Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ж.Давааням: Хэвлэлүүд нэгдэж хар тамхитай нэр холбогдсон олны танил хүмүүсийг бойкот хийх хэрэгтэй


-Хар тамхины хэрэглээ монгол залуусын дунд өндөр байгаа талаар цагдаагийн байгууллага мэдээлдэг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд, сургуулийн сурагчид өртөж байгааг анхааруулж байна. Энэ чиглэлийн хууль зүйн туслалцаа үзүүлдэг хүний хувьд нөхцөл байдлын талаар хэрхэн үнэлдэг вэ?
-Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээс үзэхэд, 2024 оны эхний таван сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 122 бүртгэгдсэн. Үүнээс 105 гэмт хэрэгт нь 18-35 насны залуус холбогдсон байна. Энэ бол цөөн хүн амтай манай улсын хувьд зайлшгүй анхаарах асуудал мөн. Иргэдийн дунд мөнгөтэй, чинээлэг айлын хүүхдүүд уг гэмт хэрэгт холбогддог байх гэсэн хэт өрөөсгөл ойлголт байдаг. Нийгмийн аль ч давхаргынхан хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэгч болох, үүнтэй холбоотой гэмт хэрэгт холбогдох болсон.  
Мөн манай улсад бүртгэгдэж байгаа хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой хэргийг ихэнх хувь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй ургамал болон уг ургамлаар хийж бэлтгэсэн буюу “шавар" гэх нэршилтэй бодистой холбогддог. Гэхдээ манай улсын Эрүүгийн хуульд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн тохиолдолд хураагдсан бодисын хэмжээ хамааралгүй нэг грамм эсвэл 1000 грамм байсан ч ялгаагүй ижил ял оногдуулж байгааг анхаарах хэрэгтэй. 
-Хэрэглээ залуужиж байгаа асуудалд эцэг эхчүүд юунд анхаарах вэ. Жишээ нь, хүүхдийнхээ гарыг анзаар, янз бүрээр тариа хийсэн ул мөр байгаа эсэхийг ажиглаарай гэж сэрэмжлүүлэх болсон. Хууль зүйн талаас та юуг сэрэмжлүүлэх вэ?
-Нэг кейс ярья л даа. Нэг хүүхэд арван жилийн сургуулиа дөнгөж төгсөөд жүжигчин болохоор урлагийн сургуульд ороод, хар тамхи анх хэрэглэж үзсэн байгаа юм. Эхэндээ найз нөхдөдөө байгаа өвсийг хэрэглэж эхэлсэн бол хэсэг хугацааны дараа өөрөө хэрэглэгч, худалдан авагч болж, гэртээ хадгалж байгаад Хар тамхитай тэмцэх газрын ажилтнуудад баригдсан. Тэгээд шүүхээр орж таван жилийн хугацаагаар тэнссэн. Эхэндээ хичээл, сургуультай холбоотой мөнгөний хэрэг гараад байна гэж худал хэлээд ар гэрээсээ бага мөнгө авч байгаад мөнгөн дүн нь ихсээд байхад ч эцэг эх нь анзаарахгүй өгсөөр байсан. Ингэж явсаар тэр залуу хар тамхинд донтож эхэлсэн. Хэдийгээр худалдаалах зорилгогүй хадгалах гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч, тэнсэх боломжтой байдаг ч шүүх ихэнх тохиолдолд хорих ял оногдуулах хандлагатай байдаг. Нэг ёсондоо хүнд гэмт хэрэг. Тиймээс эцэг эхчүүдийн хараа хяналт чухал. Таны хэлснээр өсвөр насны хүүхдүүдийг анхаарах, биед нь үзлэг хийх ёстой. Гэхдээ хар тамхи, мансууруулах бодисыг тарихгүйгээр сорох байдлаар хэрэглэдэг нь ноцтой асуудал.  Нөгөөтэйгүүр, хар тамхи хэрэглэхэд багагүй нөлөө үзүүлж буй хүчин зүйлийн нэг нь гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үл хайхрах хүчирхийлэл ч үүнд хамаарч байдаг. 
Тухайн хүүхдийн гэр бүлийн орчин хүүхдүүд нөлөөлөхийн зэрэгцээ, гэнэн томоогүй зан нь бусдыг даган дуурайх, буруу хүмүүст уруу татагдан мансууруулах бодис хэрэглэхэд хүргэдэг талтай.
Тэгэхээр дан ганц хүүхдэд хараа хяналт тавихаасаа гадна эцэг, эхчүүд өөрсдөдөө ч мөн анхаарал хандуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Мөн Эрүүгийн хуульд хар тамхины хэрэгт холбогдсон л бол 14 наснаас дээш хүүхэд  эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан. Үүнийг эцэг, эхчүүд мэддэг байх шаардлагатай.
-Хилээр хар тамхи оруулж ирэх нөхцөл байдлын талаар тодруулъя. Хилээр оруулж ирэх арга улам нарийсч байгаа гэдэг. Жишээ нь, саяхан гадны улсаас хүнд илгээмж илгээх замаар хар тамхи нэвтрүүлсэн хэрэг гарсан?
-Монгол болон аль ч улсын хилээр нэвтрэн гарахдаа хамгийн их анхаарах ёстой зүйл бол “хэзээ ч хэн нэгний гуйлтаар өөрөө үзэж шалгаагүй, шалгах боломжгүй эд зүйл авч явахгүй байх” ёстой. Зарим хүмүүс боож багласан эд зүйл гуйгаад өгчихдөг. Авч байгаа хүн нь тухайн хүндээ тусалж байна гэж бодоод түүнийг нь авч явахдаа хил дээр саатуулагдаж, улмаар ял шийтгэл хүлээсэн хүмүүс цөөнгүй бий. Ялангуяа БНХАУ-ын хил дээр саатуулагдаж тухайн улсад хорих ял эдэлж буй иргэд ч байдаг.
Учир нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Тиймээс нягтлаж, шалгахгүйгээр бусдын дайвар эд зүйл авч явахгүй байхыг үргэлж анхаарч байх нь зүйтэй.
-Хар тамхины хэрэгт холбогдсон олны танил хүмүүс бий. Нийгмийн хариуцлагын хүрээнд тэдгээр хүмүүсийг олон нийтэд сурталчлах нь буруу. Гэтэл тэднийг сурталчилж ярилцлага нэвтрүүлэг хийж олон нийтэд түгээж байгаа зарим хэвлэл мэдээллийн х эрэгслийг хэрхэн зохицуулах ёстой вэ?
-Өсвөр насны хүүхдүүд, сургуулийн сурагчид уг гэмт хэрэгт холбогдож буй шалтгааны тухайд, тэдний даган дурайдаг олны танил уран бүтээлчид хар тамхийг ил болон далд хэлбэрээр сурталчилж, мөн өөрсдөө уг гэмт хэрэгт нэр холбогдож байгаа нь өсвөр насны хүүхдүүдэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзэх хүслийг тодорхой хэмжээгээр төрүүлж байна гэж хардаг. Тэгэхээр хар тамхи, түүний хэрэглээг сурталчилсан кино, дуу хөгжим, клип, контентийг хязгаарлах, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг холбогдох хууль тогтоомжид тодорхой тусгах нь зүйтэй болов уу. Хэдийгээр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан кино, дуу, дүрс бичлэгт хуурцаг, ном товхимол, хэвлэмэл зургийг нийтэд түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компьютерийн сүлжээг ашиглан сурталчлахыг хориг лоно” гэж заасан боловч  Зөрчлийн тухай хуульд түүнийг сурталчилсан тохиолдолд хү лээлгэх хариуц лагын талаарх тодорхой зохицуулалт байхгүй.  
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэвлэн нийтлэх эрхийн асуудал яригдаж болох ч цаагуураа үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхуйц асуудал шүү дээ. Тиймээс хар тамхитай нэр холбогдсон олны танил хүмүүсийг бойкот хийх тал дээр хэвлэлүүд нэгдэх хэрэг тэй болов уу. Яг шууд хэвлэлийг боож хаах тухай ярих ярвигтай асуудал. Зарим хэвлэл мэдээллийн хэрэг сэл хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдож, олон нийтийн анхааралд өртөөд байгаа хүмүүсийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулах байдлаар олон нийтээс хандалт авахаар хичээж байгаа нөхцөл байдал ч бий. Гол нь тухайн хэвлэлийн ёс зүй, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг сайжруулах тал дээр анхаарсан нь, тэднийг уриалсан нь арай илүү үр дүнтэй. 
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Б.Энхзаяа
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ