2024 оны 12 дугаар сарын 14-ны 08.00 цагаас 12 дугаар сарын 15-ны 08.00 цаг хүртэлх цаг агаарын тоймыг танилцуулж байна. Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-23.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Баянхонгорын Гурванбулагт 23.0 см, Жаргалант, Баянбулагт 13.0 см, Завханы Цагаанчулуут, Сэлэнгийн Бугантад 12.0 см, Баян-Өлгийн Сагсай, Сэлэнгийн Хүдэр, Увсын Малчинд 11.0 см, бусад хэсгээр 0.0-10.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Өчигдөр өдөр Дорнодын Халх голоор 0.2 мм цас орсон. Бусад нутгаар цас ороогүй.
Завхан голын эх, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -25…-31 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр -17…-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар -1…-8 градус, бусад нутгаар -9…-16 градус хүйтэн байв.
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -35…-43 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул голын хөндийгөөр -27…-34 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар -10…-16 градус, бусад хэсгээр -18…-24 градус хүйтэн хонов.
Cалхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр -11…-13 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -28 градус, бусад хэсгээр -21 градус хүйтэн хоносон байна.