
Өнгөрсөн жил Боловсрол шинжлэх ухааны яамнаас хуурамч дипломоор боловсролын салбарт ажиллаж буй цөөнгүй хүмүүс байгааг илрүүлж, зохих хуулийн хариуцлагыг хүлээлгэсэн байна. Гэвч хуурамч дипломоор төрд ажиллаж буй хүмүүс байсаар байгаагийн нэг жишээ бол Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг юм. Тэрбээр ШУТИС-ийг 2008 онд цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн гэх D200828037 дугаар бүхий дипломыг ажилд орох үедээ бичиг баримтдаа хавсаргаж өгчээ. Гэтэл энэхүү диплом нь хуурамч бөгөөд D200828037 дугаар бүхий диплом нь гидрогеологи мэргэжлээр төгссөн Т.Өрнөхийн дипломын эх хувь болон ШУТИС-ийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяагийн Замын хөгжлийн газарт илгээсэн албан бичгээр баталгаажиж байгаа билээ.
Төрийн албаны тухай хуульд зааснаар, төрийн жинхэнэ албан хаагчид тавих шаардлагыг тодорхой заасан байдаг. Төрийн захиргааны албан тушаалд ажиллаж буй хүн дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй байна гэж хуульчилжээ. Хуурамч дипломоор төрд ажиллавал ямар хариуцлага хүлээдэг эсэхийг Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Маргаан хянан шалгах газрын ахлах референт Э.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Төрийн албанд хуурамч дипломоор ажилд орвол ямар хариуцлага хүлээдэг вэ?
-Төрийн албаны тухай хуульд зааснаар, төрийн жинхэнэ албан хаагчдын нийтлэг шаардлагыг хуульчилсан байгаа. Төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа хүн дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй байна. Хуурамч диплом ашиглаж, төрд ажиллаж байгаа бол энэ шаардлагыг хангахгүй байна гэсэн үг. Тэгэхээр төрд ажиллах нь байтугай төрийн захиргааны албан тушаалд томилогдох боломжгүй. Хэрвээ томилогдоод ажиллаж байгаа тохиолдолд, гомдол мэдээллийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийдэг. Хяналт шалгалт хийгээд холбогдох байгууллагууд, боловсролын байгууллагуудаас бүх баримт материалыг нь шалгаж судлаад хуурамч гэдгийг нь тогтооно. Үүнийг цагдаагийн байгууллага буюу мөрдөн шалгах ажиллагаагаар эцэслэн тогтооно. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгээрээ эрүүгийн хариуцлага хүлээх зүйл заалттай.
Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар, дээд боловсролтой байх шаардлагыг хангаагүй тохиолдолд хугацаатай үүрэг өгдөг. Тухайн байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтанд хугацаатай үүрэг даалгавар өгнө. Томилох эрх бүхий албан тушаалтан үүнийг хугацаандаа биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ Төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаанд үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол Төрийн албаны зөвлөлөөс өөрсдөө тухайн албан тушаалтныг томилсон шийдвэрийг цуцлах эрх үүрэгтэй. Сүүлийн үеийн жишээгээр, төрийн албанд хуурамч дипломоор ажилд орсон тохиолдолд төрөөс авсан хугацааны бүх цалин хөлсийг нөхөн төлүүлэх Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан байгаа.
-Хуурамч дипломтой гэдгийг нь мэдсээр байж үргэлжлүүлэн ажиллуулсан тохиолдолд тухайн байгууллагын удирдлагад ямар арга хэмжээ авдаг вэ?
– Хуурамч дипломтой болохыг нь эрх бүхий байгууллагууд тогтоочихоод, албан үүргээс нь чөлөөлөхийг шаардаад байхад биелүүлэхгүй бол түүнийг томилох эрх бүхий албан тушаалтан мөн хуулийн хариуцлага хүлээх заалттай. Төрд учирсан хохирол буюу тухайн хүнийг цалинжуулж байсан зардлыг буцаан төлүүлнэ.
-Өнгөрсөн жил хуурамч дипломтой хичнээн хүнийг төрийн албанаас чөлөөлсөн бэ?
-Өнгөрсөн жил Боловсрол шинжлэх ухааны сайд зөврхөн боловсролын салбартаа хуурамч дипломоор ажилд орсон хүмүүсээ шалгаж, тогтоосон. Нэлээд олон зөрчилтэй хүмүүс илэрсэн бөгөөд бүгдийг нь ажлаас чөлөөлсөн байгаа. Улсын хувьд хуурамч дипломтой хүмүүсийн шалгаж тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа учир өнөөдрийн байдлаар хэдэн хүн чөлөөлснийг одоогоор хэлэх боломжгүй байна