ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа өнөөдрийн /2021.03.10/ ээлжит мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өчигдөр нийт 11170 хүнд шинжилгээ хийснээс 109 тохиолдол бүртгэгдэж, 3481 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй, дотоодод халдвар авсан хүний тоо 2952 боллоо. Өнөөдөр шинээр бүртгэгдсэн халдвар нь Улаанбаатар хотод 96, Төв аймагт 7, Завхан аймагт 2 хүн нэмэгдлээ. Ингэснээр Улаанбаатар хотод 2608 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 32 хүн эмчлэгдсэн. Шинээр халдвар авсан 109 хүнээс 104 нь ойрын хавьтал байна. Ингэхдээ 95 хүнд эхний шинжилгээгээр халдвар илэрсэн бол 10 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Одоогоор 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажил хийгдэж байна.
Оршин суугаа байршлын хувьд ЧД-ийн 6-р хороо, СХД-ийн 20,35-р хороо, ХУД-ийн 15-р хорооноос халдвар илэрсэн. Эмчлэгдэж байгаа иргэдийн 615 нь хөнгөн, 46 нь хүндэвтэр, 4 хүнд, 3 маш хүнд байна. Ойрын үед халдварын тоо болон эрүүл мэндийн ажилтнуудын дунд халдвар нэмэгдэж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа маш хүнд хүний тоо нэмэгдэж байна. Тиймээс голомт гэдэг үгэнд битгий анхаарал хандуулаач. Халдварын тархалт бага байх үед голомт гэж яригдана. Одоо бол халдвар авах эрсдэл хаа сайгүй байна. Улаанбаатар хотыг бүхэлд нь нэг голомт гэж үзэж байна. Агаар дуслын замаар халдвар авах эрсдэлээс сэргийлдэг нэг гол арга бол агаар сэлтгэлт юм. Ойрын өдрүүдэд агаар сэлтгэлтийг маш сайн хийх хэрэгтэй байна. Эцэст нь хавьтал болсон хүмүүс ажлын байр, авто машиндаа өөрийгөө тусгаарлах тохиолдол гарч байна. Ингэх шаардлагагүй, мэргэжлийн хүмүүс очиж шинжилгээ авах хүртэл хоёр давхар маск зүүгээд гэртээ өөрөө өөрийгөө гэрийнхнээсээ тусгаарлаад байж байх шаардлагатай" гэлээ.