"Ковид 19"-ийг анх дэгдэхэд сурвалжилсныхаа төлөө дөрвөн жилийн турш торны цаана хоригдсон Хятадын иргэн, сэтгүүлч Жан Жангийн ялын хугацаа дуусжээ. Тэрээр 2020 оны тавдугаар сард баривчлагдаж, түүнээс хэдэн сарын дараа үймээн самуун дэгдээсэн хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан юм. Хүний эрхийн бүлгүүдийн олж авсан мэдээллийн дагуу тэрээр шүүхийн шийдвэрийн дагуу тавдугаар сарын 13-нд буюу даваа гаригт суллагдах ёстой байв.
Дэмжигчид болон хүний эрхийг хамгаалах байгууллагууд Хятадын Засгийн газарт хандан Жанг товлосон хугацаанд нь суллахыг уриалаад байна. Хүний эрхийн өмгөөлөгчдийн хэлснээр, Жан шоронгоос гарсан ч эрх баригчдын нарийн хяналтан дор байх магадлалтай гэжээ. "Жан шоронгоос суллагдсан ч энэ нь түүнийг бүрэн суллана гэсэн үг биш" гэж "Freedom House" өмгөөллийн багийн Хятад дахь судалгааны захирал Якю Ван ярьсан байна.
"Эмнести интернэшнл"-ийн Хятад дахь захирал Сара Брукс сэтгүүлчийн аялах, хамаатан садан болон бусад хүмүүс, ялангуяа Хятадаас гадуурх хүмүүстэй холбоо тогтоох оролдлого нь хязгаарлагдаж магадгүй гэж санаа зовж байгаагаа илэрхийлжээ.