Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан хүндэрдэг учраас цахилгаан хэмээн тодотгожээ.
Энэ өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлждөг. Мөн дагз нь хөших, гэрлээс айх, маш цочимтгой болох, хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих шинж тэмдгүүд илэрдэг.
Эдгээр шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчнөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог маш аюултай өвчин юм.
Гэхдээ шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай эмнэлгийн тусламж авч чадвал энэ өвчин бүрэн эдгэдэг байна. Менингококкт халдвараар бүх насныхан өвчлөх эрсдэлтэй ч 5 хүртэлх насныхан илүү өртөмтгий. Тиймээс бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байгаарай.
Эцэг эх, асран хамгаалагч нарт уг өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
Илрэх шинж тэмдэг:
- Гэнэт өндөр халуурах
- Бөөлжих
- Ядарч сульдах
- Хурц гэрэл, дуу чимээнд эгдүүцэх
- Цусархаг тууралт гарах
- Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
- Хоолонд дургүй болох
Урьдчилан сэргийлэх аргууд:
- Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг эмчлэх
- Өглөө бүр нүүр гараа угааж, сармис, нимбэг, чацарганын шүүс хэрэглэх
- Өвдөхөөс сэргийлж, өрөөг агааржуулах
- Өдөр бүр гараа тогтмол угаах
- Дархлаа дэмжих витаминтай хоол хүнс хэрэглэх
- Улиралдаа тохируулан дулаан хувцаслах
- Маск зүүж, гараа тогтмол халдваргүйжүүлэх