Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зовлон туулсан төсөл зорилгот ажил болсон нь


Намуун дуугаар үгээ зөөж ярих шавилхан бор залууг С.Мөнхтамга гэдэг. Бээжинд зам, барилгын инженер мэргэжил эзэмшсэн тэрбээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, хамгийн урт буюу 450 метр гүүрийн дам нурууг цутгаж байна. БНХАУ-д 16 наснаасаа хойш суралцсан энэ залуу өмнөд хөршийн Жөнжоу хотод төмөр замын гүүр барьж, туршлага хуримтлуулсан нэгэн. Тэрбээр Наньжин хотод магистр хамгаалж буй ч “Ковид-19” халдварт өвчин гарч, хил хааснаар эх орондоо үлджээ. “Монголчууд төмөр зам тавьж чадах хүний нөөц, инженерчлэлийн мэдлэгтэй болсон гэж боддог” гэж ярих С.Мөнхтамга “Ухаалаг зам консалтинг” компанид ажиллан, төмөр замын гүүрийн дам нуруу цутгах ажлыг удирдахын зэрэгцээ магистр хамгаалах судалгаагаа цахимаар хийж байгаа гэнэ лээ.
        Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра “Монголд төмөр замын гүүрийн дам нуруу цутгах туршлагатай мэргэжилтэн байна гэж төсөөлөөгүй” гэж ярьсан. Тэднийх Герман болон өмнөд хөршийн төмөр зам тавьсан туршлагатай хоёр компанитай хамтран ажиллахаар тохирсон байжээ. Гэвч “Ковид-19” халдварт өвчин гарснаар гадаадын зөвлөх компанийн мэргэжилтнүүдийг ажиллуулах боломж хаагдсан аж. Ингээд монгол залуусынхаа ур чадварт найдахаас өөр замгүй болсон гэнэ. А.Амундрагийн хайсан мэргэжилтэн бол С.Мөнхтулга.
        Түүн шиг 383 инженер, техникийн ажилтан уг төслийг хэрэгжүүлж буй. Мөн 1368 ажилчин тэдэнтэй хүчээ нэгтгэж, төмөр зам тавихад 771 гаруй машин механизм ашиглаж байгаа аж. “Бодь”-ийнхон “Оюутолгой”, “Улаанбаатар төмөр зам” зэрэг компанид ажиллаж туршлага хуримтлуулсан 100 гаруй шилдэг залуу мэргэжилтнийг “урвуулан” авсан гэнэ лээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавиулах захиалагч “Тавантолгой төмөр зам” компани. Тус компанийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, 34-ийг нь “Монголын төмөр зам” эзэмшдэг. Тэгвэл тэдний барих төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх, нэгдүгээр зэрэглэлийн, зам төмрийн уулзваргүй, 16 гүүр, 126 хоолой, малын найман гарцтай, хоёр өртөө, зургаан зөрлөгтэй байх аж.
        Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын эхний 208 км-ийн газар шорооны ажил бүрэн дуусжээ. Төмөр замын бүтээн байгуулалтыг сурвалжлах багийнхныг очиход үлдсэн 30 гаруй км замын газар шорооны ажлыг эхлүүлсэн байлаа. Гашуунсухайтын боомтын наахна байх хөндийд машин, техник хөлхөлдөн ажиллана. Хилийн боомтоос 10 орчим км зайтай толгодын нэгийнх нь оройгоос “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хоёр улсын төмөр зам уулзах цэгийг баримжаагаар зааж өгөв. Монгол, Хятадын хилийн 703 дугаар баганы ойролцоо, Гашуунсухайт-Ганцмод боомтын зүүн талд хоёр төмөр зам уулзах юм байна. Өмнө нь манай тал хоёр төмөр замыг боомтын баруун талаар уулзуулах санал гаргаж, трассыг нь “зурсан” байдаг. Гэвч хятадууд “Суурин газартай ойрхон байсан нь дээр” хэмээн боомтын зүүн талаар уулзуулах байр сууринаасаа ухрахгүй байсаар дийлжээ. Ингэснээр манай талын төмөр зам боомт руу орох авто замуудтай огтлолцох нөхцөл үүссэн. Эл асуудлыг 800 метр гүүр барин, төмөр зам нь авто замынхаа дээгүүр гарахаар шийдвэрлэсэн байна.
        “Тавантолгой төмөр зам” компанийнхны өгсөн мэдээллээр төмөр замын хоолой барих ажил 97, гүүрийнх 53.5, доод бүтцийнх 98.2, дээд бүтцийнх 63.6, мал, амьтны гарц 96.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Төмөр замын үеийг 130 км угсарсан байлаа. Мөн ачилтын тойрог замыг өнгөрсөн сард барьж эхэлжээ. Одоогоор газар шорооны ажил нь 29.3 хувьтай гэнэ. Эл төмөр зам нь уулзваргүй гэдгээрээ онцлогтой. Зам төмрийг уулзваргүй болгож гагнахыг цахилгаан кантактийн аргаар суурин болон зөөврөөр хийж байгаа аж. 25 метр урт зам төмрийг холбон гагнаж, 34.7 км газарт залгаасгүй болгожээ. 
      Тавьсан төмөр зам дээгүүрээ тусгай зориулалтын машин явуулж, залгаасуудыг нь холбон гагнаж байв. ОХУ-ын мэргэжилтнүүд төмөр замыг улаан оч “буцалган” хоёр минутын хугацаанд холбоод гагначихаж байлаа. Гагнасныхаа дараа өө сэвийг нь арилгаж, зүлгүүрдэнэ. Төмөр замыг залгаасгүй болгож гагнасаар галт тэрэг цагт 80-100 км хурдлах боломжтой юм байна. Хүнд ачаатай галт тэргийг ийм хурдтай явуулахын тулд замын дээд үеийн балласт буюу чигжигч чулууг зузаан, өргөн дэвсэх шаардлагатай гэсэн. Нэгдүгээр зэрэглэлийн замын балласт чулууг төмөр замын дэрнээс 60 см илүү гарган дэвсдэг гэнэ.
        Дээрх чиглэлийн төмөр замын трассыг даган аялахад гүүр, хоолой тавьж, далан барьж, төмөр замын үе угсарч байгаа ажилчид тааралдана. Өмнийн говийг “зүссэн” их бүтээн байгуулалт ийн ид өрнөж байна. Бид “монголчлохдоо” сайн улс. Монгол инженерүүд зам төмрийг бетон дэртэй бэхлэх ажлыг экскаватор, дугуйт дамнуурга ашиглан хурдтай гүйцэтгэх аргыг сэджээ. Экскаваторын шанага өргөгчөөр бетон дэрүүдийг өргөж эгнээлүүлэн, дугуйт дамнуургаар зам төмрийг өргөн ирж дээр нь дэвсэн бэхлэх аргыг сэдсэнээр үе усрах ажил төлөвлөгөөнөөсөө 16 км-ээр түрүүлж явааг инженер П.Мөнхсайхан дуулгасан.
        Хоппер хэмээх вагоноор тээвэрлэж ирсэн балластыг зам дээр жигд асгаж дэвсэнэ. Түүнийг нь тараана. Дараа нь балласт чигжигч болон зам төмөр тэнцүүлэх, чиг засах үүрэгтэй машин ажилдаа орно. Балластыг нь чигжээд, зам төмрийн түвшнийг тэнцүүлж, чигийг шулуун болгоод явна гэсэн үг. Араас нь тогтворжуулагч машин ажиллана. Тогтворжуулагч машин нь газар чичрүүлсэн даралт үүсгэн төмөр зам дээгүүр явдаг. Ингэж хүнд даралт өгч, төмөр замын дэр бетоныг балласт руу хөдөлгөөнгүй суурилуулж өгдөг юм билээ. Ийм ажиллагааны дараа галт тэрэг зорчих төмөр зам бэлэн болно. “Бодь интернэшнл” компанийнхан энэ онд багтаан 70 гаруй км төмөр замыг бүрэн ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байгаа гэсэн.
       Мөн төмөр замын өртөөний барилгуудын суурийг тавьжээ. Өртөө, зөрлөгийн барилга барих, мэдээлэл, холбооны кабель, төмөр замын хоёр талаар тор татах, эрчим хүчтэй холбох нь төмөр замын бүтээн байгуулалтын нэг хэсэг. Дээрхийг бүрэн хийсний дараа төмөр замыг ашиглалтад оруулах учиртай.
       Сурвалжлах баг төмөр замыг даган аялах үеэр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын анхны суман шилжүүлгийг хоёрдугаар зөрлөг буюу төмөр замын 65 дахь км-т угсарч дуусгасан. Суман шилжүүлэг нь галт тэргийг нэг замаас нөгөө рүү шилжүүлэх зориулалттай байгууламж юм. Төмөр замын хоёр өртөө, зургаан зөрлөгт нийт 77 ширхэг суман шилжүүлэг угсрах юм байна.
      “Бодь интернэшнл” компани 2022 оны долдугаар сард төмөр замыг бүрэн ашиглалтад оруулах гэрээтэй. Тус компани төмөр зам тавьсан хөрөнгө оруулалтынхаа оронд “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлосон нүүрсний 10 хувийг таван жилийн хугацаанд авах юм. Энгийнээр хэлбэл, нүүрс нийлүүлээд төмөр зам тавиулах бартерийн гэрээ хийжээ. Уг төмөр замын даланг барихад өмнө нь 276 сая ам.доллар зарцуулсан байж. Харин “Бодь”-ийнхон 350 сая ам.доллар зарцуулаад байгаа гэнэ. 
        Төмөр зам тавьснаар тоосжилт, бэлчээр сүйтгэх нь багасах, авто тээврийн осол, зөрчил буурах давуу талтай. Жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай учир уурхайнуудын олборлолт 2-3 дахин нэмэгдэх боломж бүрдэнэ. Одоогоор машинаар Тавантолгойн ордоос нэг тонн нүүрсийг 32 ам.долларын зардал гарган хил хүртэл тээвэрлэж буй. Тэгвэл төмөр замтай болсноор нэг тонн нүүрс тээвэрлэх зардал дөрөв дахин буурч, найман “ногоон” болох юм. Үүнээс гадна 2000 ажлын байр бий болно.
        Төмөр зам ашиглалтад орох үед мэргэжилтэй ажилчин дутагдах нь тодорхой учраас “Тавантолгой төмөр зам”-ынхан ШУТИС болон Тээврийн дээд сургуультай хамтран шинэ анги нээж, хүний нөөцөө бэлтгэж байгаа гэнэ. Тус компанийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Олон ажлын байр бий болох учраас Цогтцэцийд томоохон суурьшлын бүс бий болох нь тодорхой. Тиймээс Цогтцэцийг хот болгох зураг төсөл гаргахыг манай ажилтай танилцсан төр, засгийн удирдлага бүрт хэлж байгаа” гэж ярьсан.
     Ерөнхийлөгч Х.Баттулга уламжлал ёсоор төмөр замын төслүүдийг эргэсээр л байна. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүнийг дагуулан очиж, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөлтэй танилцуулсан. Ерөнхийлөгчийг тосож авахаар тэнд хүрэлцэн ирсэн “Бодь групп”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан сэтгүүлчидтэй цөөн хором уулзлаа. Өөрөөр хэлбэл, төслийн ерөнхий гүйцэтгэгч компанийн нэгдүгээр хүн гэсэн үг. Энэ үеэр тэрбээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг “Зовлон туулсан” гэж онцолсон. Энэ төслийг хэрэгжүүлэхэд оролцсон “Монголын төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал асан М.Энхсайхан, Б.Батзаяа нар нэлээд бэрхшэл туулсныг олон нийт мэднэ. Төмөр замыг өргөн, эсвэл нарийн царигаар барих ёстой гэсэн маргаан, санхүүжилтийн гацаа, хөрөнгөөс нь хумсалсан гэх хардлага зэрэг “зовлон” 2008 онд эхэлсэн уг төслийг хүрээлсэн түүхтэй. Зовлон туулсан төслийн бүтээн байгуулалт 12 жилийн дараа нэг мөр шуударчээ. Ингэхдээ монголчууд өөрсдийн гараар бүтээн байгуулж буй нь анхны хэмээх тодотголыг зүүж, түүхэнд тод мөр үлдээх нь тодорхой болоод байна. Бас монголчууд өөрсдөө бүтээн байгуулах чадалтай болсон гэдгийг харуулах зорилгот ажил болжээ. “Тавантолгой төмөр зам” компанийн ерөнхий инженер, 33 настай Х.Болор-Эрдэнээс энэ төмөр замыг стандартад нь 100 хувь нийцүүлэн барьж чадах уу гэж асуулаа. Тэрбээр “Төмөр зам тавихад монголчуудын туршлага дутдаг. Гэхдээ залуус бид энэ төмөр замыг стандартад бүрэн нийцүүлэн тавихын төлөө хичээх болно” гэж амласан юм.
                                                                                                                                         Үргэлжлэл бий...                                                   Эх сурвалж: Unuudur.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ