Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Технологийн хувьсгал ба ухаалаг Парис: Шинэ оны технологиуд


Жил ирэх тусам технологийн дэвшил биднийг уран зөгнөлт зохиолын баатар болсон мэт мэдрэмж төрүүлэх болсон. Хиймэл оюун ухаан, гений инженерчлэл, сансрын аялал жуулчлал бодит байдал болсон. Ойрын ирээдүйд биднийг ямар гайхалтай технологи хүлээж байгаа, ирээдүйг хэн бүтээж буй тухай сонирхолтой материалыг Fоrbes нийтэлжээ.
Хорт хавдрын эсрэг программчлагддаг эм
АНУ-ын “Strand Therapeutics” компани 2023 оны дөрөвдүгээр сард хорт хавдрыг эмчлэх мРНК эмчилгээний эмнэл зүйн судалгааны дүнг нийтэлсэн. Эл технологи нь хорт хавдрыг өөрөө илрүүлж, эмчилгээний тохирсон эмийг боловсруулж эхэлдэг байна. Тус стартап 97 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаад байна. Эл гений программчлагдсан схем нь эмчилгээний хугацаа, үр дүнг мөн тохируулдаг байна.
Нисдэг камер
АНУ-ын “Ring” компани дэлхийд анхны нисдэг хяналтын камер бүтээж байна. Тусгай апп ашиглан дроныг программчилдаг ба гэр дотор 50 өөр чиглэлийг тохируулах боломжтой аж. Хэрэв та индүүгээ салгасан эсэхээ мартсан бол дроны тусламжтай шалгах боломжтой. Нисдэг камерыг “Ring” компаниас гаргадаг бусад бүтээгдэхүүнтэй хоршуулан ажиллуулж болно. Тухайлбал, таны гэртээ байхгүй үед хөдөлгөөн илрүүлэгчээс сэрэмжлүүлэх дохио ирвэл дрон юу болж байгааг шалгах юм.
Ухаалаг хөргөгч
“Samsung Food” нь хоол тэжээл судлаачийг орлох зорилготой үйлчилгээ. “Samsung” компани шинэ технологио 2023 оны наймдугаар сард танилцуулсан ч энэ онд өргөн хэрэглээнд нэвтэрнэ. Учир нь энэ онд “Samsung”-ийн ухаалаг гэрийн бүхий л элементийг энэхүү технологитой холбох аж.
“Samsung Food” апп нь хэрэглэгчдэд тусгайлан зориулсан жор боловсруулж, хоолны дэглэмээ тохируулах, хоол хийхэд нь тусална. Хиймэл оюун ухаантай холбосон эл үйлчилгээний тусламжтай хэрэглэгч тухайн хоолны жорыг веган болгон өөрчлөх, хөргөгчид байгаа хүнсээр амин дэм, бичил элементийн тэнцвэрийг хангасан хоол хийхэд нь туслах аж.
Квант компьютер
Эрдэмтэд квант технологийн технологийг олон арван жилийн турш хөгжүүлсээр байна. Өдгөө квант компьютерыг бараг хязгааргүй нөөц бүхий томоохон компаниуд туршиж байна. 2023 оны дөрөвдүгээр сард “Google” компанийн бүтээсэн квант загвар нь супер компьютерын 47 жил бодох бодлогыг хэдхэн секундийн дотор бодож чаджээ. D-Wave Systems Inc, IBM, Intel, Google, Microsoft компаниуд болон Universal Quantum зэрэг стартапууд өдгөө квант компьютер бүтээж байна. Ийм төрлийн компьютер эмийн үйлдвэрлэл, хиймэл оюун ухааны технологийн хөгжлийг түргэтгэхээс гадна ойрын ирээдүйд өргөн хэрэглээнд нэвтэрнэ гэсэн хүлээлттэй байна. Дэлхийн олон улс орон квант компьютерын ашиглалтыг зохицуулах хууль, журам боловсруулж эхэлснээс гадна томоохон компаниуд квант системийн тусламжтай халдлага үйлдэхээс сэргийлсэн хамгаалалтад олон сая ам.доллар цутгаж эхэлсэн нь эл төрлийн компьютерууд удахгүй өргөн хэрэглээнд нэвтрэхийг илтгэж байна гэж Блүмберг агентлаг бичжээ.
Ухаалаг хотууд
Ухаалаг хотуудын үзэл баримтлал ирээдүй судлаачдын анхаарлыг эртнээс татаж эхэлсэн билээ. Оюунт тоолуур, ухаалаг гэрэлтүүлэг, автомашины зогсоолын ухаалаг систем, оргил цагаар замын хөдөлгөөний урсгалыг сайжруулах автомат систем. Энэ бүх инновац эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээг зохицуулахаас гадна өдөр тутмын амьдралыг илүү тав тухтай болгоход зориулагджээ.
Сонирхолтой нь энэ салбарын хувьд хөгжиж буй орнуудын хотууд илүү давуу талтай аж. Учир нь шинэ технологийг бараг тэгээс нь эхэлж нэвтрүүлэх ба аливаа хүнд суртлын хязгаарлалт үгүй гэж үзэж байна. Өдгөө ийм ухаалаг дэд бүтцийг Пакистанд “Дижитал Пакистан” төслийн хүрээнд хөгжүүлж эхлээд байна. Одоогийн байдлаар тус улсын авто замыг цахимжуулаад байгаа бөгөөд ирээдүйд бүхэл бүтэн ухаалаг хотуудыг барихаар төлөвлөжээ. Энэтхэг улс ухаалаг хотуудын төслийг энэ оны зургаадугаар сар гэхэд танилцуулахаар зэхэж байгаа бол Парис хот Олимпын их наадмын үеэр Европын ухаалаг хотын демо хувилбарыг танилцуулахаар бэлтгэж байна.
Нисдэг такси
Уран зөгнөлт киноны нэр шиг сонсогдож болох робот такси нь Калифорни мужийн хотуудаар хэдийн давхиж байна. Эдгээрийг “GM Cruise” болон “Google Waymo” компаниуд бүтээж байна. “Cruise” компани гэхэд 300 робот такситай бөгөөд хоногт 1000 хүнд үйлчилдэг байна.
Харин нисдэг таксийг Дубай хот нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Арабын Нэгдсэн Эмирт Улсын дэд ерөнхийлөгч бөгөөд Дубай хотын захирагч шейх Мохаммед бин Рашид Аль Мактум нисдэг таксины зогсоолын загварыг хэдийн боловсруулаад байгаа бөгөөд 2026 он гэхэд ашиглалтад оруулна хэмээн мэдэгджээ. Нисдэг такси 300 км/ц хурдлах чадалтай ба дөрвөн хүний багтаамжтай. Нисдэг таксины чиглэлийг Дубай хотын дөрвөн гол дүүргийг холбохоор төлөвлөжээ. Парис хот мөн шинэ технологийн туршилтын талбар болохоор яарч байна. Зорчигчид Олимпын тосгоно руу нисдэг такси хөлөглөх гэнэ.
Хүний тархины дижитал хуулбар
Хүний тархитай яг ижил виртуал загварыг боловсруулах туршилтыг мөн л олон жилийн турш хийж байна. Өнөөг хүртэл тийм ч их амжилт олоогүй бол энэ салбарт тархины дижитал хувилбар бүтээх платформ хувьсгал хийхээр өрсөлдөж эхлэв. Хятадын шинжлэх ухааны академийн цахим хүрээлэнгийн багийн бүтээсэн дижитал тархи хүнийг дуурайх чадвартай. Ижил төстэй төслийг AMU Marseille их сургууль боловсруулж байна.
Интернэтийн дараагийн үе
Харилцаа холбоо, технологийн томоохон компаниуд 2030 он гэхэд 6G гарч ирнэ гэсэн хүлээлттэй байна. “SK Telecom” компанийн захирал Ха Мин Ёны хэлснээр, одоогоор 5G-г бүрэн хэмжээгээр нэвтрүүлж дуусаагүй байна. Тиймээс дараагийн үе буюу 6G сүлжээний талаар ярихад эрт байна. Гэсэн хэдий ч 6G сүлжээний стандартын талаар хэдийн хэлэлцээд эхэлжээ. 6G сүлжээ харилцаа холбооны сүлжээний кибер аюулгүй байдлыг илүү өндөр түвшинд хангаж, хиймэл оюун ухааны боломжийг өргөжүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
Генератив хиймэл оюун ухаан
Генератив хиймэл оюун ухаан 2023 оны технологийн гол сенсац болсон билээ. Харин 2024 онд эл технологийг аж үйлдвэрийн илүү өргөн хүрээнд нэвтрүүлж эхэлнэ. Автомашин үйлдвэрлэгчид энэ оноос эхлэн ухаалаг автомашинд генератив хиймэл оюун ухааныг ашиглаж эхлэх аж. Энэ онд мөн “Автомашин үйлдвэрлэлийн салбарын генератив хиймэл оюун ухаан” сэдэвт анхны бага хурал болно. Бага хуралд BMW, Volvo, Toyota, Bugatti зэрэг автомашин үйлдвэрлэгчид оролцохоор мэдэгдээд байна. Мөн генератив хиймэл оюун ухааныг анагаах ухаанд түлхүү ашиглаж эхлэхээс гадна хэвлэл мэдээлэл, боловсролын салбарт өргөнөөр нэвтрүүлнэ гэсэн хүлээлт байна.
Маскийн тархины имплант
Хүн машин интерфейс нь хүн, машиныг холбох гүүр юм. Энэ технологи бидний амьдралд хувьсгал хийнэ гэж шинжээчид итгэлтэй байна. Энэ салбарын зарим технологи хэдийн бодит байдал болжээ. Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компани нейро компьютерын интерфейсийн туршилтад сайн дураар оролцох хүмүүсийг бүртгэж эхлээд байна. Тус компани хүний тархийг компьютертой холбох замаар хүн бодлын хүчээр компьютерыг удирдах боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа билээ. Өнгөрсөн онд тус компани хүний тархинд имплант суулгах зөвшөөрөл авсан бөгөөд 2024 онд 11 өвчтөн дээр туршилт хийхээр төлөвлөжээ. Саажилттай өвчтөнүүдийн тархинд суулгасан чип утасгүй интерфейсд мэдээлэл дамжуулах юм. Хэрэв туршилт амжилттай болбол эл технологийг илүү өргөн хүрээнд ашиглах боломжтой болно.

https://news.zindaa.mn/4s3m
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ