Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улстөрчид боловсролын салбараас гараа тат



Хичээлийн шинэ жил эхлэхэд сургуулийн босгоор дөнгөж ахлаж буй багачуул хонх цохидог байв. Сүүлийн жилүүдэд улстөрчид очиж нээлт хийдэг болсныг Covid-19 халав. Үүнээс цааш ч гэсэн  улстөрчид боловсролын салбараас гараа татаасай.
Ахиухан  төсөвтэй, тогтвортой байлгах ёстой  боловсролын салбар  улстөрчдийн тоглоомын талбар биш. Бид хэн нэгэнд өөрийн  толгойг даатгадаггүй. Түүнтэй адил ирээдүйд  улс орныг авч явах үр хүүхдийнхээ толгойг  алиа салбадайнуудад даатгаж болохгүй.
Манай боловсролын салбар ямар замаар явж ирэв. Өнөөдөр ямар байна, цаашид хэрхэн урагшлах вэ. Энэ асуултын хариуг хамтдаа бодъё. Өнгөрсөн 30 жилд хоёр нам сонгуулийн цикл хооронд  дөрөв дөрвөн жилээр  сайд томилж,  даам гарч тоглож ирэв. Төсөв, мөнгөнөөс нь шомбодно. Гадны тэтгэлэгт  өөрсдийн хүүхдүүдийг хамруулна. Боловсролыг дэмжих  хөнгөлттэй зээлээр сонгуульд ажилласан тойрон хүрээлэгчдээ  шагнана. Хувийнхаа  сургууль, цэцэрлэгт  татаас өгүүлнэ.  Өөрсдөө ч сайн ойлгохгүй өндөр төлбөртэй гадны төсөл, хөтөлбөрүүд оруулж ирнэ. Хэрэгжүүлж байна гэж мөнгө иднэ. Өсвөр үе, хүүхэд залуусаа туршилтын туулай болгож наадна. Үндэсний ёс заншил, түүх соёл, сургалтын арга ухаанаа  ухаж үзэхгүй, судалж танихгүй. Гаднаас хуулна, өөрсдийн онцлог, материаллаг бааз, суурь судалгаанд огт  тулгуурласан юм нэг ч алга. Боловсролын салбар ямар байгаа нь өнөөгийн боловсон хүчний мэдлэг, чадвараар хэмжигдэнэ. Нийгмийн төлөвшил, хүний хөгжил, хүүхэд залуусын хүмүүжил ямар байгаагаар илэрнэ. Диплом сугавчилсан ажилгүйчүүдийн тоогоор дүгнэгдэнэ. Тэгвэл дэлхийн эдийн засгийн чуулганаас  гаргадаг тайлангаар монголчуудын насанд хүрэгчдийн 98 хувь бичиг үсэгт тайлагдсан. Энэ нь дэлхийд 11-р байр эзлэх үзүүлэлт болж байгаа ч боловсролын чанараараа 187 улсаас 101 дүгээр  байрт орж байна. Ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр 187 улсаас манай улс 130-д  жагсчээ.
Үе үеийн Засгийн газар сургууль, цэцэрлэгийн байшин барьж барилгын бизнест анхаарснаа боловсролын салбарыг хөгжүүлчихлээ хэмээн эндүүрч ирэв. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын ачааллыг бууруулсан нь сайн ч сургалтын чанарт энэ нь тийм ч нөлөөгүй. Сургалтын хөтөлбөр боловсруулдаг, туршдаг, шалгарсан сайныг нь ЕБС-иудад нэвтрүүлж хэрэгжүүлдэг Боловсрол судлалын  хүрээлэндээ хэр анхаарсан юм бэ. Үндэснийхээ эрдэмтэн, судлаачдын дуу хоолойг  хэр сонссон бэ. Шинжлэх ухаандаа хэр мөнгө зарсан бэ гэдгийн хариу нь   Дэлхийн эдийн засгийн чуулганаас гаргасан үзүүлэлт юм.
Монголчууд  шавь сургалт, гэр сургалтаар дөрвөн аргын тоо, босоо монгол бичгээ сурч нүд нээж эхэлсэн  түүхтэй. Ардын хувьсгал ялсны дараачаас Ардын сургууль байгуулж, Гэгээрлийн яамтай болж, сүүлд социализмын үед ЗХУ /ОХУ тухайн үеийн нэрээр/ нөлөөгөөр албан сургалтын эхлэлийг тавьсан нь өнөөгийн ЕБС-ийн тогтолцоо гэдэг. Ардчиллын жилүүдэд шинэ нийгэмд боловсролын салбараа хэрхэн авч явахаа мэдэхгүй  хаясан ч арай ч нураачихалгүй  авч  ирсэн. Сүүлийн 20 гаруй жилд хоёр нам ээлжлэн тоглож, эрх ашгийн талбар болгон ашиглаж ирэв.
 
Үүний  нэг   жишээ нь Кембрижийн хөтөлбөр юм. 2008 онд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр лобби хийж, Сү.Батболд нар дэмжин Кэмбрижийн хөтөлбөрийг Монголд  нэвтрүүлэх асуудлыг УИХ-ын түвшинд тавьж,   Англи-Монголын Засгийн газар хооронд гэрээ байгуулснаар эхлүүлсэн. “Кембрижийг нэвтрүүлж нутагшуулснаар  залуусаа дэлхийн боловсролтой болгоно” гэсэн  уриа тухайн үеийн Ардын намын  сонгуулийн  гоёл  болж байв. Улмаар 2009 онд  Сү.Батболд нь С.Баярын халааг авч  Ерөнхий сайд болсноор  Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг  бүр ч эрчимжүүлсэн. Англи хэлэнд суурилсан  шахуу програмттай энэ хөтөлбөрт чирэгдсэн хүүхдүүд хичээлээс  хоцрогдож байгааг эцэг эхчүүд шүүмжилж байв.
Тэгвэл  энэ удаагийн УИХ-д дахиад л Кембрижийн хөтөлбөрийг  улам төгөлдөржүүлэх, хэрэгжилтийг дэмжих лобби бүлэг гээч байгуулагдав.   УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Сү.Батболд, Х.Булгантуяа, Д.Батлут нар “Дэлхийн 160 улсад хэрэгжиж буй Кембрижийн хөтөлбөрийг ЕБС-ийн сурагчдын онцлогт нийцүүлэх, дэлхийн их, дээд сургуульд элсэх, олон улсын тэтгэлэгт хамрагдах боломжийг жигд хүртээмжтэй болгоно”  хэмээн лоббидов.  Одоогоос 12  жилийн өмнө “Монголд нутагшуулна, залуусаа дэлхийн боловсролтой болгоно”  гэсэн  сонгуулийн амлалт нь биелээгүй байхад дахиад молигодож эхлэх нь. Үүний ард  валютын урсгалтай холбоотой эрх ашиг нуугдаж байна гэсэн хардлага бас бий. Кембриж сайн гээд гадны хөтөлбөрийг шууд хуулах нь хөгжил яавч  биш.  Хуулснаараа сайн сайхан болдог бол хэдийнэ гял цал болчих байсан, даанч тийм биш гэдгийг судлаачид хэлдэг. Өөр рүүгээ өнгийж, өөрсдийн  онцлогийг гаргаж ирж, түүндээ тохирсон сургалтын  хөтөлбөр зохиож, түүнийгээ зөв хэрэгжүүлж байж хөгжих учиртай биш гэж үү.Үндэсний  ийм хөтөлбөртэй  болох тухай ярих цаг болсон баймаар.
Өнөөдөр БСШУ-ны сайд нь салбарынхаа тогоонд чанагдсан мэргэжлийн хүн болсон. Энэ салбарт хэн нэг улстөрч биш  мэргэжлийн  хүнийг нь тавьсан нь дэвшил. Үүний зэрэгцээ Соёлын яамыг дангаар нь байгуулсан нь бас нэг алхам.
Үндэсний боловсролын системтэй болох, суурь судалгаануудаа толгой даагаад   хийчих, хийсэн тэр хөтөлбөрөө өөрсдөө мэдээд хэрэгжүүлэх бололцоог нь боловсролын салбарт олгоё. Улстөрчдийг аль болох хол байлгая. Боловсролын салбарт лобби байж болохгүй. УИХ-ын гишүүд хэсэг бүлгээрээ нийлж   гадаадын төсөл, хөтөлбөрөөс  шууд хуулсан,  гадныхны   элдэв санааг шургуулсан, Америк, Англид их хэмжээний валют төлж шалгалтад орох тогтолцоог бүрдүүлдэг   Кембриж мэтэд болгоомжтой хандая. Улстөрчдийн гарыг боловсрол руу шургуулж болохгүй гэсэн сануулгыг  БСШУ-ны яамны үүдэнд бичиж тавья.
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ