Африкийн орнуудад зарагддаг эмүүдийн тавны нэг нь хуурамч буюу чанарын шаардлага хангахгүй байгааг шинэ судалгааны үр дүн харуулжээ.
Этиоп улсын Бахир Дар их сургуулийн судлаачид 7,508 төрлийн эмийг шинжлээд 1,639 нь ийм ангилалд орж байгааг тогтоосон байна.
Амстердамд төвтэй “Access to Medicine Foundation” ашгийн бус байгууллагын судалгааны хэсгийн ахлагч Клаудиа Мартинез үүнийг нийтийн эрүүл мэндийн “томоохон асуудал” гэж дүгнэжээ.
“Хэрвээ өвчтөн чанаргүй, хуурамч эм хэрэглэвэл эмчилгээний үр дүнг муутгаж, бүр үхэлд ч хүргэх эрсдэлтэй” гэж тэр хэлсэн байна.
Сахарын цөлөөс өмнөх Африкийн орнуудад жил бүр хуурамч, чанар муутай эмийн нөлөөгөөр 50,000 хүртэл тооны хүн нас бардаг гэх тооцооллыг өнгөрсөн онд НҮБ-ын холбогдох байгууллага гаргаж байжээ.
Чанаргүй эм гэдэгт албан ёсны зөвшөөрөлтэй ч чанарын стандартад нийцээгүй эм ордог.
Харин хуурамч эм гэдэгт санаатайгаар орц, найрлага, гарал үүслийг нь өөрчилсөн эмүүдийг оруулдаг байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) төлөөлөгчийн мэдээлснээр антибиотик болон хумхаа өвчний эсрэг эмүүдийн хуурамч хувилбар Африкийн орнуудад хамгийн их нийлүүлэгддэг ажээ.
Ийм эмийн эмчилгээний үр дүн муу байхаас гадна өвчин үүсгэгч бичил биетүүдийн тэсвэрлэх чадварыг улам сайжруулдаг.
Дээрх судалгаанд өгүүлснээр Африкийн орнуудаас Малави улсад хуурамч болон чанаргүй эмийн хэрэглээ хамгийн өндөр байдаг байна.
Африкийн орнуудын эм хангамж маш олон дундын борлуулагчаар дамждаг нь үүнд нөлөөлдөг гэж Мартинез дүгнэжээ.
“Бага, дунд орлоготой улс орнуудын эмийн хангамжийн сүлжээ ихэнхдээ нүсэр, үр ашиггүй, олон шат дамжлагатай байдаг” гэж тэр тайлбарласан байна.
ДЭМБ-ын өмнөх нэг судалгаагаар хөгжиж буй орнуудад нийлүүлэгдэж буй эмүүдийн 10 хувь нь хуурамч буюу чанаргүй байдгийг харуулж байжээ.
Нийт хуурамч, чанаргүй эм илэрсэн тохиолдлуудын 42 хувь нь Африк, 21 хувь нь Америк, 21 хувь нь Европын орнуудад илэрч байсан байна.
Үүнийг арилгахын тулд Африк тивийн эмийн хангамжийн сүлжээний дэд бүтцийг сайжруулж, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай гэж судлаачид дүгнэжээ.
Эх сурвалж: The Guardian