Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдрийн мэдээллийнхээ эхэнд талархал илэрхийллээ. Тэрээр: ”Энэ аюултай вирусийг устгах, тархалт, халдварыг таслан зогсоох тэргүүн эгнээнд явж, төрдөө өргөсөн тангарагтаа үнэнч байж 24 цагаар өвлийн хүйтэнд гадаа ажиллаж байгаа хяналт шалгалтын, харуул хамгаалалтын, ариутгал халдваргүйжүүлэлтийн, шинжилгээ, судалгааны багийнхандаа, төрийн албан хаагчиддаа Сэлэнгийн ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.
Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр Сэлэнгэ аймагт коронавирусээр халдварласан тохиолдлын тоо гурваар нэмэгдэж нийт 207 боллоо. Эдгээр тохиолдол нь Сүхбаатар сумын 1-р багийн нэг айлын 6, 13 настай хоёр хүүхэд, мөн 4-р багийн нэг эмэгтэй тус тус бүртгэгдсэн байна. Тус иргэд мөн л өмнөх тохиолдлын ойрын хавьтал байгаа аж. Ингээд Сүхбаатар сумын тохиолдлын тоо 202 болоод байна. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 132 иргэнд шинжилгээ хийхэд 129 иргэний хариу сөрөг гарчээ. Дээрх гурван иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэн эмчилгээг нь эхлүүлсэн байна. Ингэснээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт 12 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн байгаа аж.
Өдөр бүр вирусийн тохиолдол бүртгэгдэж байгаа учир Сэлэнгийнхэн буюу аймгийн төв Сүхбаатар сумын иргэд бид тайвшрах болоогүй гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга онцлон хэллээ. Энэ ч утгаараа Засгийн газар, УОК-оос хатуу хөл хорионы дэглэмийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд 12 дугаар сарын 24-нийг хүртэл сунгасан шийдвэрийг гаргалаа. Иймээс нийт иргэддээ ялангуяа дээрх сумдын иргэддээ хандаж хэлэхэд 10-хан хоногт та бид сонор сэрэмжээ алдахгүй, харин ч улам сайжруулан, гэр гэртээ байж, хөл хорионы дэглэмээ мөрдөж байж энэ аюулыг ардаа үлдээнэ гэдгийг хаа хаанаа ухамсарлах үүрэгтэй гэдгийг ч тэрээр анхаарууллаа.
Алтанбулаг, Сүхбаатар сумын Онцгой комиссын баг бүрэлдэхүүн иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг өөрсдийнхөө боломж, бололцоогоор шуурхай шийдвэрлэж ажиллахыг ч үүрэг болголоо. Мөн гадаа хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч байгаа тул түлээ, нүүрсийг айл өрхүүдэд тэгш хүртээмжтэйгээр, хэн нэгэнд давуу байдал үүсгэлгүйгээр хүргэх, иргэдийг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээр тасалдуулахгүй байхад онцгой анхаарч ажиллахыг ч онцлон тэмдэглэлээ.