Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хамарын хийд орчмын газартай холбоотой тусгай зөвшөөрлийн цаана Б.Чойжилсүрэн нар байж мэднэ...


Дорноговь аймгийн “Хамарын хийд”-ийн газрын маргаантай холбоотой шүүх хурал хоёр жил дамнан удааширч шийдэл хүлээсээр байгаа юм. Тиймээс “Хамарын хийд” шашины байгууллагын Өмгөөлөгч А.Мөнх-Өлзийтэй ярилцлаа.
 
- Хамарын хийд орчмын газар маргаантай байгаа асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэсэн. Яг ямар асуудал үүссэн юм бол?  
-Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан талаараа эхлээд тайлбарлах нь зүйтэй болов уу. Бид “Оуяашиёоу” ХХК-иас гаргасан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын (хуучин нэрээр) 2009 оны наймдугаар сарын 3-ны 516 дугаар шийдвэр (Тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр “Оуяашиёоу” ХХК-ийн 12923А тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон) хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны есдүгээр сарын 18-нд шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч АМГТГ давж заалдах гомдол гаргаагүй тул уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Ингэхдээ Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Нэхэмжлэгч “Оуяашиёоу” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 12923А тоот тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасан мэдэгдэл өгөөгүй, хуульд заасан цуцлах үндэслэл бүрдээгүй байхад цуцалсан” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байгаа юм. Уг шийдвэрийг хүчингүй болгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой байсан гуравдагч этгээдийг оролцуулах, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж байж шийдвэрлэх нь зүйтэй байсан гэдэг үндэслэлээр дээрх Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж, тусгай хамгаалалтад авагдсан газар, шашны байгууллагын үйл ажиллагаа, түүх дурсгалын үнэт өв, соёлыг хамгаалах шаардлагатай гэж үзэн анх хандсан байдаг.
 
-Тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасантай холбоотой ямар асуудал үүсээд байгаа юм бэ? 
-Энэхүү шийдвэрийн бодит үр дагавар нь АМГТГ-ын Кадастрын хэлтсээс 2017 оны долдугаар сарын 19-ний 404 дүгээр шийдвэрээр 2009 оны 516 дугаар шийдвэрээ хүчингүй болгож, “Оуяашиёоу” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн, цаашлаад тус компани нь уг сэргээсэн шийдвэрийг барин хоёр өөр хуулийн этгээд “Даблью эс жи эл” ХХК-д 25262.44 га, “Олон ихт баян” ХХК-д 8961.23 га талбайг 2018 оны арванхоёрдугаар сарын 26-ны 907 дугаар шийдвэрээр шилжүүлсэн. Гэтэл эдгээр компани нь олборлолт явуулахаар илт хууль зөрчин, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, Хамарын хийд орчмын газрыг ухаж сэндийлэх, түүх, соёлын дахин давтагдашгүй өв, байгалийн цогцолборт газар, бий болгосон бүтээн байгуулалтыг сүйтгэх, Хамрын хийдийн үйл ажиллагаанд нөлөөлөх бодит эрсдэл, нөхцөл бий болгоод байгаа юм.
 
-Хамарын хийдийг иргэд энергийн төв гэдгээр нь түлхүү мэдэх байх. Тухайн бүс нутаг орон нутгийн тусгай хамгаалалтад байдаггүй юм уу? 
-“Хамарын хийд” шашны байгууллагын үйл ажиллагааг дэмжих, түүх, соёлын өв уламжлалыг хамгаалах зорилгоор аймгийн ИТХ-ын 2010 оны долдугаар сарын 16-ны 5/04 дүгээр тогтоолоор Хамарын хийд, түүний орчим дахь газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн, Мөн 2014 оны долдугаар сарын 30-ны 5/03 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан хугацааг сунгаж, газрын хэмжээг нэмэгдүүлэн, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгүүлсэн ба 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10/12 дугаар тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад байх хугацааг 30 жил гэж тогтоосон шийдвэр гаргасан байдаг. Эдгээр шийдвэрүүдээс үзвэл Хамарын хийдийн бүс нутаг орон нутгийн тусгай хамгаалалтад байхад буюу шүүхээс 2017 оны 0466 шийдвэрийг гаргахдаа түүнийг шалгалгүйгээр тусгай зөвшөөрлийн эрхийг нь сэргээсэн. Тус баримт уг шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулахаар гаргасан Хамарын хийд шашны байгууллагын хүсэлтийг хянан хэлэлцсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0078 дугаар тогтоолоор тогтоогдсон байдаг.
 
-Энэ асуудалтай холбоотой нэр бүхий эрх мэдэлтэй хүмүүс болон байгууллагууд давхар санаа агуулж болзошгүй гэж та бүхэн хардаад байгаа гэв үү?  
-Хамар хийд орчмыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал холбогдох яам, агентлагт яригдаж, судалгааны ажил нь эхэлсэн. Гэхдээ тусгай зөвшөөрөл хүчинтэй үед газрыг хамгаалалтад авбал лиценз эзэмшигчдэд нөхөн олговор олгох, өөр орд газар дүйцүүлэн өгөх хуулийн заалт бий. Чухам энэ заалтыг ашиглан ашиг хонжоо олох, тэндхийн газрыг ухахаас илүүтэй нөөц сайтай өөр ордоор солих, илүү олон газарт тусгай зөвшөөрөл авах санаархал Хамрын хийд орчмын газарт тусгай зөвшөөрөл эзэмшиж буй хүмүүст байна гэж хардаад байгаа. Ийнхүү хардлага төрүүлэх хэд хэдэн нотлох баримт байгаа. Хамрын хийдийн Ловон лам С.Борхүү ч ийм зүйл болж мэдэхээр байгаатай санал нийлж, “Хэсэг бүлэг зальт этгээдийн ашиг хонжоо олох хэрэгсэл нь Хамрын хийд болох ёсгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
 
 
 
Тухайлбал, Даблью Эс Жи Эл ХХК-ийн захирал Б.Балдорж УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү. 2017 онд тус компани Оуяашиёоу ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Үүнээс үзвэл тусгай зөвшөөрлийн цаана өндөр албан тушаалтнууд, аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхол явж байх өндөр магадлалтай.
 
 
 
Тийм ч учраас газар нутгаа хамгаалахын зэрэгцээ шударга бус явдлыг таслан зогсоохын тулд шүүхэд хандаж, Хамрын хийд орчмын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн 2017 оны есдүгээр сарын 18-ны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж чадсан бөгөөд одоо хуулийн дагуу тус хэргийг дахин ердийн журмаар хэлэлцэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцон мэтгэлцэж, шаардлагатай нотлох баримтуудыг хүсэлт гарган холбогдох байгууллагуудаас гаргуулан авсан байгаа ба “Оуяашиёоу” ХХК, “Даблью эс жи эл" ХХК, “Олон ихт баян” ХХК-уудын гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шударга шүүхээр бүрэн хянуулж нэхэмжлэл нь хууль бус үндэслэлгүй гэдгийг нь тогтоолгох бүрэн боломж бий болсон гэж үзэж байгаа.
 
-Хоёр жил дамнасан шүүх хурал удаа дараа хойшилсоор байна шүү дээ? 
Ердийн журмаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргах хугацаа 2019 оны долдугаар сарын 08-ны өдрөөс эхлэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар нэхэмжлэгч Оуяашиёоу ХХК, Даблью Эс Жи Эл ХХК, Олон ихт баян ХХК-уудын зүгээс удаашруулдаг бөгөөд удаа дараа гаргасан хүсэлтийн үндсэн дээр хойшилж байгаа гэж ойлгож байна. Тухайлбал энэ хугацаанд нэхэмжлэгчийн нэг болох “Даблью эс жи эл” ХХК-аас л гэхэд долоон удаа шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Хүсэлт тус бүрийг нь ялган авч үзвэл өмгөөлөгч авах гэсэн шалтгаанаас 2-3 удаа, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хурал давхцсан шалтгаанаар хоёр удаа, өмгөөлөгчийн шүүх хурал давхцсан шалтгаанаар хоёр удаа, нотлох баримт гаргуулах гэх мэт шалтгаантай бөгөөд бусад хоёр нэхэмжлэгчийн зүгээс тус бүрдээ 3-5 удаагийн хүсэлт гаргасаны дагуу шүүх хурал хойшилсоор өнөөдрийг хүрлээ.
 
 
Б.НЯМ

http://www.sonin.mn/news/politics-economy/116148
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ