Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хийн аюулгүй байдалд тавих хяналт хаана байна вэ

Сүүлийн үед, сүжиггүй хүн сэжиг төртөл гамшиг осол дараалж байна. Хамгийн сүүлд, хотын замаар тээвэрлэж явсан 60 тонн хий дэлбэрэв. Урьд хожид үзэгдээгүй гамшиг осол болов. Олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө сүйдлээ. Мэдээж хэрэг, энэ осол хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой. Гэвч энэ бүхний эцсийн дүгнэлт албан ёсоор гараагүй байна.

Харин ингэж ойр ойрхон том том осол аваар гараад байгаа нь төрийн хя­налт “алга болсон”-оос үүдэлтэй. Адаг­лаад л аюултай ачаа тээвэрлэх горим буюу ачиж яваа машин цац­руу­лагч­тай байсан эсэх гээд наад захын зөрч­лүүдийг дурдаж болохоор байгаа юм.
Ер нь бол сүүлийн үед Шадар сайдаас эхлээд “...Стандарт” гэж их ярих болсон. Гэтэл нөгөөх стандартыг нь мөрдүүлэх төрийн хяналтын байгууллагаа татан буулгачихсан.

 Оноороо хоёр жил, сараараа жил дөрвөн сарын өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгачихсан.
Уг нь Мэргэжлийн хяналтын байгууллагыг үүсгэж, сайдаар нь ч ажиллаж байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус газрынханд “…Нэгэн үе энэ байгууллагыг удирдаж байсан хүний хувьд би та нөхдийн жаргал, зовлонг сайн мэднэ. Шалгуулж байгаа, алдаа гаргасан хүн түүнийгээ хүлээх дургүй байдаг. Гэсэн ч та бүхэн мэргэжлийн бай, муу хэлэгдэхээс бүү ай. Дижитал шилжилт зэрэг шинэтгэлийн ажлууд эхлүүлж байгаад талархаж байна. Төр байгаа цагт хяналт шалгалт байна. Та бүхнийг  хуулиас дээгүүр гишгэх гэсэнтэй нь хариуцлага тооцож чаддаг, хичээж яваад нь зөвлөн туслах анд нөхөр нь болж чаддаг, хатуу зөөлөн аргыг хавсран хэрэглэдэг байгууллага байгаасай гэж хүсэж байна” гэдэг байсан юм.

Харин татан буулгах үед Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн 1100 орчим улсын байцаагч  төрийн хяналтыг тавьдаг байв. Гэвч “...МХЕГ нь 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн. Гэсэн ч хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зүгээс “...Төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна” гэх гомдол гаргах болсон. Энэ үндэслэлээр тус байгууллагыг цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай болсон” гээд дээрх шийдвэрийг хэрэгжүүлсэн.

Ингээд МХЕГ-ын 800 гаруй албан хаагч яамдад хуваарилж, 300 орчмыг нь цомхотгож орхисон. Тэр шийдвэртэй хамт төрийн хяналтыг “татаад буулгачихсан” байдаг юм.
Тэгээд суурин дээр нь үлдсэн “Газар”-ыг тэс өөрөөр ажиллуулдаг болсон. Дотоод хяналтын газар шиг үйлчлэлтэй болгочихсон. Одоо тэр газар нь тэртэй тэргүй Төрийн албаны зөвлөлийн дөнгөөд байдаг чиг үүргийг хуваан эдэлдэг.

Гэтэл сүүлийн хоёр жилд төрийн хяналт гээч алга болсон. Чухамдаа энэ л олон ослын үүд нээгдсэн гэхэд хэтийдэхгүй.
Хамгийн сүүлийн энэ хий дэлбэрсэн ослыг л гэхэд өмнө нь МХЕГ, НМХГ-аас тавьдаг байсан хяналт алга болсонтой холбохоос өөр арга байхгүй. Яагаад гэхээр, урьд нь шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ, аюулгүй байдалд МХЕГ-т Эрчим хүч, хэмжил зүйн хэлтэс мэргэжлийн хяналт тавьдаг байжээ. Гэтэл одоо энэ хэлтсийнхэн салаад нэг хэсэг нь Эрчим хүчний яам, нөгөө хэсэг нь Стандартчилал, хэмжил зүйн газарт шилжсэн. Мөн МХЕГ, НМХГ-т яг хийн чиглэлээр гадаад, дотоодод нарийн мэргэшсэн дөрвөн сайн байцаагч байв. Тэдний нэг нь Эрчим хүчний яамны Салбарын хяналтын газарт очсон байна. Нөгөө гурав нь хаана ажиллаж байгаа нь тодорхойгүй байна. Цомхотголд орсон 300-гийн нэг болсон байхыг үгүйсгэхгүй.

Харин одоо хийн асуудлыг УУХҮЯ-нд хариуцах болсон. Тус яамны Салбарын хяналтын газар хариуцдаг гэсэн үг. Тэндхийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн улсын байцаагч нарт тэр эрх үүргийг хэрэгжүүлэх учиртай. Гэсэн ч Мэргэжлийн хяналт гэхээсээ УУХҮЯ-ны чиг үүргийн дагуух хяналтыг хэрэгжүүлдэг байна. Гэхдээ энд гарч буй хийдэл нь шинээр байгуулагдсан яамдын Салбарын хяналтын газрууд зөвхөн тухайн яамныхаа чиг үүргийн дагуух “хяналт”-ыг л тавьдаг болсон. Өмнөх Мэргэжлийн хяналтын байгууллага шиг хөндлөнгийн хяналт үгүй болчихсон. Өөрөөр хэлбэл, сайдын мэдэлд ажиллаж байгаа хяналтын байцаагч шийдвэрийнх нь эсрэг хяналт тавина гэж байхгүй. Энэ нь амьдралаар нотлогдсон зүйл шүү дээ. Энэ нь хяналтын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх боломж болчихож байгаа юм. Ерөөсөө, 2003 онд Мэргэжлийн хяналтын байгууллагыг яг ийм шалтгаанаар байгуулж байсан юм. Өөр бусад жишээнүүд ч үүнийг нотолно. Тухайлбал, хоруу чанар нь жилээс жилд нэмэгдэх болсон шахмал түлшний асуудал байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буугдах хүртэл НМХГ-ын байцаагч 24 цагаар хяналт тавьдаг байв. Өдөр бүр тухайн түлшний орц найрлага хянагддаг байсан гэсэн үг. Түүнээс хойш хяналт нь алга болчихсон. Тэгэхээр төрийн хяналтгүй болсноос хойш “Тавантолгой түлш”-ийн шахмал түлшний гол орц болох барьцалдуулагчид тавьдаг хяналт ч үгүй болсон. Одоо хаанаас, ямар чанартай барьцалдуулагчаар түлш хийх болсныг нь нарийн нягтлах шаардлагатай. Дээрээс нь тэр түлшний утаанаас гарах болсон үнэр гэдэг шинэ асуудал бий болсон. Урьд нь бас үнэрийг нь хэмждэг байсан. Хэмжилтээс шалтгаан нөхцөл нь тогтоогддог байв. Мэргэжлийн хяналтын байгууллагыг байхад гэсэн үг шүү дээ. Харин тус байгууллага тарсны дараа өнөөх багаж нь хаашаа ч юм алга болчихсон байгаа юм. Бодит байдал ийм байна.

Ер нь бол Мэргэжлийн хяналтынханд асуудал байсан уу гэвэл байсан. Оймсны хэргээс эхлээд олон “юм” бий. Гэвч тэр нь өнөөдөр төрийн мэргэжлийн хяналт яам дагаж унасны дэргэд бол засаж залруулж болох л алдаа юм. Тиймээс шийдвэр гаргагчид өмнөхөө эргэж нэг хараад “Мэргэжлийн хяналт”-ыг сэргээх нь л зөв болов уу даа. Угаасаа “...Аливаа төрийн оршин тогтнох үндэс нь хяналт” гэдэг дүрэмтэй шүү дээ. Гэхдээ тэр хяналт нь одоогийнх шиг сайдын мэдэлд шийдвэр дагадаг бус хөндлөнгөөс, мэргэжлийн нүдээр харж, амаар дуугардаг төрийн хяналт юм. Яг л 20 жил болоод хоёр жилийн өмнө татан буугдсан Мэргэжлийн хяналтын байгууллага шиг...
 
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 18 (7262)
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ