Сангийн яамнаас өнөөдөр /2025.09.02/ ирэх 2025 оны төсвийн төслийг танилцууллаа. Ирэх оны төсвийн гол онцлог нь бүсчилсэн хөгжлийн хүрээнд дэд бүтцийг дэмжихэд чиглэж байна. Төсвийн тухайд бүхэлд нь дэд бүтцийн чиглэлд зарцуулахаар Засгийн газар төлөвлөжээ. Тухайлбал, зам тээвэр логистик, эрчим хүч болон дулаан хангамжийг сайжруулах үндсэн гурван чиглэлд хөрөнгө оруулалтыг боломжит дээд хувилбараар тусгасан байна. Монгол Улсад 4000 гаруй км хатуу хучилттай авто зам барих шаардлагатай байгаагаас 2025 онд боомтууд болон аймаг хоорондыг холбосон 2200 гаруй км хатуу хучилттай зам шинээр барина. Мөн эрчим хүчний эх үүсвэрүүдийг өртгөтгөх, шинэ эх үүсвэр барих, дулааны газар доорх болон агаарын шугамуудын ажлыг эрчимжүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх хувийг нь зарцуулах тооцоолол гарчээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ИНФЛЯЦИ ТОГТВОРЖИХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
2025 онд дэлхийн эдийн засгийн өсөлт, инфляци тогтворжих төлөвтэй байгааг Сангийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, улс орнууд бодлогын хүүгээ бууруулж эхэлснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвтэй. Мөн дэлхийн инфляцийн түвшин буурах төлөвтэй байна. Монгол Улс үйлдвэрлэгч биш орон бөгөөд урд хөршөөс салшгүй хамааралтай импортлогч улс. Тиймээс эдийн засгийн хувьд Хятадын эдийн засгийн төлөв байдал ихээхэн хамааралтай.
Хятадын 2025 оны эдийн засгийн өсөлт 4.1-4.5 хувь байх төлөвтэй байна. Монгол Улсад үзүүлэх нөлөөллийн хувьд тогтвортой байхыг мөн Сангийн яамнаас онцолсон юм.
Нөлөөллийн хувьд нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг гол түүхий эдийн эрэлт тогтвортой, гадаад худалдааны эргэлт мөн тогтвортой байх төлөвтэй гарчээ.
Төсөв нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд 1-12 дугаар сард төрийн санд хуримтлагдах нийт орлого, түүнийг зарцуулах арга хэмжээг багтаасан орлого, зарлагын тэнцэл. Ирэх оны төсвийн төслийн тэнцлийг дараах зурагт дэлгэрэнгүй харуулсан болно.
Засгийн газрын өрийн тухайд гадаад зээлийн төслүүдийн хэрэгжилтийг түргэсгэнэ. Ингэхдээ 2025 онд 2.2 их наяд, 2026 оноос таван их наяд төгрөг хүртэл байхаар тусгасан байна. Мөн Засгийн газрын өрийн өсөлтийг хязгаарлах бөгөөд суурь тэнцлийн хоёр хувийн ашгаар үндсэн төлбөр төлнө.
ИРЭХ ОНЫ ТӨСӨВ ЯМАР, ЯМАР САЛБАРТ ЗАРЦУУЛАГДАХ ВЭ?
Сүүлийн жилүүдэд авто зам, тээвэр логистик, эрчим хүч, дулаан болон дулааны агаарын, газар доорх дэд бүтцийн шугамуудад хөрөнгө оруулалт маш бага зарцуулсан. Харин ирэх оны төсвийн хувьд дээрх салбаруудад хөрөнгө оруулалтыг ихээр тусгаж өгсөн нь онцлог байгаа юм. Өнөөдөр эрчим хүчний салбарт хамгийн оргил үедээ 1480 МВт эрчим хүч нийлүүлэх хүчин чадалтай системтэй байна. Гэхдээ хэдээр дутаж байгааг тооцоолох боломжгүй. Тиймээс бүсчилсэн хөгжлийн загвараар шаардлагатай байгаа эрчим хүчний эх үүсвэрүүд дээр ирэх жилийн хөрөнгө оруулалтыг чиглүүлсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон.
Ойрын жилүүдэд Монгол Улс дор хаяж 1000-2000 МВт-аар эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэхгүй бол эдийн засгийн өсөлтөө улс дийлэхгүй болох эрсдэлтэй.
Эрчим хүчний тухайд Эрдэнэс таван толгойн 450 МВт оруулаад ойрын жилүүдэд 1200 МВт, ирэх жил 270 МВт эрчим хүчийг эхлүүлэхээр зорьж ажиллаж байна.
Дараагийн хөрөнгө оруулалт нэн шаардлагатай нэгж болж замын бүтээн байгуулалт. Сүүлийн 50 жилийн хугацаанд хатуу хучилттай болон сайжруулсан орон нутгийн зам замын санд бүртгэлтэй 14900 км байгаагаас 7500 км нь хатуу хучилттай зам байна. Зам тээврийн яамнаас гаргасан судалгаа, төлөвлөгөөний дагуу 4000 гаруй хатуу хучилттай замыг нэмэхээр ажиллаж байгаагаас 2200 км замыг 2025 онд эхлүүлэхээр зорьжээ.
Гэхдээ замын ажлыг шат дараатайгаар буюу эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлж, эхлээд эдийн засгийн гол өгөөжтэй хэсэг болох боомтууд руу чиглэсэн уул уурхай, аялал жуулчлалын эргэлт сайтай хэсэгт тавьж эхлэх аж.
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР НЭГИЙГ Ч БАРИХГҮЙ
Ирэх 2025 оны улсын төсвийн өөр нэг онцлог нь сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн бүтээн байгуулалт шинээр нэгийг ч эхлүүлэхгүй бөгөөд зөвхөн хуучин төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, үндсэн төсвийн хөрөнгөөр үр ашиг, ач холбогдол өндөр бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх.
Хэдийгээр нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, сурах орчин 100 хувь таатай болоогүй ч эхлээд дуусаагүй боловсролын салбарын олон бүтээн байгуулалт байгаа аж. Тиймээс эдгээр ажлуудыг дуусгасны дараагаар шинийг эхлүүлэх нь зөв гэж хамтарсан Засгийн газраас шийджээ.