Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

С.Дондов: Байгаль орчны хүний эрх хамгаалагчдын эсрэг хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, арилгах бодлого, зохицуулалт бий болгох шаардлагатай

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид болох байгаль хамгаалагчид, экологийн цагдаагийн алба хаагчид, төрийн бус байгууллагын ажилтан, идэвхтнүүдийн өнөөгийн нөхцөл байдлыг “Иргэний нийгэм болон байгаль орчны хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” судалгаагаар тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгахаар ажиллаж байна.  
Уг асуудлаар ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов өнөөдөр /2024.03.21/ мэдээлэл хийлээ.  
Тэрбээр УИХ-аас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар Комисс нь хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд ХЭҮК-ын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулагдаж, 130 орчим гомдол хүлээн авч, Хорооны 4 дүгнэлт гаргасан. Тухайлбал, гомдол шийдвэрлэх хүрээнд:
  1. ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэстэй хамтран 2 хүний эрх хамгаалагчид хамгаалалтад авсан.
  2. Нийт 3 хүний эрх хамгаалагчид сэтгэлзүйн туслалцаа, 1 хүний эрх хамгаалагчид хууль зүйн туслалцааны дэмжлэгийг Хүний эрхийн форумын дэргэдэх “Хүний эрхийн зөрчилд шуурхай хариу үзүүлэх тусгай төсөв”-т хандаж шийдвэрлүүлсэн.
  3. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран 1 хүний эрх хамгаалагчид амьжиргааны тэтгэмжийн асуудлыг олон улсын байгууллагад хандаж хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн талаар мэдээллийн эхэнд онцоллоо.
Ардчилсан нийгэмд иргэний нийгмийн байгууллага нь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх зүйт ёс бүрэн хэрэгжих нөхцөлийг хангах төрийг дэмжин ажиллахад хүний эрх хамгаалагчид чухал үүрэг гүйцэтгэдэг. Төрийн эрх бүхий байгууллагууд тайван замаар илэрхийлж байгаа шүүмжлэлт үзэл санааг дэмжих хэрэгтэй бөгөөд хүний эрх хамгаалагчдын хууль ёсны, чухал үүргийг олон нийтэд нээлттэйгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.
Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжин, иргэний нийгэмд тулгуурлан хөгжих зорилгыг Үндсэн хуульдаа баталгаажуулж, энэ үзэл санаанд нийцүүлэн эрх зүйн шинэтгэл хийж, 1997 онд Төрийн бус байгууллага (ТББ)-ын тухай хуулийг баталсан. Уг хууль батлагдсанаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, хүний эрхийг хангахад ТББ-ууд чухал үүрэг гүйцэтгэж байна. 
Төрийн бус байгууллагууд нь сайн дурын үндсэн дээр гишүүддээ үйлчилдэг, нийтэд үйлчилдэг, ашгийн төлөө бус хуулийн этгээд буюу холбоо, сан байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж байна. Анх 1998 онд 1,075 ТББ бүртгэгдэж байсан бол 2023 оны байдлаар 31,130 ТББ бүртгэгдсэн нь 28,9 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг мөн танилцууллаа.
Түүнчлэн хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй бэрхшээл, нөхцөл байдал олон улс хэмжээнд ямар түвшинд байгаа талаар танилцуулав.
  ДЭЛХИЙН 26 УЛС ОРОНД 401 ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН АМЬ НАС ХОХИРСОН
Фронт Лайн Дефендэрс байгууллагын 2022 оны судалгааны төлөв байдалд хүний эрх хамгаалагчийн эсрэг халдлага, зөрчлийн эхний тавд баривчлах, хорих явдал 19.5 хувь, хууль сахиулах, шүүх байгууллагад тэдний эсрэг гомдол, нэхэмжлэл гаргах тохиолдол 14.2 хувь, биед нь халдах явдал 12.8 хувь, амь насанд заналхийлэх тохиолдол 10.9 хувь, мөрдөн мөшгих явдал 9.6 хувьтай байгаа юм байна.
Түүнчлэн дэлхийн 26 улс оронд 401 хүний эрх хамгаалагчийн амь нас хохирсон байна. Мөн хүний эрх хамгаалагчийн эсрэг халдлага, зөрчил хамгийн их гардаг таван салбарт байгаль орчин, газар, уугуул иргэдийн эрх зөрчигдөх байдал 11 хувь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зөрчигдөх байдал 10 хувь, эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал, цуглаан хийх эрх чөлөө зөрчигдөх байдал 9 хувь, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх байдал 7 хувь, ял завшихтай тэмцэх, шударга ёсыг шаардах эрх зөрчигдөх байдал 6 хувьтай байна.
Энэ нь хүний эрх хамгаалагч яагаад ийм халдлага, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй болдог, түүнийг хэрхэн хамгаалах буюу хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдал, хамгаалалтын талаарх олон улсын хэм хэмжээ, шаардлагыг дэлгэрүүлэн авч үзэх шаардлагыг бий болгож байгааг тэрбээр мөн онцолсон юм.
  ЭКОЛОГИЙН ЦАГДАА БОЛОН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАР ДАРАМТ, ШАХАЛТАД ӨРТӨХ ЯВДАЛ ГАРЧ БАЙНА
Монгол Улс дахь хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудад дараах тогтолцооны шинжтэй хүндрэл, бэрхшээлтэй асуудал нийтлэг тулгардаг байгааг тодотгосон.
Тухайлбал, уул уурхай, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүний эрх хамгаалагчдын хувьд дарамт, шахалтад өртөх эрсдэл өндөр байна. Тэр дундаа уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа, судалгаанд оролцогчдын 16.7 хувь нь маш их эрсдэлтэй, 50 хувь нь их эрсдэлтэй гэж үзжээ. Харин байгаль орчны чиглэлээр ажиллаж буй хүний эрх хамгаалагчдын 25.2 хувь нь маш их, 19.8 хувь нь их магадлалтай гэж хариулжээ.
Судалгаанд оролцогчдын 7.9 хувь нь маш их, 14.3 хувь нь их, 37.3 хувь нь дунд зэрэг, 24.8 хувь нь бага зэрэг дарамт шахалт, заналхийлэл ирэх магадлалтай гэж үзсэн байна.
Түүнчлэн иргэний нийгмийн хүний эрх хамгаалагчийн эрхэд халдаж буй өргөн тархсан хэлбэр нь нэр төр, алдар хүндэд халдах, цахим орчинд гутаан доромжлох явдал юм. Энэ нь хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ташаа байдлаар ойлгуулахад хамгийн их нөлөөлөх хүчин зүйл болж байна.
Үүнд нэг талаас төрийн зүгээс, нөгөө талаас уул уурхайн компаниуд нөлөөлөл үзүүлж байна.
Ялангуяа байгаль хамгаалах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх явцад экологийн цагдаа болон байгаль хамгаалагч нар дарамт, шахалтад өртөх явдал гардаг байна. Мөн хүний эрх хамгаалагчдад тулгарч буй аюул, эрсдэлд байгаль орчны хүний эрх хамгаалагчид болон эмэгтэй хүний эрх хамгаалагчдад илүү их тохиолдож байна.
Тиймээс хүний эрх хамгаалагчийн аюул эрсдэлийн механизмыг сайжруулах, ялангуяа байгаль орчны хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй өс хонзогнолын сэдэлтэй хүний эрхийн зөрчлүүдийг илрүүлэх, арилгах чиглэлээр бодлого, зохицуулалт бий болгох, мөн нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг хэвлэлийн хурлын үеэр цохон тэмдэглэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ