Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төсөв-2023: Аялал жуулчлалын орлогыг таван хувиар өснө гэж тооцоолжээ


УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн дэмжлээ.   Нэгдсэн төсвийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байнгын хорооны гишүүдэд танилцуулж, тэдний асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр төсвийн танилцуулгадаа “Цар тахлын халдвар бүрэн дарагдаагүй байна.  Мөн  ОХУ, Укрианы байдал хурцдаж эхэлсэн.  Үүнээс үүдэн дэлхий дахинд хүнс, эрчим хүчний үнэ огцом өслөө.  Нийлүүлэлтийн сүлжээний тасалдал бий болж, сүүлийн 40 жил байгаагүйгээр инфляцыг хөөрөгдөж, эдийн засгийн өсөлтийг сааруулсан. Олон улсын байгууллагууд 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг удаа дараа бууруулаад байна” гэв.
Мөн тэрбээр “Засгийн газраас төсвийн бодлогыг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүргэхэд чиглүүлэх томоохон зорилтыг тавилаа. Үүний үр дүнд Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-д туссан томоохон төслүүдийг эхлүүлж, уул уурхайн салбарын өсөлтийг 2023 онд 14.6 хувьд хүргэхийн зэрэгцээ уул уурхай дагасан тээвэр, худалдаа зэрэг бусад эдийн засгийн салбаруудыг нь дэмжих хүлээлттэй байна” гэв.
 
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
-Төмөр замын асуудлыг оруулж ирэх зөв.  Харин эрчим хүчний асуудлаа шийдэхгүй бол эрчим хүчний доголдол, үнийн өсөлт бүх салбарт нөлөөлж эдийн засгийг боомилж байна.   Төсөвт уламжлал ёсоор уул уурхайн орлогыг нэлээд өндөр төсөөлж оруулж иржээ.  Гэтэл бид олсон орлогоо хүүнд өгөөд байдаг. Аливаа зээлийн хүү өсөх тусам хөрөнгө оруулалт буурдаг.  Энэ чиглэлд бодлого боловсруулах хэрэгтэй.
 
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүргэнэ. Удахгүй Хятадад томоохон хурал болно.  Үүний дараа хилээ нээх шийдэлд хүрэх болов уу гэсэн хүлээлт бий.  Тэгвэл уул уурхай бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ.  Дагаад төсвийн төсөөлөл сайжирна.  Хоёрдугаарт, энэ удаагийн төсөвт шинэ хөрөнгө оруулалтын санхүүжилт тусгаадаагүй.  Мөн нэг нэмж орж ирсэн зүйл нь аялал жуулчлалын салбараас орж ирэх орлогыг таван хувьд хүргэсэн.
 
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Ирэх оны төсөвт шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн атлаа зарлага нь орлогоосоо 1.5 их наяд төгрөгөөр их алдагдалтай төсөл орж ирсэн байна. Мөн төсвийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэхдэ  далд эдийн засгийг ил болгох, хүн болгон орлогоо шударгаар тайлагнах нөхцөл, бололцоог хэрхэн хангаж байна вэ
 
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг:
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд төсвийн тэвчиж болох бүх зардлуудаа тэвчиж, ирэх оны төсвийн төсөлд зарлагаа бууруулсан.  Гэхдээ төсвийн урсгал зардал зайлшгүй нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард тэтгэвэр нэмсэнтэй холбогдуулан 231.4 тэрбум, Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрийн төлөвлөгөөний урсгал зардалд  228.3 тэрбум, төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог өөрчлөхөд 266.2 тэрбум, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 114.7 тэрбум төгрөг болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тооны өсөлт, хоолны зардал  зэрэг зайлшгүй нэмэгдэх зардлын нийт дүн 1.6 их наяд төгрөгөөр урсгал зардал нэмэгдсэн. Мөн далд эдийн засгийг бууруулахад татварын бааз суурийг нэмэгдүүлэх, бүртгэл, мэдээллийг сайжруулах зэрэг тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Тодруулбал, эрдэс баялгийн салбарт гэхэд эрдэс баялгийн биржийг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүнийг дагасан далд эдийн засгийг ил болгох боломж бүрдэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 198 (6930)
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ