Японы Токио хотын захиргаа хүмүүсийн төвлөрөл хамгийн ихтэй Шибүяа дүүргийг жил тойрон согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон бүс болгохоор төлөвлөж байна.
Одоогийн хотын хууль тогтоомжоор бол Халловин, Шинэ жил зэрэг хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгддэг томоохон баяр ёслолын өдрүүдээр энэ дүүрэгт архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарладаг юм байна.
Харин шинээр төлөвлөж батлуулахаар ажиллаж байгаа хуулийн дагуу жил тойрон өдөр бүр орой буюу 18:00 цагаас үүрийн 05 цаг хүртэл архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох юм байна.
Архи, согтууруулах ундааны хэрэглээг хориглохыг Шибүяа дүүргийн дэлгүүрийн эзэд хотын захиргаанаас хүсжээ.
Цар тахлын хөл хорио цуцлагдсанаас хойш Токио хотын хүн ихтэй дүүргүүдэд залуус, жуулчид гадуур архидан согтуурах нь нэмэгдсэн байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ