Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Тус аймагт өнөөдрийн байдлаар covid-19 халдварын нийт 77 тохиолдол батлагдаад байгаа юм. Батлагдсан тохиолдлуудын 41 нь түргэвчилсэн оношлуур, 36 нь ойрын хавьтлаас илэрчээ. Аймгийн хэмжээнд нийт 1743 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамруулахад батлагдсан тохиолдол нь 77 гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Өчигдрийн байдлаар батлагдсан болон сэжигтэй тохиолдол болох 504 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Аймгийн удирдлагууд халдварын тархалтыг хумих чиглэлд анхаарч ажиллаж буйг онцлов.
БАТЛАГДСАН 19, СЭЖИГТЭЙ ХОЁР ТОХИОЛДЛЫГ ХӨСҮТ РҮҮ ШИЛЖҮҮЛЛЭЭ
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.ОРГИЛ:
-Өнөөдрийн байдлаар covid-19 халдварын батлагдсан 19 тохиолдол болон сэжигтэй хоёр тохиолдлыг ХӨСҮТ рүү хүргүүлсэн. Халдварын тоо эрс өсч байгаа нь өмнөх ойрын хавьтлуудын хяналтын шинжилгээ болон давтан шинжилгээнд орох шаардлагатай хүмүүс юм. Шинэ 19 тохиолдол өчигдөр бүртгэгдээгүй, өмнөх шинжилгээнүүдийн хариу гэдгийг онцолъё. Аймгийн явуулын тандалт судалгаа шинжилгээний баг Сүхбаатар өртөөний хөдөлгөөн, ачаа тээврийн, буудлын цехийн ажилтнуудын судалгааг гаргасан. Шинжилгээнд хамрагдаагүй 114 ажилтнаас 75 нь шинжилгээ, тандал судалгаанд хамрагдсан. Оношилгооны 28 цэгт 88 хүний бүрэлдэхүүнтэй баг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Орчинд агааржуулалт хийж байгаа тул иргэд айж сандрахгүй байх хэрэгтэй. Өвчнийг шинж тэмдэггүй үед нь илрүүлж эмчилж байна.
Энэхүү covid-19 халдвар бидний дунд чимээгүй тархсан байж. Харин маш хурдан илрүүлэх шаардлагатай байна. Өвчлөлийн ойрын хавьтлууд болон иргэд хөл хорионы дэглэмээ баримталж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Хамгийн гол нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд гэрээсээ гарахгүй, шинжилгээ өгсөн ч гэр гэртээ байх нь чухал. Батлагдсан тохиолдуулаас гадна ойрын хавьтлуудаас халдвар илэрч байгаа нь хамгийн төвөгтэй, санаа зовоож байна.
Б.ЦЭЦЭГ