Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Битүүний ёсыг мэдэхгүйгээр хийморь ярих хэрэггүй


Өнөөгийн залуус маань заримдаа ёс заншлынхаа бэлгэдэл, утга учрыг сайн мэдэхгүй явдаг. Битүүний орой гэрээ цоожлоод “аавындаа очиж бууз иднэ” гээд явчихдаг. Гэтэл энэ бүхэн зүгээр нэг хоол идэх тухай биш, маш нарийн учиртай ёс уламжлал юм шүү дээ.
Битүүний орой бол айл хотлоороо хамгийн хүндтэй, дээдлэн үйлддэг зан үйл. Тэр өдөр нас хамгийн өндөр хүний үгийг бүгд дагана. Эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүй. Нар жаргаж, гялаан од баруунтаа гарахаас өмнө бог малаа хотлуулна. Гялаан од гарсны дараа үхрээ, гурван марал од гарсны дараа адуугаа хотлуулдаг дэгтэй. Энэ бүхэн тэнгэр, од эрхэстэйгээ зохицож амьдарч ирсэн монгол ухаан.
Битүүний орой 21:40–23:40 цагийн хооронд хүндэтгэлийн ширээгээ засч, идээгээ ариулна. Дараа нь гэрийн эзэгтэй маргааш өмсөх хувцсыг бэлтгэнэ. Унтахын өмнө долоон бурхан одондоо залбирч, сүү өргөнө. Үүнийг “хөдөөнийхний ёс” гэж ойлгож болохгүй. Бид бүгд малчин удамтай ард түмэн. Мах идэж, сүү ууж, дөрвөн улирлын агаар, усыг хүртэж амьдарч байгаа цагт байгаль дэлхийтэйгээ харьцана гэдэг Цагаан сарын гол утга.
2027 онд XVIII жарныг зөв гаргана гэдэг их учиртай. Жарны тоолол, махбодийн эргэлт гэдэг бол зүгээр нэг тоо биш, ард түмний хийморь, заяатай холбоотой зүйл гэж ахмадууд үздэг.
Зарим айл битүүний орой тотгон дээрээ мөс, цас, өвс тавьдаг. Энэ нь Лхам бурхан айлд морилно гэж үзээд хүлэгт нь зориулж бэлдэж буй хэрэг. Арга билгийн бэлгэдэл. Үлгэр домгийг зүгээр нэг өнгөрсөн зүйл гэж голж болохгүй. Тэнд амьдралын ухаан бий.
Битүүнд уурлах, архи уух, хашгирах, амьтан зодох, угаасан хувцас гадаа хонуулах, сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Өр авлагаа цэгцэлнэ. Малаа цатгалан, нохойгоо хоолтой байлгана. Битүүний 23:45-д хулгана цаг орж ирнэ. Ам цагаан хулгана морилж ирэхэд гэртээ идээ будаа элбэг байвал ирэх 365 хоногтоо өлсөж, цангахгүй гэсэн бэлгэдэлтэй. Ийм учрыг мэдэхгүйгээс залуус гэрээ эзгүй орхиод явчихдаг нь харамсалтай.
Хэрэв айлд хонохоор бол ам бүлийнхээ тоогоор тахилын цөгцөд зул асаасан байх ёстой. Унтахдаа өрхөө тэгшилнэ. Орон сууцанд бол хөшгөө хаана. “Гурвалжин зурсан газар өнжөөд, дөрвөлжин зурсан газар хоно” гэдэг нь өрхөө тэгшилж, өглөө татах ухааныг хэлсэн үг.
Үндэсний хувцасны тухайд “Монгол ёсоор тэмдэглье” гэж тусгайлан уриалах нь хүртэл сонин. Бид эх орондоо амьдарч байгаа атлаа өөрөөр яах юм бэ? Цагаан сараар дээл, малгайгаа өмсөнө. Гол нь хиргүй, бүтэн байх ёстой.
Гарын бэлгийн хувьд монголчууд бэлгээр өрсөлддөг ард түмэн биш. Гол нь ам хүрч, үг сонсох. Урьд нь ээзгий, хэдэн төгрөг, хадаг, хоргой даалин, ёотон өгдөг байсан. Заавал хосоор өгнө. Нэг ширхэг зүйл өгдөггүй. Идээ ундааг хоёр удаа хүртэнэ. Харин хурим, насны ой зэрэгт гурван удаа дугараатай.
Тавгийн идээг 3–7 үеэр засна. Эгэл ард 3–5 үе байхад хангалттай. “Би мөнгөтэй” гээд олон үеэр засах ёсгүй. Аав нь амьд байхад ааваасаа өндөр идээ засахгүй. Хэрэв аав бурхан болсон бол том хүү нь аавынхаа засч байсан үеэр засна. Энэ бол эрэмбэ дараа, хүндлэл.
Шинийн 1-ний өглөө туулай цаг буюу 5:40–7:40-д босно. Энэ цагт босч чадахгүй бол тэр жилдээ хийморьтой явна гэж яриад ч хэрэггүй гэдэг. Хүндэтгэх шалтгаангүй бол хүүхдүүдээ ч босгоно. Тэгвэл бүтэн жилдээ босоо хийморьтой явна.
Золгохоос өмнө мөрөө гаргана. Ялангуяа өрхийн тэргүүн, бүстэй хүү зүгээ гаргана. Шинийн 1-нд луу цаг буюу 7:40–9:40-д золгодог. Буцалгасан аяга сүүтэй байна. Нар зөв тойруулж хүртэнэ. Энэ өдөр хүн бүрийг хоёр хацар дээр нь үнсэнэ. Дараа өдрүүдэд зөвхөн үр хүүхэд, ойрын саднаа үнсэнэ. Золгосны дараа хангай дэлхийдээ идээнийхээ дээжийг өргөнө. Дэлхий биднийг төрүүлсэн учраас түүндээ хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг.
Хэрэв эцэг эхтэйгээ шинийн 1-нд золгож амжихгүй бол шинийн 3, 8, 15-нд, эсвэл зуны эхэн сарын шинийн 15-нд учран золгодог. Эдгээр өдрүүдэд л эцэг эх үр хүүхдээ хүлээдэг хатуу дэгтэй.
Эцэст нь хэлэхэд, Цагаан сар бол идэж уухын нэр биш. Хүн ёсоо сахиж, эрэмбэ дараагаа мэдэж, байгаль дэлхий, тэнгэр одтойгоо зохицож амьдрах ухааны баяр. Хэн зөв уламжлалаар жарны төгсгөлийг үдэж, шинэ жарныг угтана, тэр айлд хийморь заяа тогтож, амгалан тайван жилүүд үргэлжилнэ гэж өвгөд дээдэс захиж ирсэн юм шүү дээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ