Баянхонгор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр цахимаар хуралдсан байна. Тус хуралдаанаар ИТХ-ынхаа хоёрдугаар хуралдааныг ирэх сарын 2-нд хийж ИТХ-ын хороодын бүрэлдэхүүн, ажиллах журам, Баянхонгор аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2021 оны төсвийн төслийг батлах шийдвэр гаргажээ.
Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Алтангадас одонгоор нэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар гурван хүнийг шагнуулах саналаа өргөн мэдүүлэхээр болсон байна.
Түүнчлэн Эрдэнэцогт сумын VI багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Пандэчойнхорлин хийд, Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Баянхонгор Баптист” сүмийн үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацааг гурван жилээр сунгажээ.
Баянхонгор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хэлэлцсэн асуудлаас нэг асуудал нь анхаарал татлаа. Энэ нь бүх нийтийн бэлэн байдлын энэ үед Монголын тулгар төрийн 2230, Их монгол улсаа байгуулсны 815, Ардын хувьсгалын 100, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн үндэсний их баяр наадмыг зохион байгуулах аймгийн хороогоо байгуулсан явдал юм.
http://eagle.mn/r/78946