Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ирэх өвөл лаа, шүдэнзээ базаах вий!


Нийслэлчүүд эрчим хүчний асуудлаасаа гарч чадахгүй хэр хугацааг зарцуулах вэ. Сүүлийн хэдэн жил эрчим хүчний салбарын алдагдал нэмэгдсээр, цаасан дээр л хэдэн цахилгаан станцтай өнөөдөртэй золгож байна.
Арга ядаад Эрчим хүчний сайд нь аргалсаар, хязгаарлалт хийсээр. Гэхдээ эх үүсвэрээ шийдэх ямар нэг гарцгүй.
Ирэх жил бүр ч хүндэрч эрчим хүчний хязгаарлалтыг 50 хувиар хийх эрсдэлтэй гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэв.  Тэрбээр "Энэ жил эрчим хүчний дутагдаж байгаа хэрэгцээгээ сөөлжилж, ид хүйтний ард гарах гэж байх шиг байна. Ирэх оны өвлийн улиралд эрчим хүчний хүндрэлтэй нүүр тулна. Магадгүй ирэх жил 50, 50 хувийн хязгаарлалт хийх байдалтай байна. Хэрэв бид ирэх гурав, дөрөвдүгээр сард яаралтай экстрим шийдвэр гаргаж, эрчим хүчний хангамжийн чиглэлээр аравдугаар сараас өмнө шинэ эх үүсвэрүүдийг шийдэж чадахгүй бол том бүтээн байгуулалт болон бусад ажлыг хийж чадахгүй. Дулаан хангамжийн хувьд, яаралтай дөрвөн станцыг барих шаардлагатай. Одоогийн байдлаар хөрөнгөө батлуулж, газрынхаа асуудлыг хэлэлцэж байна. Энэ дөрвөн станцыг богино хугацаанд байгуулж, төвийн дулаан хангамжийг дэмжихгүй бол ирэх жил хөлдөнө. Цаана нь нэн яаралтай барих дахин дөрвөн эх үүсвэр байгаа" гэдгийг онцлов.
Хэрэв бид эх үүсвэрээ шийдэж чадахгүй бол ирэх жил улсын нийслэл Улаанбаатар даяараа хөлдөж, тог цахилгаангүй өвөлтэй золгох ийм л эрсдэлтэй нөхцөл биднийг хүлээж буй.
V цахилгаан станцын талаарх яриа гараад хэд дэх жилтэйгээ золгож байгаагаа ч мартах дөхсөн нийслэлчүүдэд нэг гэгээтэй мэдээ нь энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалт дунд Багануурын уурхайг түшиглэсэн цахилгаан станц барих ажилд тодорхой төсөв суулгасан гэх. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн том чадлын цахилгаан станц барих судалгааны ажил 1989 оноос эхэлсэн. Төвийн бүс, дорнод бүс, говийн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах эх үүсвэрийг бий болгох зорилгоор уг уурхайг түшиглэн 400 МВт-ын цахилгаан станц барихаар шийдвэрлэж, гэрээ хэлэлцээр байгуулан үйл ажиллагааг эхлүүлж байв.
Төслийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажилласны дүнд станцын үндсэн блокийг 200 МВт-ын хоёр турбингөнөратортай байхаар тогтсон агаад төхникийн үндсэн тоноглол өөрчлөгдсөнтэй холбогдуулан Техник, эдийн засгийн үндэслэл(ТЭЗҮ)-д тодруулга хийж, улмаар холбогдох гэрээ, баримт бичигт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа талаар салбар яамнаас мэдээлж байсан юм. Гэхдээ энэ төсөл цаасан дээр хэвээрээ бөгөөд ТЭЗҮ боловсруулах шатандаа яваа учраас ирэх жилийн хөлдөх, тоггүй байх эрсдэлээс лав биднийг аварч амжихгүй нь.
Үе үеийн Засгийн газар, улстөрчдийн амлалтын бай болсоор эцэст нь царцаасан V цахилгаан станц барих төслийг анх 2011 онд эхлүүлж байв. Төрийн шийдвэрээр 2017 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч сүүлийн найман жил цаасан дээр бичигдсэнээс өөр бүтээн байгуулалт өрнөөгүй, 35 жил өнгөрчээ.
Үндсэндээ монголчууд 1990 оноос хойш нэг ч цахилгаан станц бариагүй учраас өнөөдрийн эрчим хүчний хомсдол бий болсон. Засгийн газар бүрийн урьтал болгож ярьдаг сэдэв нь цахилаан станц боловч цаасан дээрээ царцсаар өнөөдөртэй золгосны гор гарч, бид хязгаарлалтад орж, ирэх жил бүр ч их хязгаарлуулах нь. Юу юугүй сонгууль болж, царцсан цахилгаан станцууд цаасан дээрээ үлдэж, хязгаарлалтаар аргалдаг Б.Чойжилсүрэн сайд ч ажлаа өгөөд алга болох нь. Харин нийслэлчүүд бид тог дулаангүй ирэх өвлийг давж гарахын тулд лаа, шүдэнзээ бэлдэх хэрэг гарах вий.

https://news.mn/r/2704776/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ