Улаанбаатар хотод халдварт менингококк өвчний тохиолдол бүртгэгдэж, холбогдох эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөмж, анхааруулга, сэрэмжлүүлгийг цаг алдалгүй шуурхай хүргэж ажиллаж байна.
Бид энэ талаар илүү тодорхой мэдээлэл хүргэх зорилгоор ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасантай товч ярилцлаа.
-Тохиолдол хэд байгаа вэ, бас ойрын хавьтлуудын талаар мэдээлэл өгөөч?
-Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт нэг тохиолдол бүртгэгдсэн, 10 настай хүүхэд байгаа. Одоогоор биеийн байдал нь хүнд, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Манай зүгээс өвчтөний ойрын хавьталд судалгаа хийж тодорхойлоод тухайн хүмүүст эмчийн хяналт, эрүүлжүүлэх арга хэмжээ авч байна.
Ойрын хавьтлыг 10 хоног хянах ёстой. Тэр хяналтаа хийж байна. Одоогоор хавьтлуудаас нь өвдөж, нэмэгдсэн тохиолдол байхгүй.
-Энэ халдварын онцлог нь юу вэ. Бид юуг анхаарах ёстой вэ?
-Эцэг эхчүүдийн гол анхаарах зүйл нь энэ өвчний тухайд бид нэг тохиолдол гарахад яагаад ингэж их мэдээлэл өгөөд байна вэ гэхээр маш богинохон хугацаанд хүндэрдэг, эндэгдэл нас баралт өндөртэй өвчин. Нийт өвчлөлийн 80-90 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байдаг. Тийм учраас эцэг эхчүүд маань томуугийн энэ дэгдэлтийн үед шинж тэмдэг нь ойролцоо учир андуураад эмнэлэгт оройтож хандах тохиолдол нийтлэг.
Сүүлийн судалгаанаас харахад нас барсан тохиолдлын 60-70 хувь нь эрүүл мэндийн байгууллагад хожимдож хандсан учраас эндэгдэлд хүрсэн голлох шалтгаан болсон байдаг.
Уг нь сайн анзаарвал томуугаас жаахан ялгаатай явагддаг. Маш өндөр 40 хэм хүртэл халуурна. Халууны эм уусан ч 30 минутаас нэг цаг буугаад эргээд маш өндөр халуурна. Хүүхдийн царай цонхийж цайна. Толгой маш хүчтэй өвдөнө. Гэрэл, дуу чимээнд маш мэдрэг болж нүдээ аниад толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөх нь нийтлэг. Улам ноомой, унтаа байдалд шилжинэ. Халуурснаас зургаан цагийн дараа тууралт гарч эхэлдэг. Ингэхдээ доод мөчдөөс эхэлнэ. Эцэг эхчүүд хувцсыг бүтэн тайлж үзэхгүй анзаарахгүй байж байгаад тууралт гарснаас хойш 12 цагийн дараа бүх биеэр гарахад анзаардаг.
Эхлээд жижиг жижиг улаан тууралт байснаа хоорондоо нийлээд цусархаг тууралт болно. Тууралт нүдээр харагдаж байнаа гэдэг нь хүндрэлийн нэг хэлбэр юм.
-Тухайн тохиолдол халдвар авах үедээ сургуулийн орчинд байсан уу?
-Хүүхдийн байгууллага дээр арга хэмжээг авчихсан.