Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тусгаарлах байр дутмаг ч иргэдээ татна

 
Гадаадад гацсан иргэдээ эх орондоо авчрахад төр багагүй анхаарч буй. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр нэгдүгээр сар гарснаас хойш 22 удаагийн тусгай нислэг болон хилийн боомтуудаар 10 мянга орчим иргэнээ татан аваад байна. Цар тахлын улмаас дэлхийн өнцөг булан бүрээс Монголдоо буцах хүсэлт гаргаж буй иргэдийн тоогоор тусгай үүргийн нислэгийн давтамжийг ч нэмэгдүүлж байгаа юм.
Зургадугаар сард гэхэд л найман удаагийн нислэгээр 1500 орчим иргэн эх орондоо ирсэн бол энэ сард  10 удаагийн тусгай нислэг болон хилийн боомтоор 3000 орчим иргэнээ татан авах тооцоо байна. Энэ нь өмнөх сараас даруй 50 хувиар илүү үзүүлэлт.
Долдугаар сар гарснаас хойш БНСУ, Япон, Турк, Афганистан зэрэг улсаас зургаан удаагийн нислэгээр 1000 гаруй иргэн бас энхийг сахиулагч эх орондоо ирээд байна. Цаашид ч тусгай үүргийн нислэгийг зогсоохгүй, үе шаттайгаар үргэлжлүүлнэ гэдгийг Засгийн газар, Улсын онцгой комиссынхон онцолж байгаа юм. Гэтэл гадаадын улс орнуудаас ирж буй иргэдийг дор хаяж 21 хоног тусгаарлаж байгаа.
Тусгаарлалтад буй хүмүүс эмнэлгийн хяналтаас гарч амжаагүй байхад чартер нислэгээр иргэдээ татан авчирсаар байгаа нь ёстой л саваа бэлдээгүй байж саалиа бэлдэхийн үлгэр болж байна гэвэл нэг их буруудахгүй болов уу. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ч бас тусгаарлах байрны нөөц хязгаарлагдмал  гэдгийг учирлаад байна. 
УОК-ын дэргэдэх Шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаярын мэдээлснээр нэг өрөөнд нэг хүн тусгаарлана гэсэн шаардлагаас шалтгаалан байрны хомсдол үүсч байгаа аж. Тэрбээр “УОК-ын Шуурхай штабд өргөдөл ирүүлсэн 11 мянга гаруй иргэнээ аль болох татаж авахаар ажиллаж байна. Тусгай үүргийн нислэгийн хуваарь ажиглах байрны нөөц боломжид тулгуурладаг. Тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байгаа нь хүндрэл учруулсаар байна. Одоогоор эх орондоо буцах  хүсэлтээ гаргасан 9,884 гаруй иргэнээ хэрхэн татаж авах, тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэхээр судалж байна” хэмээсэн.
 
Товчхондоо, гадаадаас эх орондоо ирж буй иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр тусгаарлах байрны хүрэлцээ хомс байгаа нь нууц биш.
Одоогоор нийслэл болон орон нутагт нийт 30 байрлалд 3000 орчим  иргэн ажиглалтад байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын нийт 261 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гаднаас “зөөвөрлөгдсөн”. Эдгээрээс ХӨСҮТ-ийнхөн 207 хүнийг эдгээсэн ч  тайвшрах асуудал биш. Бид нэг л удаа алдаа гаргавал халдварыг дотоодод алдах аюултай. Цар тахлын аюултай халдварыг дотооддоо алдсан тохиолдолд хүн амын нэг хувь буюу улсын хэмжээд 32,760 хүн халдвараар өвчилнө гэсэн тооцоо бий.
Нөгөө талаар дотоодын олон аж ахуй нэгж, байгууллагуудын нийгмийн хариуцлага, тэдний хэрэгцээ одоо л чухал байна. Зочид буудлуудын үйл ажиллагаа зогссон, гадаад, дотоодын аялагчдын тоо эрс буурсан энэ үед нийгмийн хариуцлагын хүрээнд улсдаа тусгаарлах байраар туслах хэрэгцээтэй байна. Цаашид улс 5, 10 мянган иргэнээ татах шаардлага тулгарч байгаа энэ цаг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй зочид буудал, дэн буудал үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Тиймээс одоо эдгээр аж, ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд тусгаарлах байраар улсдаа, ирээдүйдээ туслалцаа үзүүлэх хэрэгтэй.
 
Магадгүй хүн амын нэг хувь халдвараар өвчилсөн тохиолдолд хэвтэн эмчлэх байр, эм хангамж, мөн эмч, эмнэлгийн ажилтны нөөцийн асуудал хамгийн чухал гэдгийг ч  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал тодотгож буй.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүх эмнэлэг Covid-19 халдварын эмчилгээ, үйлчилгээнд зориулсан бүтэн нэг сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй, ердийн үеийн хоёр сарын нөөцтэй байгаа нь хангалттай гэсэн үг биш. Цар тахал дэлхий нийтийг нөмөрснөөс хойш хагас жилийн хугацаанд Монгол Улс дотроосоо коронавирусийг алдчихаагүй байгаа нь сайшаалтай.
Энэ олон сарын хугацаанд бид хилээ хаасан, цагаан сар болон бүх баярыг хорьсон, сургууль цэцэрлэг, баар ресторан, буудал, амралт зугаалга гээд бүгдийг хорьж иргэд ч бас сонор сэрэмжтэй байж ирсний үр нөлөө.
Харин цаашид халдварыг дотроосоо алдахгүй, цар тахлыг тойрч гарах эсэх нь хүн бүрийн үүрэг хариуцлагаас шалтгаална!!!
Эх сурвалж: News.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ