
Өглөөний зургаан цаг өнгөрөхөд Улаанбаатар хотын ихэнх айл унтаж байхад Б.Гантуяа өглөөнийхөө ажилд орж байна. Тэр нийслэлийн улсын ерөнхий боловсролын … дугаар сургуульд 12 дахь жилдээ багшилж буй, хоёр хүүхдийн ээж юм. Хичээлийн хонхны дуунаас өмнө шалгах дэвтэр, бэлдэх төлөвлөгөөгөө аль хэдийн ширээн дээрээ бэлэн болгосон байгаа нь харагдана. Багшийн ажил албан ёсоор өглөө эхэлдэг ч бодит амьдрал дээр өчигдөрөөсөө үргэлжилдэг гэдгийг тэр сайн мэдэх бөгөөд өдөр тутмын ачаалал нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа аж.
Анги дүүрэн 40 орчим хүүхэд түүнээс хичээлээ хүлээж авахаар хүлээнэ. Гэвч багшийн хүрэлцээ муу учраас нэг багшид ирэх ачаалал улам нэмэгдэж, сургуулийн хэмжээнд тэтгэвэрт гарсан, ажлаасаа гарсан багш нарыг орлох шинэ багш олддоггүй, шинэ ирсэн багш нар ачааллыг даалгүй өөр салбар руу шилждэг нь үлдсэн багш нарт бүх ачааг давхар үүрүүлэхэд хүргэдэг байна. Иймээс Б.Гантуяа ганцаараа хэд хэдэн хүний ажлыг зэрэг гүйцэтгэх шаардлагатай болдог гэлээ.

Өдөрт 6–8 цаг хичээл заасны дараа ажлын өдөр дуусалгүй үргэжлүүлэн дэвтэр шалгах, цахим тайлан бөглөх, эцэг эхтэй уулзалт хийх, сургалтын төлөвлөгөө шинэчлэх зэрэг ажил орой болтол үргэлжилнэ. Заримдаа мэргэжлийн бус хичээлээ хүүхдүүдэд заах шаардлага ч гардаг мөн энэ бүх нэмэлт цаг, хөдөлмөр нь цалинд тусдаггүй ч хариуцлага нь багшийн нэр дээр хэвээр үлддэг.
Сүүлийн хоёр жилд багшийн цалин нэмэгдсэн гэж мэдээлсэн ч бодит байдал дээр мэдрэгддэггүй. Туршлагатай багшийн сарын нийт цалин үндсэн цалин, зэрэг, илүү цаг, урамшуулал гээд 1.2–1.6 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг ч татвар, нийгмийн даатгал суутгасны дараа гар дээр нь ирдэг бодит орлого илт буурдаг байна. Хотын амьжиргааны өртөг, хүүхдийн сургалтын зардал, орон сууцны зээл нэмэгдэх үед “цалин нэмэгдсэн” гэсэн мэдээлэл амьдрал дээр бараг мэдэгдэхгүй болдог болохоор ийм нөхцөлд багшийн ачаалал, халамжийн хязгаар нэмэгдэж, ажлаа орхихдарамт улам ихэсдэг ажээ.

Б.Гантуяа яагаад ийм хүнд, санхүүгийн хувьд тогтворгүй, ачаалал ихтэй ажлыг 12 жил хийж байгаа вэ гэхэд хэсэг чимээгүй сууна. Тэр тайлбарлахдаа:
“Анх багш болно гэж шийдэхдээ цалин мөнгө огт бодоогүй. Харин одоо гарах тухай бодох болгондоо хүүхдүүдийнхээ нүдийг санаад байдаг болсон байна лээ. Нэг хүүхэд ойлгоод, өөртөө итгэлтэй болох тэр мөч багш хүний бүх ядаргааг мартуулдаг. Гэхдээ сүүлийн үед хүүхдүүдийн хүмүүжил мэдэгдэхүйц муудаж байна. Зарим нь багшийн хэлсэн үгийг даахгүй, эцэг эх нь ч үүнийг ойлгох ухаангүй байдаг. Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ бүхнийг бэлдэж, мөнгө төгрөгөөр эрхлүүлж байгаагаа хүүхэддээ анхаарал тавьж байна гэж боддог. Гэтэл хүүхдэд маань ярилцах, тэврүүлэх, үнсүүлэх, магтуулах хэрэгцээ дутатагдаж байдаг. Гэр бүлийн хайр, халамж, анхаарлыг мэдрээгүй хүүхэд их ааштай хэнэггүй мэдрэмжгүй болж өсдөг. Тэгээд гэр бүлийнхээ анхаарлыг авахын тулд буруу аргаар анхаарлыг нь авж дутуу байгаа хэрэгцээгээ нөхөж эхэлдэг гэж би анзаарсан.”

Түүний багш мэргэжил ажил биш, харин хариуцлага, хүсэл зориг болж хувирсан нь олон жилийн турш, бага цалин, их ачаалалтай нөхцөлд ажлаа хийх түлхүүр хүчин зүйл болжээ. Өдөрт үнэгүй давтлагатайгаа нийлээд 10–11 цагийг сургууль дээр өнгөрөөсөн Б.Гантуяа орой 7 цагт гэртээ харихаар хувцасаа өмсөнө. Тэр зуураа “Манайх азаар гэр ойрхон хол байсан бол энэ түгжрэлд ёстой л шургаж унах байсан байхдаа” гээд инээнэ. Одоо л нэг гэртээ харьж амрах нь дээ гэтэл цаг наргүй багшийн ажил үргэлжилэн сонгон судлах хичээлд суудаг хүүхдүүдийнхээ шалгалтын материалыг засна. Хүүхэд нэг бүрийн материалыг засахдаа “Энэ маань овоо энийгээ ойлгожээ” гээд инээх нь түүнийг үнэхээр л хүүхдүүдийнхээ амжилтаар өөрийгөө үнэлдэгийг илтгэж байлаа. Шөнө дунд өнгөрөхөд гэрийнх нь гэрэл унтарлаа. Харин маргааш өглөө дахиад л ижил цаг, ижил ачаалал, багш дутсан сургууль, дүүрэн анги түүнийг хүлээж байгаа. Цалин нэмэгдсэн ч багшийн хүрэлцээ сайжраагүй, ачаалал буураагүй энэ нөхцөлд боловсролын салбарыг Б.Гантуяа шиг багш нарын тэсвэр, итгэл, сэтгэл л нуруундаа үүрч авч яваа гэлтэй. Тэр ганцаардахгүй, энэ бол өнөөдрийн Монголын мянга мянган багшийн нийтлэг хөрөг, багшийн хүнд ачаалал, үнэнч сэтгэл, бодит амьдралын холимог дүр төрх юм.





