Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Технологийн салбар хиймэл оюуны хүч чадалд хэр том найдлага тавьж буйг "OpenAI"-ийн шинэ санхүүжилт батлан харууллаа


"OpenAI" шинэ санхүүжилтээр зах зээлийн үнэлгээгээ 157 тэрбум ам.доллар хүргэж, дэлхийн "Топ 3" стартапын нэг болов
“OpenAI” компани 6.6 тэрбум ам.долларын дүн бүхий шинэ санхүүжилт татан төвлөрүүлэх хэлцлийг амжилттай болгосноор тус стартапын зах зээлийн үнэлгээ 157 тэрбум ам.доллар хүрч, дэлхийд тэргүүлэх генератив хиймэл оюун бүтээх хүчин чармайлт нь улам бэхжив.
"Топ 3" стартапын нэг болов
Санхүүжилт босгох үйл ажиллагаанд тэрбумтан Жош Кушнерийн удирддаг венчур капиталын “Thrive Capital” компани толгойлон оролцож, 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Харин “OpenAI”-ийн гол хөрөнгө оруулагч “Microsoft” энэ удаад 750 сая ам.доллароор санхүүжүүлснээр тус стартапт зориулсан нийт хөрөнгө нь 14 тэрбум ам.доллар дөхөв.
Мөн 350 сая ам.долларыг оруулсан “Tiger Global”, 250 саяыг оруулсан “Altimeter Capital”, цаашлаад “Khosla Ventures”, “Fidelity” гэсэн том нэрс санхүүжилт татах үйл ажиллагаанд оролцжээ. Олон улсаас Японы “SoftBank Group”, Абу Дабид төвтэй “MGX” зэрэг фирм хөрөнгө оруулагчдын эгнээнд багтсан байна. Мөн хиймэл оюуны чипийн гол нийлүүлэгч “Nvidia” ч “OpenAI”-д хөрөнгө нэмэрлэжээ.
Энэхүү хэлцэл нь хувийн хөрөнгө оруулалтын түүхэн дэх хамгийн том дүнтэй хэлцлүүдийн нэг болсны сацуу “OpenAI”-ийг венчур хөрөнгө оруулалттай дэлхийн хамгийн том гурван стартапын нэг болгож байна. Өөрөөр хэлбэл Илон Маскийн “SpaceX”, “ByteDance”-ийн эзэмшдэг “TikTok”  компаниудтай эн зэрэгцэж байгаа юм.
“OpenAI”-ийн үнэлгээ ийнхүү үлэмж хэмжээнд хүрсэн нь Цахиурын хөндийг цочроож, технологийн салбар хиймэл оюуны хүч чадалд хэр том найдлага тавьж байгааг батлан харуулсан гэхэд болно. “150 тэрбум ам.долларын үнэлгээг сонсоод хүмүүс алмайрч байна. “OpenAI” удахгүй нээлттэй компани болно гэж найдаж байгаа. Учир нь АНУ-д одоо хиймэл оюуны хамгийн чухал компаниуд нь “Nvidia”, “OpenAI” хоёр байгаа учраас нээлттэй компани болох нь тэдний хувьд логик талаасаа оновчтой алхам” гэж “Altimeter”-ийн Гүйцэтгэх захирал Брэд Герстнер онцолжээ.
Энэхүү санхүүжилттэй зэрэгцэн “OpenAI” бизнес загвараа шинэчлэх бүтцийн томоохон өөрчлөлт хийж, үндсэн чиг баримжаагаа ашгийн төлөө болгохоор төлөвлөж буй. Энэ алхам нь компанид хөрөнгө оруулалтын тал дээр ашигтай байх ч эрх зүйн зарим сорилтуудыг үүсгэх магадлалтай. Мөн шилжилтийнхээ нэг хэсэг болгож OpenAI Гүйцэтгэх захирал Сэм Олтмэндээ нийт хувьцааныхаа долоон хувийг эзэмшүүлэхээр хэлэлцэж байгаа юм.
“Softbank”-ийн AI алсын хараа
Японы хөрөнгө оруулалтын магнат “SoftBank Group” нь “OpenAI”-ийн шинэ санхүүжилтэд 500 сая ам.доллар нэмэрлэснийг дээр дурдсан. Капиталын нүсэр нөөцтэй тус компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Масаёши Сон хиймэл оюуны нэвтрүүлэлтийн цаг хугацааны дарааллыг зураглаж, ойрын ирээдүйд энэ технологи айл өрхийн бүхий л хэрэгцээг хангадаг болно гэж онцолжээ.
“Хиймэл оюун удахгүй гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хянаж, шаардлагатай үед эмч дуудаж, дэлгүүрээс хүнс цуглуулж, ресторанд захиалга өгч, хөрөнгө оруулалтыг оновчилж, хүүхдүүдэд багшлах чадвартай болно” хэмээн Масаёши Сон пүрэв гарагт үйлчлүүлэгч байгууллагуудынхаа форумын үеэр тавьсан илтгэлдээ дурдсан байна. Мөн “OpenAI”, “Meta”, “Google” зэрэг хөгжүүлэгчдийн урт хугацааны зорилт болох “Ерөнхий хиймэл оюун”-ыг ойрын 2-3 жилийн дотор бий болгоно гэж тэрбээр үзжээ.
“Ерөнхий хиймэл оюун” буюу AGI гэдэг нь хиймэл оюун үүрэг даалгаврыг хүн шиг, эсвэл хүнээс илүү гүйцэтгэдэг болох хөгжлийн үе шат юм.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ