Дэлхийн санхүү, бизнесийн ертөнцөд нэр хүнд бүхий Английн “The Financial Times” сонинд ийм гарчигтай нийтлэл хэвлэгджээ.
Японы Ерөнхий сайд Фумио Кишида ирэх есдүүгээр сард эрх баригч Либерал ардчилсан намын тэргүүний албан тушаалыг орхино гэж мэдэгдсэнээр, тус улсад өрнөсөн улс төрийн санхүүжилтийн дуулиан, мөн амьжиргааны өртөг нэмэгдсэний улмаас түүнийг суудалдаа үлдэж чадах эсэх талаар олон сар үргэлжилсэн элдэв маргаан, “хор найруулга” газар авсны эцэст тэрээр гурван жилийн турш хашсан Ерөнхий сайдын албаа ч орхих нь.
Лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр Фумио Кишида, Японы Ерөнхий сайд хэн болохыг үндсэндээ шийдэх Либерал ардчилсан намын ерөнхийлөгчийн ирэх сард болох сонгуулиар дахин сонгогдохыг эрмэлзэхгүй гэж мэдэгдсэн юм.
Тэрээр хэлэхдээ, “Либерал ардчилсан нам өөрчлөгдөн шинэчлэгдэж буйг харуулах эхний бөгөөд хамгийн тод томруун алхам бол миний бие намын тэргүүнээс огцрох явдал. Иймд би намынхаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй” гэжээ.
Фумио Кишида өнгөрсөн жил танхимынхаа дөрвөн сайдыг халахад хүрсэн улс төрийн санхүүжилтийн дуулиан, мөн Засгийн газрыг олон нийтийн зүгээс дэмжих рейтинг үнэлгээ сүүлийн саруудын турш доогуур байснаас үүдэн ийм шийдвэрт хүрчээ.
67 настай тэрээр 2021 оны аравдугаар сард “шинэ капитализм”-ыг цогцлооно гэж амлан засгийн эрхэнд гарсан билээ. Гэвч түүний Засгийн газрыг дэмжих рейтинг Японы өмнөх удирдагчдыг унагаж байсан 30 хувиас ч доогуур түвшинд хүрсэн юм.
Түүний мэдэгдлийн дараагаар иен 0.3 хувиар чангарч, нэг ам.доллар 146.43 иентэй болж, харин хувьцаануудын ханш янз бүрийн хэлбэлзэлтэй байна. Тус улсын үндсэн индекс “Topix” 0.5 хувиар өссөн бол экспортод илүү чиглэсэн “Nikkei 225” 0.2 хувиар буурчээ.
Фумио Кишидагийн залгамжлагч Японы Ерөнхий сайдаар хамгийн удаан хугацаанд ажилласан Шинжо Абэгээс хойшх тус улсын Засгийн газрын гурав дахь тэргүүн болох юм.
Фумио Кишида Либерал ардчилсан намын тэргүүний сонгуулиас нэрээ татсан нь энэхүү албан тушаалын төлөө хэд хэдэн нэр дэвшигчид өрсөлдөх боломж нээж өгчээ.
Улс төрийн тоймчид Худалдааны сайд асан Тошимицу Мотеги, Гадаад хэргийн сайд асан Таро Коно хоёр дээр анхаарлаа төвлөрүүлээд байна. Фумио Кишида сэтгүүлчдэд хэлэхдээ, “Либерал ардчилсан намын шинэ нүүр царайг нам доторх манлайллын төлөөх энэхүү өрсөлдөөнөөр харуулах нь чухал” гэж онцлон тэмдэглэсэн юм.
Либерал ардчилсан нам сонгуулийнхаа товыг хараахан зарлаагүй ч эрх баригч тус намд ойр хүмүүсийн хэлж буйгаар, ирэх есдүгээр сарын 20 хавьцаа болох төлөвтэй.
ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин