Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хаваржингаа сонгуульдаад цатгалан байх бололтой. Гэвч намраас гурилаа идэх байлгүй дээ


Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа сонгууль болно. Хэдийгээр сурталчилгааны хугацаа албан ёсоор хугацаа эхлээгүй байгаа ч гадуур ёстой л бужигнаж байна. Гэхдээ сурталчилгаа зудаар далимдуулж эхлээд гурилын үнийн өсөлтөөр үргэлжилсэн.

Засгийн газраас Импортын гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулан, УИХ-аас баталсан. Тус хууль маргаашнаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Хүсэж мөрөөдсөн хямд гурил орж ирнэ. Одоо бараг тонн, тонноороо хилийн цаана дугаарлан зогсож байгаад нэг их эргэлзэхгүй байна.
Ер нь гурилын үнэ нэлээд нэмэгдсэн нь үнэн. Дэлхийн зах зээлээс гурав дахин өндөр ялгаатай болсон хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. Үнэн ч биз. Харин энэ хуулийн төслийг анх өргөн барьсан цагаас хойш маргаан өрнөсөн. Тус хуульд гурил, тэжээлийг оруулж ирэх хэмжээ, хугацаа зааж өгөөгүй нь мэтгэлцээний эх үндэс болсон. Нэг талд гурилын үйлдвэрүүд дампуурах эрсдэлтэй гэдгээ хэлж байсан. Харин хууль санаачлагчид үүнийг хүлээж авалгүйгээр зүтгүүлсэн. Бүүр нөгөө талд нь тариаланчид энэ жил улаан буудай тариалахгүй гэж тунирхсан. Ингээд хуулийн төслийг батлахдаа эрх баригчид Төв, Сэлэнгэ, Дархан-Уул гэсэн газар тариалангийн бүс нутгийг үндсэндээ сонгуульдаа зориулан сул хаясан. Учир нь баруун болон зүүн бүсэд МАН-ын ихэнх дарга нь нэр дэвшинэ. Эдгээр газарт төвийн бүс шиг их тариланч байхгүй.Харин малчид бол хямд гурил л идэж байвал сайхан. Түүнээс биш улаанбуудай тариалдаг нэг нөхөр, гурилын нэг үйлдвэр дампуурах нь чухал биш. Тэгэхээр ийм аргаар малчдын саналыг авна гэж эрх баригч намынхан тооцоолсон байх магадлалтай.
Одоо бол тариалалт хэдийнэ эхэлсэн байх ёстой цаг. Тэгвэл энэ ажил эхэлсэн үү, тариаланчид хэлсэндээ хүрсэн үү гэдгийг мэдэж байгаа сайд, дарга нар өнөөдөр манай улсад байна уу. Төрийн ордон эзгүйрч, бүгд л тойрогтоо гүйж явна. Ямар сайндаа ирц хүрэхгүйгээс намын бүлгүүд төдийгүй чуулганы хуралдаанаа хийж чадахаа байсан. Салбарын сайд нь чуулганы хуралдаан дээр “Газар тариалан гэдэг дуртай цагтаа хаалгаа онгойлгоод хаадаг эд биш” гэсэн алдарт үгээ хэлээд сураг тасарсан. Бодвол мөн л тойрогтоо яваа биз. Уг нь тариалалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад, техник хэрэгслийг нь барьж үзээд, түүнийгээ зурагтаар цацаад явж байх ёстой цаг. Даанч тэгж байгаа сураг дуулдсангүй. Сайдын хэлснээр газар тариалан гэдэг амар зүйл биш.Шаардлагатай шатахуун, түлш нь хангалттай байгаа эсэх ч мэдэгдэх юм алга.Хойд хөрш бидэнд илүүчлэх нь бүү хэл өөрсдийгөө яая гэж байгаа л дуулдах юм. Яахав, үнэхээр хүнд хэцүү байгаа нь үнэн бол таван төгрөг олохын тулд зарах л байх. Гэхдээ бидний яг хэрэгтэй цагт, манайхны хүссэн хэмжээгээр өгнө гэдэг эргэлзээтэй. Дээрээс нь зөвхөн шатахуун, түлш хангалттай байлаа гээд тариа, ногоо өөрсдөө ургахгүй. Хортон шавьж устгах хор, техникийн засвар үйлчилгээ, дараа жилийн уринш, хөрөнгө мөнгө гээд олон зүйл хэрэгтэй болдог. Энэ бүхэнд санаа зовж байгаа дарга, удирдлага Монголд өнөөдөр алга байна.
Тийм болохоор энэ намар бид ер нь хэдий хэр ургац авах вэ. Гурил үйлдвэрлэж чадах уу. Чадлаа гэхэд тэр гурил нь хэдий хэр хэмжээний үнэтэй байх вэ. Дээрээс нь газар тариалангийн салбарынхан, гурилын үйлдвэрүүд өнөөдөр чухам юу бодож санаж байна вэ. Дампуурч мэднэ гээд үнэхээр хаяна гэснээрээ хаячих юм биш биз. Эсвэл нэгэнт хэмжээ хязгааргүйгээр хямд гурил хойд хөршөөс ороод ирэх юм чинь гээд ашигтайгаар нь тосны ургамлуудаа тариалах юм болов уу. Хэрэв тэгвэл дахиад нэг стратегийн хүнсээрээ хараат болох уу.
Энэ мэтчилэн хариултгүй олон асуулт сонгуулийн дуулиануудад дарагдаж байна. Хаврын сонгуулиар гэдэс цатгалан, зуны цагтаа мөр бүтэн явж болно. Гэхдээ л намар болохоор бидэнд чинь талх, гурил хэрэг болно, эрхэм сонгуульчид аа.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ