Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эмнэлэг бариад ч эмчилдэггүй, Нисэх бариад ч нисдэггүй...

Ерөнхий сайд У.Хүрэлсүх баахан хүн дагуулж очоод нээлтийн тууз хайчилдаг, тэгээд хаадаг болж дээ. Япон-Монгол сургалтын эмнэлэг, Хөшгийн хөндийн нисэх буудал, Нефтийн үйлдвэр, Дарханы зам, Цэвэрлэх байгууламж... юу юу ч билээ. Одоо тэгээд ажилд орсон нь хаана байна. Япон стандартын эмнэлэг ашиглалтад ороод ажиллаад сүйд болж байгааг бид мэдэхгүй суугаа юм уу. Хөшгийн хөндийд Олон улсын онгоцууд бууж нисч гоё байгааг харахгүй сууна уу. Нефьтийн үйлдвэр Зүүнбаянд ашиглалтад орчихсон, бензин 1000 төгрөгөөр буучихсаныг анзаарахгүй яваа юм уу. Хотоос баруун тийш гарахаар үмхий үнэр надад л ганцхан үнэртээд байна уу... 
Энэ бүгдийн хариуг шулуухан хэлье. Хувааж идэх гэсэн бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл энэ бүх бүтээн байгуулалтуудыг гацааж байна. Хэн нь илүү идэх вэ гэдэг дээр ойлголцохгүй байгаагаас болж эдгээр том бүтээн байгуулалтууд явахгүй байгаа нь үнэн. Төрөөс олон жил идэж сурчихсан өлсгөлөн хүмүүсээсээ бид салж чадахгүй байна шүү дээ. Хамгийн сүүлийн жишээ Монгол-Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа зогсож, хаалгаа барихад хүрсэн байдал. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан энэ эмнэлэг Монголын хувьд их сургуулийн анхны нэгдсэн цогцолбор буюу кампус юм. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор өдөртөө амбулаториор 600, жилд 192 мянган хүнд үйлчлэхээс гадна хэвтэн эмчлүүлэхээр 4300 орчим хүнд үйлчилж, ойролцоогоор 2300 орчим мэс засал, 10 гаруй мянган дүрс оношилгооны ажилбарыг гүйцэтгэх юм байна лээ. Орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, технологиор бүрэн тоноглогдсон, эмчилгээний 104 ортой эмнэлэг. Монголд эмчлэгдэх боломжгүй 26 өвчнийг эмчлэх боломжтой. АШУҮИС-ийг төгсөж буй эмч нарт мэргэжил дээшлүүлэх сургалтын том бааз болох энэ эмнэлгээс бүлэглэлүүд нүдээ салгаж чадсангүй. Энэ олон жил идсэн хүмүүс ганц эмнэлгийг хажуугаараа өнгөрөөчихөж уг нь болно доо.
Хамгийн сүүлийн мэдээл­лээр бол “Өнөөдөр зүрхний цахилгаан бичлэгийн цаасгүй. Дурангийн тасаг нь хаагдсан. Маргаашаас лабораторио хаана. Дараа долоо хоногоос бүгдээрээ хаагдана” гэсэн үгтэй эмнэлгийн ажилтнууд нь сууж байна. Ингэж хаалгаа барихдаа тулсан шалтгаан нь Монгол Улсын Засгийн газар өөрийн үүргээ биелүүлээгүй, төсөв мөнгөний гацаанд оруулснаас эхтэй. Монголын ард түмний маш удаан хүлээсэн, япончуудын бэлэглэсэн эмнэлгийн цогцолбороо хаалгахгүйн тулд АШУҮИС-ийн багш, ажилчид, эмнэлгийн хамт олон, 310 хүн гарын үсэг бүхий саналаа Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга болон БСШУЯ-нд уламжлаад асуудал шийдэгдсэнгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ эмнэлгийн нээлтийг хийсэн нь үнэн, одоо хааж байгаа нь бас үнэн. Иргэд, эмч багш нарыг хооронд нь үл ойлголцуулаад, дараа нь чаддаг хүмүүсээр нь удирдуулна хэмээн менежмэнтийн хувьчлал хийж, хувьдаа шилжүүлдэг танил технологи энд харагдаж байгаа юм. Энэ эмнэлгийг монголчуудад барьж өгөх гэж Япон улс ард иргэдийнхээ татвараас 210 тэрбум төгрөг гаргаад зогсохгүй эмнэлгийн ажилтнуудыг сургаж, үйлчилгээний япон стандартыг нутагшуулахын тулд сор болсон эмч, эрдэмтдийнхээ зөвлөх багийг Монголд 50 удаа илгээж сургалт явуулсан байдаг юм. Гэтэл тэдний энэ их хичээл зүтгэл, Монгол Улсад дээд зэргийн эмнэлэг байгуулах гэсэн хүсэл мөрөөдөл нь манай шунал нь үл дундрах дарга сэтэртнүүдээс болж замхрах шив дээ! 
Япончуудын сэтгэл рүү ус цацаж байгаа үйлдэл зогсохгүй байгаа. Хөшгийн хөндийн ОУ-ын шинэ нисэх буудал чухам яагаад агаарын хөлгүүдээ хүлээж авахгүй сунжраад байгаа юм. Нээлтээ заавал ирэх тавдугаар сард, сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд хийнэ гэж муйхарлаад байгаагийн учрыг ард түмэн мэдэж л байна шүү дээ. Нэг жилийн ч болтугай наана ашиглалтад оруулж, эдийн засгаа эргэлдүүлдэггүй юм уу. Япончууд ч, олон нийтэч хүлээсээр... нэг их дүнсийсэн байшингууд байсаар удлаа. Ямар үзмэр биш дээ. Уг нисэх онгоцны буудлыг манай улсад Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр хийж өгч байгаа юм шүү дээ.
Төслийн нийт өртөг нь 560 сая ам.доллар. Шинэ нисэх онгоцны буудлын хувьд ОУ-ын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолой, 21 агаарын хөлгийн зогсоолтой. Нисэх зурвас нь 3.6 км урт, 45 метрийн өргөнтэй. Олон улсын шаардлага, стандартыг бүрэн хангасан. Нэг бүр нь 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх хүчин чадалтай юм. Шинэ онгоц буудлыг даган босох “Аэросити” дагуул хотын хувьд долоон сургууль, 12 цэцэрлэг, нэг эмнэлэг, өрхийн эмнэлэг ашиглалтад орно. Ирэх 2022 онд 600 өрх, 2023 онд 800 өрхийн орон сууц барихаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжсэнээр нийт 39 мянган ажлын байр бий болно гэж тооцдог. Нэг их сүрхий шав тавьсан. Одоо онгоц нисэж байгаа юм алга. Ерөнхий сайд нь нээгээд, төд удалгүй хаагдаад... Энэ байдал үргэлжилсээр байна.
Одоо нефтийн үйлдвэрийн тууз хайчлах гэж сүрхий ажилтай болжээ, Ерөнхий сайд. Үе үеийн Ерөнхий сайд бүхэн нефтийн үйлдвэр ярьдаг. Тэдний нэг хувилбар Хү-к боллоо. Өнөөдрийг хүртэл түүхий нефтиэ гадагш нь зөөсөөр... 2023 оноос манай улс өөрсдөө нефтээ үйлдвэрлэх бүрэн боломжтой болно гэсэн ганц үгтэй. Өнгөрсөн оны зургадугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговийн Алтанширээд газрын тосны үйлдвэр барих шав тавьсан. Тэгээд үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлууд хийгдэж эхэллээ гэсэн. Гэтэл тэр дэд бүтцийн ажлууд дээр нь өнөө бүлэглэлүүд нь тоос шороо манарган зодолдоод эхлэв бололтой. Би ч байшинг нь, би ч төмөр замыг нь, би ч автозамыг барина... гээд. Энэтхэгийн Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр нефтийн үйлдвэр барихыг бүгд мэдэж байгаа. Манай улс төрийн бүлэглэлүүд хоорондоо эхлээд учраа олохгүй бол гэрээний дагуу Энэтхэг улсын зүгээс газрын тосны үйлдвэр барих гол ажлаа эхлүүлэх ч үгүй. Юу үнэн гэвэл энэ л үнэн.
Саяхан УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр ярихдаа, “Дэд бүтцийн ажлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард түр зогсоосон. Энэ сард эхлүүлнэ. 27 км төмөр зам явж байна. Авто замыг энэ онд багтааж тавихаар төлөвлөсөн. Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил хийгдэнэ. Үйлдвэр барих талбайг тэгшлэх, хашаажуулах ажлыг удахгүй хийж эхэлнэ. Мөн Сайншандад хотхон байгуулахаар зураг төсөл боловсруулж байна. Бүтээн байгуулалтын хамгийн оргил үед 8000 орчим хүн ажиллана гэсэн тооцоо бий” гэхчлэн ирээдүй цаг дээр, цаасан дээр буусан зураг яриад сууж байгаагаас харахад итгэл найдвар нэг их төрөхгүй байна. Монголчуудын хүсэл бол Ерөнхий сайдын тууз хайчилснаар тооцож, одоо ажил нь 90 хувьдаа орсон гэж бодож суугаа. Гэвч мөрөөдөж суугаа юм шиг байна. 
Гадныхан тэрбум, тэрбумаар нь туслаад, дэмжээд, хөнгөлөлт үзүүлээд байдаг. Тэр бүгд дээр нь Хү-к давхиж очиж тууз хайчлаад явдаг. Эцэстээ эмнэлэг нээгээд ч эмчилж байгаа юм алга. Нисэх буудал бариад ч нисч байгаа юм алга. Нефтийн үйлдвэр барих нэг тэрбум доллартай байгаад ч боссон шовойсон юм алга. Бүх зүйл бахь байдгаараа үргэлжилсээр... Өмнөөс ярьдаг гурван юм нь утаа, лиценз хураах, одоо бол корона... 
П.Хашчулуун
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ