Зам тээврийн ноцтой ослын улмаас өчигдөр /2020.07.29/ орон нутагт дөрвөн хүн амь насаа алдаж, долоон хүн гэмтсэн байна. Тээврийн цагдаагийн албанд өчигдөр зам тээврийн ослын шинжтэй нийт 149 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ноцтой ослын мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020.07.28 Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг, “Их бүдүүний шил” гэх газарт асфальтан замд Toyota-Corolla маркийн автомашины жолооч О нь Guagun маркийн Ш жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч 45 настай, эрэгтэй Ш амь насаа алджээ.
2020.07.29 Увс аймгийн Тариалан сумын нутаг, “Тээлийн гол” гэх газарт асфальтан замд Honda-CR-V маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 47 настай, эрэгтэй Ц, жолооч 41 настай, эрэгтэй Б нарын амь насаа алдсан байна.
2020.07.29 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р баг, “Нисэх буудал” гэх газарт шороон замд Жалам хар маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч Б (56 настай) нисэх зурвасын багана мөргөж, амь насаа алджээ.
Зам тээврийн ноцтой ослоос гадна цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гурван хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож, баривчилсан байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба