Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сайхан далим: Төрийг цахимжуулъя, төрлүүдийг цөөлье!


Нэг.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025 оны улсын төсвийг хоёр дахь удаагаа УИХ-д өргөн барихаар болов. Парламентын засаглалд шилжсэнээс хойшхи анхны тохиолдол энэ юм. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан анхны төсөв болов.
УИХ-аас 2025 оны улсын төсвийн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд, алдагдал нь 1.9 их наяд төгрөг байхаар баталсан. Гэвчиг Сангийн сайд Б.Жавхлангийн “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд суурилсан төсөв парламентын босго давсан ч Ерөнхийлөгчийн хоригийг давж чадаагүй.
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан үндэслэлийг нь Тамгын газрын дарга Г.Занданшатар хэвлэлд тайлбарлахдаа  “Гадаад зах зээл, түүхий эдийн үнэ,  валютын нөөц, төсвийн хуримтлалаа н төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх нь зүй ёсны шаардлага” болохыг тодотгосон.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ, Засгийн газар дуулгавартай хүлээж авсан нь улс төрийн тодорхой шалтгаануудтай байсан.  Гэхдээ  гол асуудал нь улсын төсвийн алдагдал нь байв уу, аль эсвэл улс төрийн эрх ашиг нөлөөлөв үү гэдэг нь анхаарлын тэмдэг. 2019 оны төсвийг 2.1 их наяд, 2020 оны төсвийг 2.08 их наяд, 2021 оны төсвийг 2.2 их наяд, 2022 оны төсвийг 2.4 их наяд, 2023 оны төсвийг 1.5 их наяд, 2024 оны төсвийг 1.5 их наядын алдагдалтай баталсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн зургаан жилийн төсвийн алдагдалтай харьцуулахад 1.9 их наяд тийм ихдээ орохгүй.
Тэр тусмаа 2025 оны улсын төсөв нь улс орны хөгжлийн шанг татах 14 мега төслийн эхлэлийн цэг болно гэж Засгийн газрын тайлбарласан. Тэгэхээр улсын төсвийг “унагаасан”-ы арын асуудал нь 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуулийн угтвар байж мэднэ. Угаасаа ч Монголын улс төрд өрнөж буй үйлдэл болгон зорилготой, үг болгон эзэнтэй.
Төсвийг зардлыг бууруулна гэвэл төрийн албыг цомхотгоно гэж Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн зүгээр ч нэг ярьчихаагүй нь ойлгомжтой.
Хоёр.
Улсын төсвийн 70 гаруй хувь нь урсгал зардал буюу цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжинд зарцуулагддаг. Ердөө 20 гаруй хувь хөрөнгө оруулалтынх. Гэхдээ Ч.Номингийн ваучер, Ц.Даваасүрэнгийн бяслагийн үйлдвэр нь нэн шаардлагатай хөрөнгө оруулалт биш. Засгийн газар энэ мэт жижигхэн асуудлаас болж том зорилгоо унагааж байхаар зүгээр л хасаад хаях хэрэгтэй.  Тэрчлэн төсвийн зардлыг бууруулъя гэвэл төрийн албыг цомхон хийгээд чадварлаг болгох ёстой юм.
2023 оны нэгдсэн тоон мэдээллээр төрийн 4239 байгууллагад  226.4 албан хаагч ажилладаг байна. Нийт ажиллах хүчний 18.2 хувийг эзэлдэг. Гээд тооцвол  төрийн албыг төрийнхнөөс цэвэрлэх эдийн засгийн шаардлага, улс төрийн шахалт нэгэнт үүсчээ.
Үнэндээ нэг хүний хийх ажлыг Монголд долоон хүн хийдэг гэх яриа онигоо мэдээж биш. Төр нүүрс ухаж, диллер хийж, гудамж цэвэрлэж, хувцас оёж, сонин, сэтгүүл хийж юугаа хийдэг байна аа. Хувийн хэвшлээр хийлгэчих бүх ажлыг төр өөрөө булааж хийдэг. Зардал мөнгө нь томордог.
Жишээ нь, “Тавантолгой түлш” компанид 500 гаруй хүн ажилладаг, тэдний нэг хэсэг нь хийдэг ажил бол  яндан хөөлөх.  Айлын яндан хөөлдөг ажлыг төр хийнэ гэдэг нь эмгэнэл. Иймэрхүү төсвөөс цалинждаг, яг ямар үүрэг зорилготой нь ойлгомжгүй ажлын байр төрд цөөнгүй. Тэр мөртлөө төрийн алба улстөрчдийн төрлийн алба болсон. Ургийн модоо төрд ургуулаагүй улстөрчийг олох нь өвснөөс зүү хайхаас ч хэцүү.
Иймээс Л.Оюун-Эрдэнийн эхлүүлэн төрийн албанд хийх реформ улстөрчдийн ургийн модыг унагааж дийлээгүй унасан. Улстөрчид харин чиг “Алтан улиасыг хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? Алсын газраас тоос гаргадаг туурай чинь аль вэ” гээд сууж байсан нь худлаа биш юм.
Уг нь Монголын төр дижитал боллоо, барилаа гээд байсан хаана байна. “Цахим Монгол” үндэстэн гэх атлаа төрийн алба нь томорч, төсвийн зардал нь улам нэмэгдээд л байгаа. “Цахим Монгол” болж буй нь цаадах бас нэг зорилго нь төрийн албыг цэгцлэх тухай биш байсан юм уу?! Монголын төрийн албыг жинхэнээсээ цахим болгож, төрийн албыг цомхотгож чадвал хамтарсан засаг нэг сумаар хоёр туулай буудлаа  гэсэн үг.
Тиймээс улсын төсвийг улстөржүүлж, унагаасан дээр нь далимдуулаад Л.Оюун-Эрдэнэ улстөрчдийн ургийн модыг тайраад, тасчаад явчих хэрэгтэй. Ийм реформ хийж чадвал Л.Оюун-Эрдэнэд жинхэнээсээ баяр хүргэх ёстой юм.

https://news.mn/r/2767867/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ