
Увс аймгийн 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн баярын арга хэмжээ энэ сарын 26-30-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Ойн баярыг угтан 2 тэрбум, 40 сая төгрөгийн хөрөнгөөр Улаангом хот руу орох гарах хаалгыг шинэчилсэн байна. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор Д.Сурмаажав гэр бүлийнхээ хамтаар хөрөнгө гаргаж, угтах үдэх иж бүрэн цогцолборыг ашиглалтад оруулжээ.
Д.Сурмаажав "Гэр бүлийнхээ хэмжээнд 40 гаруй жил цуглуулсан мөнгөөрөө аймгийнхаа ард түмэндээ хаалга босгож өгсөн. Миний нас 70 хол гарсан. Тийм учраас байгаа боломжоо ашиглаад ийм бүтээл хийж өгье гэж санасан. Энэ зөвхөн миний санаа биш. Маш олон хүний санаа, сэтгэл нэгдсэн" гэсэн байна.
Хаалгыг нээх арга хэмжээг зохион байгуулж Энэтхэг болон Монголын лам нарыг урьж ном уншуулж, хос суваргын равнай өргөх ёслол хийжээ.
Эх сурвалж: Увсын мэдээ