Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Зангиа”-тай архичид олширчээ


Архидалт орон гэргүй хүмүүсээр хязгаарлагдахгүй болж, далд хэлбэрт шилжсэнийг гэр бүлийн маргаан, хүүхдүүдийн сэтгэл зүйн хямрал, хүчирхийлэл, хөдөлмөрийн чадвар алдалт, осол гэмтлийн тоо, өвчлөл, нас баралт гэрчилсээр байна. Хүүхдүүд, аав, ээжийнхээ архины эхүүн үнэрээр баасан гараг, амралтын өдөр “ирснийг” мэддэг болтлоо архидалт хавтгайрсан гэвэл та итгэх үү. Согтууруулах ундааны тогтмол хэрэглээтэй гэр бүлд өссөн хүүхдийн сэтгэц, зан байдалд энэ нь шууд нөлөөж, ирээдүйд “хар ус”- ны хамааралд өртөх магадлал өндөрсдөгийг олон улсын судалгаагаар баталсан байдаг. Монголын нийгмийн амьдрал тогтворгүй, иргэд стресс бухимдал ихтэй, өр зээлтэй, цалин багатай, цаг наргүй ажилладаг. Тэр хэрээр сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай болчихсоноо ч нуулгүй ярьцгаадаг. Утаатай, угаартай, түгжрэлтэй, бохирдолтой хотод угаасаа эрүүл амьдарна гэдэг хэцүү. Тэглээ гээд архиар өөрсдийгөө “угжиж”, нэмж хордуулна гэдэг ухаангүй хэрэг бус уу.
Сүүлийн жилүүдэд ил, далд архидалт эр, эм, хөгшин, залуу гэлтгүй нийгмийн бүх давхаргыг хамрах болсныг эмч нар сэрэмжлүүлж байна. Тэр дундаа хүн харахад цэмбэгэр, ажил хөдөлмөр эрхэлдэг, амьдрал нь тогтвортой ч согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг “зангиа”-тай архичид олширсон гэнэ. Өөрөөр хэлбэл, ажлынхнаараа, найз нөхдөөрөө, гэр бүлийн хүрээнд, ганц, хоёроороо гэхчлэн “нууцаар” архидах үзэгдэл хавтгайрчээ. “Зангиа”-тай архичдын гаднах дүр төрх сая хэлсэнчлэн энгийн. Гэвч тархинд нь архидалтын хуваарь, давтамж, зохион байгуулалт зэрэг нь “түрээсгүй” оршдог аж.
“УУХ ДАВТАМЖ ОЙРТОХ НЬ ХАМААРАЛТАЙ БОЛСНЫ ШИНЖ”
Залуус цэнгээний газарт өдөр алгасалгүй хөлчүүрхэж, хөдөлмөрийн насныхан гэртээ, эсвэл караокед согтуурч, төрийн түшээд нь лонхны “цаана” бодлого ярьж суудаг гэх. Манайхны “Баасан ахын төрсөн өдөр” хэмээх тоглоом наргиан сүүлдээ амралтын өдрийг угтсан их архидалт болж хувирчээ. Энэ нь аажимдаа хүмүүсийн амьдралын хэв маяг болтлоо “нутагшсан” байна. Үүний уршгаар ажлын сүүлийн болон амралтын өдрүүдэд архины шалтгаант хүчирхийлэл, осол, гэмт хэрэг, яаралтай тусламжийн дуудлагууд хэд дахин нэмэгддэг болоод удав.
Наркологийн эмнэлгийнхэн “Долоо хоногийн ганцхан өдөр архи, согтууруулах ундаа тогтмол хэрэглэснээр тохиолдлын тоо сард 4-5, жилд 60-аас олон удаа давтагдана. Энэ бол донтолтын нэг хэлбэр юм. Тухайн хүн архины хамааралтай амьдарч эхэлсэн гэсэн үг л дээ. Улмаар уух давтамж нь ойртох буюу долоо хоногт 2-3, цаашлаад олон хоногоор үргэлжлүүлэн уудаг бол эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хэмжээнд хүрснийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, та архины хамааралтай буюу донтох өвчтэй болсноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Архинд донтож байгаагийн хамгийн наад захын шинж тэмдэг бол тухайн хүн өөрийгөө хэзээ ч хэтрүүлэн хэрэглэдэг гэж боддоггүй, хүмүүсийн хэлснийг үргэлж үгүйсгэж, өөрийгөө өмөөрдөг. Гэр бүл, ойр дотно хүмүүсээ зовоож, агсам согтуу тавьдаг хэрнээ “Би хэзээ ч архичин болохгүй” гэдэг. Мөн ажил, амьдралаа алдахгүйгээр хааяа уухад яадаг юм бэ хэмээн зөрүүдэлж ч үзнэ. Хайртай хүмүүстээ та энэ мэт төвөг удаад, долоо хоног бүр сархад хүртдэг бол өөрийгөө архины хамааралтайд тооцож, сэтгэл зүйн болон бие махбодын эмчилгээ яаралтай хийлгэх шаардлагатай. Үгүй бол ингэж явсаар нэг мэдэхэд гудамжинд гарч, цаашлаад архинд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй” гэсэн юм.
СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД 4407 ХҮН АРХИНД ХОРДОЖ НАС БАРЖЭЭ
Донтох өвчтэй буюу нэгэнт архины хамааралтай амьдрах сонголт хийж, гудамжинд гарсан хүмүүсийн тухай дээр огт дурдаагүй шүү. Ахуйн хүрээний архидалт далд хэлбэрт шилжиж, жил бүр олон мянган хүн бор дарснаас болж эрүүл мэндээрээ хохирч, түүний шалтгаант өвчнөөр нас барах нь нэмэгдэж буйг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаа ч “хэлээд” өгч байна. Тус төвийнхний эмхэтгэсэн үзүүлэлтээс харахад 2020 онд 832 хүн архины шалтгаант өвчин, хордлогын улмаас яаралтай тусламж авчээ. Үүний 191 нь эмэгтэй, үлдсэн нь эрчүүд байсан аж. Тэгвэл өнгөрсөн оны байдлаар архинд хордож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан хүний тоо 5333-т хүрсэн байна. Тэдний 4467 нь эрэгтэй, 866 нь эмэгтэй. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд архины хордлогын улмаас эмнэлэгт хандсан эмэгтэйчүүдийн тоо 4.5, эрчүүдийнх долоо дахин нэмэгджээ. Энэ бол аюулын харанга дэлдэх хэмжээний үзүүлэлт гэдгийг албаныхан хэлсэн.
Иргэдийн зарим нь архинд хордох гэдгийг “Азийн чоно”-оор л төсөөлдөг аж. Өөрөөр хэлбэл, хортой архи л уучихгүй бол сархад хүртээд үхнэ гэж юу байх вэ гэх хүн цөөнгүй. Тэгвэл найз нөхдийн төрсөн өдөр, байгууллагын ой, ажлын зугаалга, анги хамт олны уулзалт, одон, медаль, үсний найр, шинэ байрны мялаалга гээд иргэд жилд “архи рилга” цөөнгүй авдаг. Нэмээд аялал зугаалгын сарууд, наадам, шинэ жил, Цагаан сар, валентин, март, цэргийн, ээжийн, аавуудын баяр гээд дуусахгүй тэмдэглэлт өдөртэй. Тэр бүрд нийтээрээ архидан согтуурцгаана. Үүний уршгаар сүүлийн таван жилд 4407 хүн архинд хордож нас баржээ. Тэд хортой архи уугаагүй, зүгээр л хоног тутмын хэрэглээ, тэмдэглэлт баяр ёслол, хэн нэгэн найзынхаа төрсөн өдөрт яваад эргэж ирээгүй гэхээр дэндүү харамсалтай.
Дүүргийн эмнэлгүүдийн Яаралтай тусламжийн тасгууд баасан гаргаас эхлэн бямба, ням гаргийн шөнө болтол архины хордлого, шоктой үйлчлүүлэгчдээр дүүрдэг гэнэ. Өвдөж зовсон хүмүүст тусламж үзүүлэх гэхээсээ илүүтэй согтуучуудыг эрүүлжүүлэн эмчлэх гэсээр өдрийг бардаг аж. Төрөл бүрийн согтууруулах ундаа нэг дор их хэмжээгээр хэрэглэх, олон хоног дараалан уух зэрэг нь бие махбодыг хордуулан, эрдэс, аминдэмийн дутагдалд оруулж, улмаар тархи, элэг, бөөр, зүрхний үйл ажиллагааг гэмтээдэг байна. Согтууруулах ундаа их хэмжээгээр ууж хордсон тохиолдолд ихэнх өвчтөнд зүрхний хэм алдагдах, бөөрний дутагдалд орох, элэгний эс эргэн сэргэхгүйгээр задрах, тархины эсүүд үхжих гэх мэт аюултай шинж тэмдэг илэрч, богино хугацаанд олон эрхтний дутагдалд оруулж үхэлд хүргэдэг гэнэ.
Түүгээр ч зогсохгүй хар залуугаараа, ид хийж бүтээх насандаа, эрүүл саруул, архаг хууч өвчингүй хэрнээ, элэгний В, С, вирусгүй атлаа архи уугаад элгээ “задалчихсан”, бөөрөө ажиллагаагүй болгочихсон өчнөөн зуу, мянган хүн байна, цаана чинь. Тэд насаараа хоолны дэглэмд захирагдаж, хүссэнээ ч идэж, ууж чадахүй, ажил хөдөлмөр ч эрхлэх боломжгүй, “улсын асрамж”-д шилжин, группийн тэтгэмжээр амь залгуулж үлдсэн насаа өнгөрүүлдэг тухай эмч нар хэлэв.
ОСГОСОН ХҮМҮҮСИЙН ОЛОНХ НЬ СОГТУУ БАЙДАГ
Өвлийн жавар тачигнасан өдрүүдэд хөлдөж, осгосон хүнээр Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ) дүүрдэг. Манайх шиг өвөл нь 40 градус хүрч хүйтэрдэг улсад осгож гэмтэх тохиолдол их. Тэр дундаа “хар уснаас” болж хайран амь, бие эрхтнээ золиосолж буй нь ч элбэг. ГССҮТ-ийнхний хэлснээр осгосон хүмүүсийн ганц гар биш, ихэнх тохиолдолд дөрвөн мөч нь хөлдсөн ирдэг. Ийм тохиолдлоор эмнэлгийн тусламж авагсдын 90 гаруй хувь нь архи хэтрүүлэн хэрэглэсэн байдаг гэв. “Тасраад” уначихсан хүн өмдөндөө бие засна. Шингэн тархсан хэмжээгээр хөлдөх талбай томордог гэсэн юм. Ялангуяа шинэ жилийн баярын өмнөх долоо хоног, Цагаан сарын үеэр ийм шалтгаанаар ГССҮТ-д хандах хүний тоо эрс нэмэгддэг байна. Бие нь хүнд зэргийн хөлдсөн 8-10 хүн ирлээ гэхэд 4-5 нь нас барах эрсдэл өндөр аж. Осгосон зэргээс нь хамаарч эмчилгээ хийх гэхээр заримынх нь архины хордлого “дийлддэггүй” хэмээн халаглана.
Иргэд ийн архинд хавтгайран донтох болсныг нийгэм, сэтгэл зүйн олон судалгаа харуулж буй юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийнхөн өнгөрсөн хоёрдугаар сард “Өсвөр насныхны 70.6 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн. Насанд хүрэгсдийн тав орчим хувь нь архинд донтох эмгэгтэй” гэж мэдээлж байв. Үүн дээр “зангиа”-тай архичдыг нэмбэл Монголд бор дарснаас хамааралгүй хүн бараг үлдэхгүй нь бололтой.
Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэх эртний мэргэдийн үг бий. Ганцхан өдрийн болчимгүй үйлдэл таныг хаана ч хүргэж болзошгүй. Бүх зүйл оройтсон үед мянгантаа гэмшиж, түмэнтээ уучлал гуйгаад ч гэр бүл, хамт олон, хань ижил, үр хүүхэд, эрүүл мэндээ эргүүлэн авах боломжгүйд хүрсэн тохиолдол олон байдгийг сэтгэл зүйчид сануулсан. Монголчууд согтууруулах ундаанд амархан хордож, нас бардаг нь нэгдүгээрт, хэтрүүлсэн хэрэглээ ихтэй. Хоёрдугаарт, монгол хүний бие махбод, тэр дундаа элэг алкоголийн төрлийн бодис задлах чадвар төрөлхийн муу байдагтай нь холбоотойг эмч нар хэлсээрирсэн.
Дээрээс нь, манай улс архи, шар айргийг ус шиг үйлдвэрлэдэг. НЭМҮТ-ийн судалгаагаар Монгол Улсын 15-аас дээш насны нэг хүнд ногдох архины хэрэглээ жилд дунджаар 17-21 литр байна. Архи, дарс, шар айргийн хэрэглээг нийлүүлэн тооцвол уг үзүүлэлт 50 литрт хүрнэ. Энэ нь манайх ДЭМБ-ын ангиллаар архины дундаас дээш түвшний хэрэглээтэй улс орон болохыг гэрчлэх статистик юм. Тэгвэл дэлхийд өндөр хэрэглээтэй гэгддэг ОХУ-ын нэг хүн ногдох архины хэмжээ 11.7 литр, манайхаас хоёр дахин бага байх жишээтэй. Швед, Норвег, Финландад уг үзүүлэлт 7-9 литр. Борлуулалт нь хатуу хязгаарлалттай, төрийн зохицуулалт өндөртэй. Франц, Итали, Испани дарсны хэрэглээ өндөртэй ч энэ нь соёл болтлоо хэвшсэн. Өөрөөр хэлбэл, хэтрүүлэн хэрэглэх тухай ойлголт тун бага. АНУ-д ч гэсэн нэг хүнд 9-10 литр архи ногддог. Гэсэн ч тэд градус багатай шар айраг түлхүү хэрэглэдэг аж. Африк, Энэтхэгт согтууруулах ундааны үйлдвэрлэл нэг хүнд 3-5 литр ногдох хэмжээнд буюу харьцангуй бага. Алкоголийн соёлгүй манайх шиг улсын хувьд архи, согтууруулах ундаанаас бүрмөсөн татгалзах нь өөрийгөө болон хайртай хүмүүсээ аливаа эрсдэлээс хамгаалах хамгийн зөв арга зам гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан дуу нэгтэй зөвлөлөө.
О.Оргилох
https://www.unuudur.mn/a/278466
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ