Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хайлааст орчмыг орон сууцжуулах, дэд бүтэц, эрчим хүчний төлөвлөлтийг хийж, танилцуулахыг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаарх ээлжит уулзалтаа Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын хороодын төрийн албан хаагчидтай хийлээ. Чингэлтэй дүүрэг нь нийт 24 хороотой, 11 нь гэр хороолол. 37,508 өрхийн 144,249 оршин суугчтай. Дүүргээс бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөө Өргөө, Зурагт, Хайлааст, Чингэлтэй, Хөтөл гэсэн таван бүсээр хийсэн байна. Хайлааст нь тус дүүргийн нягтаршил ихтэй бүс бөгөөд нийт долоон хороонд 45 мянган иргэн амьдарч байна.
Ерөнхий сайд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулж, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа. Хороо, хэсгийн ахлагч нарын хэлж буйгаар Хайлаастын гэр хорооллыг дэд бүтцэд холбож, орон сууцжуулах бүрэн боломжтой аж. Сүүлийн жилүүдэд хөдөөнөөс шилжин ирэх урсгал эрс нэмэгдсэн нь эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал зэрэг төрийн үйлчилгээний хүртээмжид ч сөргөөр нөлөөлөх болжээ.
Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын 14, 18 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийг тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл танилцууллаа. Сэлбэ дэд төвийг дээрх хороодын нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөжээ. Сэлбэ дэд төвийн 158 га газрыг чөлөөлөхөөр болсон байна. Тус төслөөр иргэдийг тохилог, эко орон сууцаар хангасан, нийгмийн дэд бүтцийн хүртээмжтэй, амралт, аялал зугаалгын бүс бүхий эрүүл ногоон хороолол бий болгохоор төлөвлөжээ.
Хайлааст орчимд агаар, ус, хөрсний бохирдол их, нийтийн тээврийн хүрэлцээ муу, зундаа үер, хүйтний улиралд халиа үүсэх хэд хэдэн далан суваг, шуудуу байдаг. Сүүлийн жилүүдэд газар төлөвлөлтгүй олгосноос сургууль, цэцэрлэг барих газаргүй болсон гэдгийг дүүрэг, хорооны удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан. Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн ойр орчмын газрыг л гэхэд иргэн, ААН-д эзэмшүүлсэн учир сургуулиа өргөтгөх, шинээр барилга барих ямар ч боломжгүй болсон. Тиймээс эдгээр газрыг цуцлуулах шаардлагатай гэдгийг тус сургуулийн захирал Б.Нэргүй хэлж байв.
Сүүлийн гучин жилд нийслэлд бий болсон утаа, түгжрэл, төлөвлөлтийн алдааг засахын тулд Засгийн газраас хотын ажилд анхаарал хандуулахаас өөр аргагүй болсон. Түүхэндээ бараг анх удаа Засгийн газар ингэж анхаарч байгаа. Ерээд онд өмч хувьчлалаас эхэлсэн луйвар нийслэлийн газраар үргэлжилсэн. Замбараагүй газар олголтоос болоод одоо сургууль, цэцэрлэг барих газраа төр буцааж өндөр үнээр худалдаж авах хэмжээнд хүрээд байгаа. Одоо төвлөрлийг буцааж задлахаас өөр аргагүй. Тиймээс нийслэлийг бүсчилж хөгжүүлэх 42 шинэ нэгж байгуулахаар Засгийн газар судалж байна. Үүний нэг нь Хайлааст. Иргэд төрийн болон нийгмийн үйлчилгээг 15-20 минутад авдаг болох учиртай. Хэрэв үүнийг бүсчилсэн байдлаар шийдчихвэл төв рүү урсах урсгал буурч, гадагшаа чиглэсэн урсгал нэмэгдэнэ. Үүнийг оновчтой хийж төрийн анхан шатны нэгжүүдээс санал авах нь бодлогын шийдвэрт чухал нөлөөтэй гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн Хайлааст орчмыг орон сууцжуулах, дэд бүтэц, эрчим хүчний төлөвлөлтийг яаралтай хийх, хороодын Засаг дарга нарын эрх мэдлийг эрх зүйн хувьд нэмэгдүүлэх боломжийг судлахыг холбогдох албаны хүмүүст чиглэл болголоо.    
Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, энэ дагуу хот, хөдөөгийн хөгжлийг бодлогоор төлөвлөж, бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байгаа. Уг бодлогыг дэмжиж байгаагаа уулзалтад оролцогчид илэрхийлж, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх нь чухал реформ болно гэдэгт санал нэгдэж байлаа.
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ