БХБЯ, Газар Зохион Байгуулалт, Геодези, Зурагзүйн газарт Монгол орны хамгийн нам дор газрыг шинэчлэн тогтоосон асуудлыг танилцуулсны дагуу салбарын яам мэргэжлийн зөвлөлөөрөө хэлэлцээд Засгийн газрын хуралдаанд оруулж тогтоол гаргуулахаар болоод байна.
Монгол орны хамгийн нам цэг Дорнод аймагт бус Говь-Алтай аймагт байдаг. Монгол орны хамгийн нам дор газрыг шинэчлэн тогтоож, баталгаажуулах хээрийн хэмжилтийг Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик Газарзүйн салбарын судлаач доктор Э.Авирмэдээр ахлуулсан баг өнгөрсөн онд хийсэн юм.
Хэмжилтэд 24 цагийн турш тасралтгүй ажиллагаатай GNSS (Global Navigation Satellite Systems) багажны бүрдэл 2 долгионы TRMBLE R8 model 4 хүлээн авагчийг ашиглан хэмжиж, Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд Гравиметрийн цэг болох ГР077 цэгт үндэслэн RTK горимоор хяналтын хэмжилт хийж тогтоосон.
Тэдний судалгааны үр дүнгээр хамгийн нам цэг нь Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг Номингийн говийн Элст хотгор далайн түвшнээс дээш 526.74 м гэж тодорхойлжээ.
Газарзүйн байршлын хувьд зүүн уртрагийн 95o 38′ 36.307″, хойд өргөргийн 43o 47′ 57.942″, БНХАУ-ын хилээс 300 м, хилийн тоот баганаас 560 м зайтай, Говийн Их Дархан газрын А хэсэгт хамрагдах юм. Энэ цэг 1980 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 149 дүгээр тогтоолоор баталсан хамгийн нам дор цэг болох Дорнод аймгийн Хөх нуурын түвшин д.т.д 560 м цэгээс 34 м-ээр нам юм.
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлаар “Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоосон” ажлын багийн тайланг хэлэлцээд, Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоосон судалгааны аргазүй, үр дүнг зөв зүйтэй гэж үзсэн.
Харин Монгол орны хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны хамгийн өндөр уул буюу Алтай Таван Богдын Хүйтэн оргил юм. Мөнх цаст энэ оргил нь далайн түвшнээс дээш 4374 м өргөгдсөн, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд оршдог. Анх 1956 онд Монголын уулчид Хүйтэн оргилд авирч байжээ.