Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хямралыг даваад, хуримтлуулж чадвал сайн л хэрэг

Монгол Улсын эдийн засгийг энэ онд 0.5 хувиар агшина хэмээн таамагласнаа Дэлхийн банк “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа дурдсан. Доллар “олж ирдэг” нүүрс, зэсийн баяжмал зэргийн нийлүүлэлт багассанаар экспорт энэ оны эхний таван сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 38.5 хувь буюу 1.25 тэрбум ам.доллароор буурсан, төсвийн алдагдал 1.6 их наяд төгрөгт хүрсэн гэх мэтчилэн таагүй үзүүлэлт өчнөөн. Цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосон нь бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж буйг илэрхийлсээр байгаа билээ. Монголын гэлтгүй дэлхийн эдийн засгийн “эрүүл мэнд”-д сөргөөр нөлөөлж буй коронавирус цаашид ч сүүдрээ тусгах, сорилт ихтэй байх нь тодорхой.
Энэ цагт намууд мөрийн хөтөлбөртөө эдийн засгийг эмнэхээр юу тусгасныг тандъя. Ингэхдээ шийдвэрлэвэл зохих зарим асуудлын талаар юу амласныг нь сонирхлоо.
ӨР ДОРООС ӨНДИЙХ ҮҮ
Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг манай улсын төсвийн алдагдлыг 2020 онд ДНБ-ий 7.1 хувьд хүрнэ гэж таамагласан. Уг алдагдал нэмэгдэж, эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор өмнөх жилийн эцэст Засгийн газрын өр ДНБ-ий 65 хувьтай тэнцэж байсан бол энэ оны эцсээр 70 болж өснө хэмээн төсөөлжээ. Мөн гадаад валютын нөөц энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 4.1 тэрбум ам.доллар байсан бол жилийн сүүлчээр даруй нэг тэрбумаар буурна гэж тооцсон юм. Нөгөөтээгүүр, манай улсын гадаад өр 2020 оны эхний улиралд 30.5 тэрбум ам.доллар болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 939 саяар өссөн дүн гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн билээ. Гэтэл Монгол Улс ирэх жилээс бондуудын эргэн төлөлтийг хийх ёстой. Тодруулбал, 2024 оныг дуустал нийт 2.9 тэрбум ам.долларын бондын төлбөр хийх учиртай. Хэрэв бондын төлбөрийг өгч чадахгүйд хүрч, дефолт зарлавал нэр хүндээ алдаж, хэн ч итгэхгүй болдог. Бас олон улсын санхүүгийн зах зээлээс тусгаарлагдах, төр, засаг, хувийн хэвшлийнхэн гадаадаас зээл авах боломжгүй нь төгрөгийн ханшид нөлөөлөх, инфляц өсөх зэрэг уршигтай.
МАН мөрийн хөтөлбөрийнхөө “Өрийн дарамтгүй улс” хэсэгт “Валютын нөөцийг нэмэгдүүлэх, инфляцын түвшнийг багасгах, төгрөгийн ханшийн уналтыг зогсоох зэрэг мөнгөний зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Бондуудын тулгамдсан өрийн дарамтаас гарна. Өр төлбөрийн төсөвт үзүүлэх нөлөөллийг үнэлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгох, төсвийн боломжоос хэтэрсэн концессын гэрээг шинээр нэмж байгуулахгүй” хэмээн тэмдэглэжээ. АН-ын мөрийн хөтөлбөрийн “Хүртээмжтэй эдийн засаг” хэсэгт “2021-2022 онд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээл, бондын төлбөрүүдийг макро эдийн засгийн тогтвортой байдалд нийцүүлэн төлж барагдуулах, эсхүл дахин санхүүжүүлнэ. Хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулан хямралын дараах сэргэлтийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийг бий болгоно” гэсэн байв. Тэгвэл ХҮН, МСДН, Зүй ёсны намын “Зөв хүн электорат” эвсэл “Засгийн газрын өрийг удирдаж, зохистой түвшинд хязгаарлана” гэжээ. “Та, бидний эвсэл” (МАХН, ИЗНН, МУНН) “Өргүй Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх замаар өнөөгийн банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард, хувь зээл гэх олон арга хэлбэрээр мөнгө хүүлэх мөлжлөгийн тогтолцоог хална” хэмээн амласан байв. Дээр дурдсанчлан гадаад валютын нөөц дундрах төлөвтэй тул өмнө арилжсан бондуудаа дахин санхүүжүүлэх магадлалтай. Ингэж чадлаа гэхэд хүү нь хэдэн хувь байх бол?
УУЛ УУРХАЙН ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭВ
Эрдэс баялгийн салбар өнгөрсөн онд Монгол Улсын төсвийн орлогын 25 орчим хувийг бүрдүүлсэн. 2019 онд төсвийн орлогын 25, экспортын 90, 2016-2019 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь (6.7 тэрбум ам.доллар) ногдсон тус салбарт томоохон төсөл хэрэгжүүлэхэд намууд хэр анхаарах бол.
АН Оюутолгойн ордыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, Тавантолгойн ордыг түшиглэн кокс-химийн үйлдвэр, Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн металлургийн цогцолбор, вольфрамын баяжмал гүн боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг дэмжихээ дурдсан байв. Мөн ашигт малтмалын эрэл хайгуулын зөвшөөрлийг олон улсын стандартын дагуу олгож эхлэх гэнэ.
Бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн газрын тос боловсруулах цогцолбороос гадна Тавантолгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн, нүүрс угаах, үнэт металл, алт боловсруулах, зэс болон бусад металл хайлах үйлдвэрийг ашиглалтад оруулна хэмээн МАН амлажээ. Тус намынхан Тавантолгойн нүүрсний ордыг бүрэн ашиглалтад оруулна, Оюутолгойн далд уурхайг ашиглана гэснийг тэмдэглэх хэрэгтэй. Тэгвэл “Та, бидний эвсэл” ашигт малтмал, байгалийн баялгийг түшиглэсэн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэр байгуулахыг дэмжинэ. Нефть боловсруулах, шил, ган, төмөрлөг, өнгөт металл, алт цэвэршүүлэх, нүүрс боловсруулах зэрэг үйлдвэрийг төр, засаг, хувийн хэвшлийн оролцоотойгоор нэн тэргүүнд барьж байгуулах ажлыг бодитойгоор эхлүүлнэ хэмээн тусгажээ. Харин “Зөв хүн электорат” эвслийн зүгээс уул уурхайн төрийн өмчит томоохон компаниудыг улстөрчид ба намын нөлөөллөөс ангижруулж, иргэдийн хяналттай нээлттэй хувьцаат компани болгож, Монгол Улсын иргэд, төр, бусад хувьцаа эзэмшигчийн тэнцвэрт харилцааг тогтоох гэнэ. Эндээс харахад, ирэх дөрвөн жилд цөөнгүй үйлдвэр ашиглалтад оруулахыг зорих нь, намууд.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Ам.долларыг “ховрын бараа” болгохгүйн тулд хөрөнгө оруулалт татах шаардлага бий. Энэ талаар МАН эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлнэ хэмээн тодотгосон байна. АН-ын хувьд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулах хүрээнд хөрөнгө оруулалтын, хамтын хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх аж. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжихээ илэрхийлжээ. “Зөв хүн электорат” эвслийн тухайд улсын зээлжих зэрэглэлийг ахиулж гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталж, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангана хэмээсэн байлаа.
“БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛНА”
Уул уурхайн салбараас орж ирэх орлогоо арвижуулан, үе дамжуулан үлдээх боломжийг Баялгийн сан бүрдүүлнэ гэж яриад өчнөөн он улирч буй. Ямартай ч ийм сан байгуулахыг намууд дэмжиж буйг мөрийн хөтөлбөрөөс нь харж болохоор байна. МАН, АН мөрийн хөтөлбөртөө Баялгийн сангийн тухай хууль батална гэжээ. Тодруулбал, МАН уул уурхайгаас төвлөрүүлж буй орлогыг нэмэгдүүлж, Баялгийн санд жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хуримтлал бий болгоно гэсэн бол АН байгалийн баялаг, АМНАТ-ийг улсын төсвийн орлогоос тусгаарлаж, үндэсний баялгийн санд хуримтлуулан, мэргэшсэн байгууллагаар гэрээний үндсэн дээр удирдуулж, арвижуулах аж. Тэгвэл “Шинэ” эвсэл стратегийн ордуудад тулгуурлан баялгийн өгөөжийг ард түмэн, ирээдүй хойчдоо шударгаар хүртээх Баялгийн сан байгуулна гэжээ.
100 МЯНГАН АЖЛЫН БАЙР  БИЙ БОЛГОХЫГ ЗОРИХ НЬ
“Ядуурлын дүр төрх” судалгаанд дурдсанаар манай улсад ядуурлын түвшин 28.4 хувьд хүрсэн. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч өнгөрсөн сард “Эдийн засгийг дэмжсэн арга хэмжээ авахгүй бол ажилгүйдэл 20 хувьд хүрнэ гэж бид тооцсон. Энэ нь 240 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж 28 хувьтай байгаа ядуурлын түвшин 50-д хүрнэ гэсэн үг” хэмээн өгүүлж байлаа. 50 байтугай 28 хувь гэдэг ч маш өндөр дүн. ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөл ч цар тахлаас шалтгаалж хамгийн их хохирч болзошгүй эмзэг бүлэгт чиглэсэн, үр ашигтай хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд анхаарах учиртайг сануулсан билээ. Ядруулыг бууруулах талаар МАН мөрийн хөтөлбөртөө тухайлан дурдаагүй бөгөөд үндэсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, 150 000 ажлын байр бий болгохоор ажиллах нь. АН-ын хувьд “Цалин, хөдөлмөрийн хөлсний уян хатан бодлого хэрэгжүүлж, цагийн хөлсний системд шилжинэ” хэмээжээ. Мөн ажиллах хүчийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахаар 100 мянган ажлын байр шинээр бий болгох аж. Тэгвэл “Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний үзүүлэлтийг инфляц, хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн өсөлттэй уялдуулан өнөөдөртөө санаа зоволгүй амьдрах хэмжээнд үе шаттайгаар хүргэх “баталгаатай орлого” олгох замаар ядуурлын түвшнийг мэдэгдэхүйц бууруулна” гэж “Та, бидний эвсэл” дурдаж.
ТАТВАРЫН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХААР ТООЦСОН БАЙНА
Манай улсын татварын орлого энэ оны эхний таван сард өнгөрсөн жилийн мөн үеийнхээс даруй 533.3 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт гарсан. Цар тахалтай тэмцэх онцгой хөтөлбөр батална гэж буй Ардчилсан нам НӨАТ-ын хувийг тав болгож бууруулна. Гаалийн болон бусад татвар хураамжийн төлбөрийг тухайн бизнес эрхлэгчид дарамтгүйгээр шийдвэрлэнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. МАН-ын хувьд “Өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоо бий болгоно” гэв. Мөн тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнд импортын татварын шинэ зохицуулалт нэвтрүүлэх аж. “Зөв хүн электорат” эвслийнх үүнтэй төстэй буюу хүн амын орлогын өсөн нэмэгдэх шаталсан татварыг нэвтрүүлж, орлогын хэт ялгааг багасгах хөшүүрэг болгоно хэмээжээ. Бас НӨАТ-ын хувь хэмжээг эргэн харж, бага, дунд орлоготой иргэд, аж ахуйн нэгжийн үүрэх татварын ачааллыг бууруулах гэнэ. Тэгвэл “Та, бидний эвсэл” жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулсан төсөл, хөтөлбөрийг эзэнд нь хүргэдэг, ажлын байр нэмэгдүүлэх тусам татварын хөнгөлөлтийн бодлогоор дэмждэг болгож хуульчилна хэмээн тусгасан байв. “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл (Монголын консерватив нам, Монгол хүний төлөө нам) татварын суурийг өөрчилж, бага хувьтай, ялгаатай татварын тогтолцоо хэрэгжүүлэх аж. Мөн импортыг орлох, экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг татварын бодлогоор дэмжих нь.
ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч макро эдийн засгийн тогтвортой байдалд учруулж буй дарамтыг бууруулахын тулд эрх баригчид зардлаа эрэмбэлэх замаар төсвийн сахилга батыг хангах шаардлагатай хэмээн сануулсан. Энэ талаар АН мөрийн хөтөлбөртөө улсын нэгдсэн төсвийг алдагдалгүй баталж, төсвийн зардлыг ач холбогдол, үр өгөөжөөр нь эрэмбэлэх зарчимд шилжин, үр ашигтай хуваарилалтын бодлого хэрэгжүүлнэ хэмээсэн байв. МАН төсвийн тэнцлийг сайжруулж, хуримтлал үүсгэх бодлого баримтална гэснийг мөрийн хөтөлбөрөөс нь харж болохоор байна.
Өрийн “гинж”-нд хүлүүлчихээд буй манай улс бондын төлбөрөө дараа жилээс төлж эхлэх хуваарьтай бол ойрын хугацаанд Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах, эсэх нь тодорхойгүй байна. Хөрөнгө оруулагчдын Монголд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө “луужин” гэж хардаг “Оюутолгой” төслийн эрчим хүчийг дотоодоос хангах шийдлийг талууд тогтсон хугацаанд тохирч чадаагүй, экспорт, татварын орлого багассан гэх мэтчилэн таагүй нөхцөл үүссэн ч гадаад худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт (энэ оны эхний таван сарын байдлаар 3.99 тэрбум болсон) хүргэнэ гэж нэг нам нь мөрийн хөтөлбөртөө дурдсан байхад нөгөөх нь 2030 онд нийт экспортыг 30 тэрбум “ногоон” болгоно зэргээр өөдрөг төсөөлжээ. Тэгэхээр “отож” буй эрсдэлүүдээс намууд тэгтэл их айхгүй байгаа бололтой. Жижиг эдийн засагтай, сэхэл авахдаа хурдан байж мэдэх манай улс төлөвлөснөө хэрэгжүүлж, хямралыг давчихаад, хуримтлуулж чадвал мэдээж сайн хэрэг. Харин хямралын нөхцөлд уян хатан, үр дүнтэй шийдвэр гаргаж, чадах, эсэх нь сонгуулийн дүнгээр байгуулагдах УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанаас хамаарна.    
Ц.Болормаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ