Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тэрбумын сонгууль


Дэлхийн хамгийн өнөр улсад бүх нийтийн сонгууль эхэллээ. Өнгөрсөн жил хүн амынхаа тоогоор Хятадыг гүйцэж түрүүлсэн Энэтхэгийн 969 сая сонгогч санал хураалтад оролцох бол сонгуулийн зардал 2019 оны 8.5 тэрбум долларыг нугалах төлөвтэй.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нүсэр сонгууль өртөг зардлаас гадна хамрах хүрээ, зохион байгуулалтаар үргэлж анхаарал татаж ирсэн. Сонгогчдын тоон дээр л аваад үзэхэд санал өгөх хүний тоо АНУ, Европын холбоо, ОХУ-ын хүн амыг нийлүүлснээс ч илүү гарна.
Санал бүр үнэтэй
Олон намын тогтолцооны дагуу энэтхэгчүүд таван жилд нэг удаа явуулдаг парламентын доод танхимыг сонгодог. Лок Сабха гэгдэх доод танхимын сонгуулиар иргэд 545 суудлын 543-ыг нь сонгох бол үлдсэн суудлыг ерөнхийлөгчийн санал болгосон намын гишүүдээс сонгох юм. Мэдээж олонх болсон нам засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдаа томилно.
Бүх сонгогчид саналаа өгч дуусган, дүнг нэгтгэхэд сар гаруй хугацаа зарцуулах тул Энэтхэгийн үндэсний сонгууль нь ардчилал, логистикийн талаасаа нүсэр ажиллагаатай. 2019 оны сонгуулиас хойш сонгогчдын тоо 150 саяар нэмэгдсэн тул санал хураалт дөрөвдүгээр сарын 19-нд эхэлж, зургаадугаар сарын 1 хүртэл долоон үе шаттайгаар явагдана. Улмаар тус улсын 28 муж, холбооны найман нутаг дэвсгэрийн бүх саналыг тоолж дуусгахад дөрвөн өдөр шаардагдана.
Энэтхэгийн хүн амын дөрвөний нэг нь бичиг үсэг мэдэхгүй тул нам тус бүрийг ялгах бэлгэ тэмдгийг саналын хуудсанд хэвлэдэг. Үүнд нь сэнс, сам, манго зэрэг өдөр тутмын эд зүйлс бий. Эрх баригч Бхаратия Жаната намын бэлгэ тэмдэг нь бадамлянхуа цэцэг бол байдаг гол сөрөг хүчин Үндэсний Конгресс намынх өргөж буй гар байх жишээтэй. Кежривалын Аам Аадми нам авлигын эсрэг гудамжны хөдөлгөөнийг илэрхийлэх шүүрийг бэлгэ тэмдгээр сонгожээ.
Гималайн нурууны ноён оргилоос баруун зүгийн Ражастан цөл, Энэтхэгийн далай дахь жижиг арлууд хүртэл нэг сая гаруй санал авах байр ажиллах бол сонгуулийн зохион байгуулалтад ажиллах 15 сая хүн автомашин, усан завь, тэмээ, галт тэрэг, нисдэг тэрэг хөлөглөн Энэтхэгийн сонгогч бүрт хүрэхээр зорьж буй. Тухайлбал, Химачал Прадеш мужийн алс хойд хэсэгт орших Ташиганг тосгоны иргэд далайн түвшнээс дээш 4650 метр буюу дэлхийд хамгийн өндөрт байрлах сонгуулийн хэсэгт очиж саналаа өгнө. Өмнөх сонгуулиар Хятадтай хиллэдэг зүүн хойд Аруначал Прадеш мужид ганцхан сонгогчийн саналыг авахын тулд сонгуулийн хорооныхон уулын замаар бараг 500 км туулж очиж байв.
Өрсөлдөгчид
Парламентын сонгуульд Энэтхэгийн 2700 гаруй улс төрийн нам өрсөлдөхөөр бүртгүүлснээс гол өрсөлдөөн Ерөнхий сайд Нарендра Модийн тэргүүлдэг Бхаратия Жаната нам болон зонхилох сөрөг хүчин Үндэсний Конгресс намын хооронд явагдах нь тодорхой. Ер нь Энэтхэгийн хэмжүүрээр улс төрийн намыг үндэсний хэмжээний болон муж улсын, бүртгэгдсэн төдий гэж гурав ангилдаг. Үндэсний хэмжээний зургаан том нам нь сонгогчдын 4-өөс дээш хувийн санал авч байж парламентад дөрвөөс дээш тооны суудал авах ёстой.
2014 оны сонгуульд Бхаратия Жаната нам ялалт байгуулснаас хойш эрх баригчийн байр сууриа тавьж өгөөгүй яваа. Энэ жил тус нам дахин өнгөлж Нарендра Моди ирэх таван жилд Ерөнхий сайдаар улирах магадлал өндөр байна. Өдгөө 73 настай Моди арван жилийн өмнө Ерөнхий сайдын албыг авахдаа халамжийн болон нийгмийн шинэчлэлийг хэрэгжүүлсэн гавьяатай. Чухамдаа Модигийн засаглалын жилүүдэд Энэтхэгийн эдийн засаг Их Британийг гүйцэж түрүүлэн дэлхийд тавд бичигдэх болсон. Гэвч хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд хинду үндсэрхэг үзэлд суурилсан бодлого явуулах болсон нь шүүмжлэл дагуулж буй. Өрсөлдөгч намууд, үндэсний цөөнхийн зүгээс Модигийн баруун жигүүрийн Бхаратия Жаната нам тус улсыг бүгд найрамдах засаглалаас Хинду шашны улс болгохоор зорьж байна хэмээн шүүмжилдэг.
Модийн гол өрсөлдөгч нь Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авснаас хойш 77 жилийн дийлэнхэд улс орноо удирдаж байсан Үндэсний Конгресс нам юм. Домогт улстөрч Жавахарлал Неру , Индира Ганди, Ражив Ганди зэрэг удам залгамжилсан Ерөнхий сайд нарыг төрүүлсэн тус намын гол нүүр царай нь дөрөв дэх үеийн улстөрч Рахул Ганди. Үндэсний конгресс нам энэ жил бусад сөрөг хүчний удирдагчид, бүс нутгийн томоохон намуудтай эвсэн “Ардчиллыг аврах” уриан дор сонгуулийн кампанит ажил явуулж байна. Үүнд Аам Аадми намын удирдагч, Дели хотын ерөнхий сайд Арвинд Кежривал, “Бүх Энэтхэгийн Тринамоол Конгресс”-ын Мамата Банержи, өмнөд Тамил Надугийн ерөнхий сайд Мутхувел Карунаниди Сталин зэрэг бүс нутгийн хүчирхэг улстөрчид нэгджээ. Гэвч эвсэл дотроо эв зүйгээ олж чадаагүй тул өнөө хэр Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ сонгоогүй л байна. Шинжээчдийн үзэж буйгаар тэдний дунд Моди шиг олныг дагуулж чадах зангарагтай улстөрч үгүй аж.
Сорилт
Эдийн засаг тогтмол өсөлт, мэдээллийн технологи, сансар судлалын үсрэнгүй ололт гээд Энэтхэг ХХI зууны хүчирхэг гүрэн болоход ойрхон ч дэлхийн хамгийн олон хүн амтай улсад залуучуудын ажилгүйдэл гол сорилт болж байна. 20-24 насны ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны эцэст 44.4 хувьд хүрсэн. Эдийн засаг жилд найман хувиар тэлсэн гэдэг ч өсөлт хөдөө орон нутгаас илүү томоохон хотуудад ногдоно.Үүнийг дагаад инфляц тогтмол нэмэгдэж байгаа нь анхаарал татах боллоо. Мөн хүн амын 55 хувийн амьжиргааны гол эх үүсвэр болдог газар тариалангийн салбарынхан үнэ тогтворжуулах Засгийн газрын бодлогын эсрэг эрчимтэй тэмцэх болсон. Өнгөрсөн оны эцсээр Энэтхэгийн хамгийн чинээлэг иргэд нийт баялгийнхаа 40.1 хувийг эзэмшиж байсан нь 1961 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт. Гэтэл цар тахлаас хойш засгийн газар иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс 1.42 тэрбум хүн амынхаа 60 орчим хувьд нь үнэгүй хоол хүнс тарааж байна.
Үүний зэрэгцээ хүн амын цөөнх болох 200 сая исламын шашинтнууд Модийн засгийн газрын дарангуйлал дор хинду үндсэрхэг үзэлтнүүдэд илт хавчигддаг хэмээн гомдоллох болсон. Үнэндээ ч Модигийн засаглал исламын шашны дурсгалт газруудыг нурааж, эртний түүхт хотуудын нэрийг өөрчлөх , түүхийн сурах бичгүүдийг засварлах зэргээр илтэд хинду үндэстний цөм бодлого явуулж буй. Үүнийг нь шүүмжилсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг барьж байгаа нь Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекст Энэтхэг улс Модийн засаглалаас хойш 20 байр ухарснаас тод харагдана.
Сонгууль шударга болох уу?
Тусгаар тогтнолоо олж авсан 70 гаруй жилийн хугацаанд Энэтхэгийн сонгууль ерөнхийдөө чөлөөт, шударга болдог гэж үздэг ч иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авахыг оролдох нь бий. Аль ч цаг үед эрх барьж буй намын зүгээс сонгуулийн өмнө өрсөлдөгчдөө намнах үйл ажиллагаа явуулах нь түгээмэл. Энэ жилийн тухайд Дели хотын ерөнхий сайд Кежривал зэрэг сөрөг хүчний гишүүдийг төрийн эсрэг гэмт хэргээр мөрдөн шалгаж, Үндэсний Конгресс намын дансыг нь царцаан, 218 сая ам.долларын торгууль ногдуулсан нь НҮБ-аас сонгууль “чөлөөт, шударга” явагдах эсэхийг баталгаажуулахыг шаардахад хүргэлээ.
Сөрөг хүчний намууд санал хураалтын өмнө сонгуулийн цахим машиныг хакердсан тухай гомдол гаргасан ч Сонгуулийн хороо хууль бус үйлдлийн нотолгоо олдоогүй гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ