Хүнсний бүтээгдэхүүн шаардлагатай байгаа өрхүүдэд 30 мянган төгрөгийн талон олголоо.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас санаачлан цар тахлын улмаас орлого нь хумигдсан, амьдралын боломж тааруу, хүнсний хэрэглээ нэн яаралтай байгаа өрхүүдэд дээрх дэмжлэгийг үзүүллээ. Тус сумын Засаг дарга Х.Батболд "Ажлаа аваад хэдхэн хонож байгаа хэдий ч цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг яаралтай авч хэрэгжүүлж байна. Аймгийн төсвөөс 322 өрхөд тус бүрд нь 50 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн олгосон. Энэ удаад 800 өрхөд хүнсний талон олгосноор нийт 1122 өрхөд дэмжлэг үзүүллээ" гэлээ. Тэрээр эдгээр өрхүүдэд дэмжлэг үзүүлэх ажлыг хамтран зохион байгуулсан аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, бизнес эрхлэгч нартаа талархаж байна гэсэн юм. Талоныг нэр бүхий хүнсний дэлгүүрт айл өрхийн нэрсийн жагсаалтын хамт өгсөн нь орон нутгийнхаа бизнес эрхлэгч нарыг мөн дэмжсэн ажил болсон юм.