраас ханшийн зөрүү болох 150 тэрбум татвар төлөгчдийн халааснаас гарна. Минийх бол ийм зээл биш. Арилжааны банкнаас ч өндөр буюу 10.8 хувийн хүүтэй ам.долларын зээл. Хэнд ч ямар ч хохиролгүйгээр барахгүй Хөгжлийн банкны мөнгийг жилд 1.62 сая ам.доллароор өсгөж өгч байгаа.
Би бялуу хүртэгч биш. Улс цааш нь ам.доллароор төлөх мөнгийг би төгрөгөөр авъя гэж хэлэх ёс зүй надад байхгүй. Анх ТЭЗҮ хийж байхад манай төсөл 23 сая ам.долларт багтана гэж тооцсон. Тэр үед 23 сая ам.доллар 30 хүрэхгүй тэрбум төгрөгтэй тэнцэж байлаа. Одоо 23 сая ам.доллар 65 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа. Ам.долларын зээл ханшийн зөрүүгээр ингэж өсдөгийг би мэддэг учраас яаж ам.долларын эх үүсвэртэй зээлийг төгрөгөөр авах вэ дээ.
-Улс төрд байх танд ямар санагдаж байна. Улс төрд байснаас бизнесээ үргэлжлүүлсэн нь дээр биш үү?
-Төрийн үйлчилгээг иргэдэд зөв хүргэдэг болгохын тулд, тангараг өргөсөн албан хаагчдын үйл хандлагыг зөв болгохын тулд, УИХ-аар батлагдаж байгаа хууль, тогтоолд ард иргэдийн эрх ашгийг хамгаалах заалт оруулахын төлөө, тэдний төлөөлөл болохын тулд би энд байгаа. Хөдөлмөр эрхлэх насны иргэдийн 90 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Би ийм амьдралыг биеэрээ туулж ирсэн, одоо ч туулсаар байгаа, амьдрал ахуй, асуудал бэрхшээл бүхнийг нь мэддэгийн хувьд би тэдний дуу хоолой болох ёстой. Төрд байгаа, төрийн мөнгөөр хөрөнгөжсөн хүмүүс энэ зовлон бэрхшээлийг мэдэхгүй шүү дээ. Дээр нь ах дүү, хамаатан садан, үр хүүхдээ бүгдийг нь төрөөр дамжуулчихсан хүмүүс хувийн хэвшлийнхний энэ зовлон бэрхшээлийг мэдэхгүй. Хувийн хэвшилд ажиллаж, мөнчгөрөөрөө энэ замыг туулсан, жирийн иргэдийн зовлон бэрхшээлийг мэдэж, ойлгох хүн, төрөөр дамжсан хүн хоёр өдөр шөнө шиг ялгаатай. Тиймээс би хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 90 хувийг төлөөлж, тэдний дуу хоолой болох хүн УИХ-д байх ёстой гэж боддог. Тийм ч учраас өнгөрсөн дөрвөн жилд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах боломж олдох бүрт үг хэлж, дуу хоолойгоо хүргэхийн тулд хичээж ажилласан. Хамгийн олон удаа үг хэлсэн гишүүнээр ч  шалгарч байлаа шүү дээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ