Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэлээ

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдэд тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжих, төлөвшүүлэх зорилготой өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай улсад 2017 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил ЭМЯ, ЭХЭМҮТ, ДЭМБ, МҮОХ-той хамтран 7 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр хавдрыг даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулан өгдөг уламжлалтай.
ДЭМБ, ДЭМБ-ын Хүүхдийн хавдрын асуудлаарх Хамтын ажиллагааны төв болох АНУ-ын Сэйнт Жүүдийн Хүүхдийн эрдэм шинжилгээ, судалгааны эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх “Хүүхдийн хорт хавдрын зайлшгүй шаардлагатай эмийн хангамжийн платформ”-д Монгол Улс шалгарсан тухай мэдээллийг ДЭМБ-ын Төв оффисоос энэ сарын 9-нд хийсэн цахим хурлын үеэр мэдээлсэн байна. Энэхүү платформд хамрагдсанаар хүүхдийн хорт хавдрын зайлшгүй шаардлагатай эмүүдийг ДЭМБ, Сэйнт Жүүд, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран нэгдсэн худалдан авалт хийж, сонгогдсон улсуудад чанартай эмээр үнэ төлбөргүй хангах бөгөөд химийн эмийн аюулгүй байдал, эмийн хангамжийн мэдээллийн тогтолцоо сайжирч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээний чанарт ахиц гарах аж. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хорт хавдрын эмийн эмчилгээний асуудал бүрэн шийдэгдэж, олдоц, хүртээмж, чанар, аюулгүй байдал сайжирч, олон улсын чанарын батламжтай эмийн үйлдвэрээс эм хангах нөхцөл бүрдэх юм байна. 
ЭМЯ-ны зүгээс үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудал, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлон  хэрэгжүүлэх, оношилгоо, эмчилгээний шинэ техник технологи нэвтрүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийг бүрэн хангах, орчин нөхцөлийг сайжруулах, эмч мэргэжилтнийг бэлтгэхэд бүх талаар дэмжин ажиллах болно гэсэн юм.

“Эрэлхэг баатрууд” өдөрлөгийн хамгийн чухал хэсэг нь хорт хавдраар өвчилсөн ч  сэтгэлэээр уналгүй эмчилгээгээ сайн хийлгэж эрүүл болсон хүүүхдүүдэд “Эрэлхэг баатар” алтан медалийг гардуулж, хорт хавдрыг даван туулснаа зарлан тунхагладаг эрүүл мэндийн хонхыг цохих ёслол байдаг юм.
“Эрэлхэг баатрууд”-ын медалийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантэ, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа нар гардуулж өглөө.
Хүүхдийн эмчилгээнд ашиглаж болох орчин үеийн шийдэл бүхий жакузиг “Түргэний гол” ХХК бэлэглэж, үнэт эдлэлийн “Symbol” дэлгүүрээс хүүхдийн хорт хавдрын тасагт олон жил ажиллаж байгаа хоёр сувилагчид бүтээгдэхүүнийхээ дээжээс гардуулса юм.
Дэлхий дахинд жилд дунджаар 400 мянган хүүхэд хорт хавдраар өвддөг бөгөөд манай улсад жилд 100 гаруй хүүхдийн хорт хавдар шинээр бүртгэгддэг. 2022 онд ЭХЭМҮТ-д 0-19 насны 89 хүүхэд шинээр хорт хавдраар оношлогдон эмчлүүлж байна.


Монгол Улсад цусны, тархины, нүдний хорт хавдар, ходжкины болон ходжкины бус лимфома зонхилдог нь олон улстай харьцуулахад төстэй байгаа юм. Хүүхдийн хорт хавдрын шалтгааны 95 хувь нь одоог хүртэл тодорхойгүй байна. Иймд дэлхий нийтээрээ хүүхдийн хорт хавдрын эрт оношилгоо, чанартай эмчилгээнд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.
ДЭМБ-аас 2018 онд Хүүхдийн хорт хавдартай тэмцэх Глобаль санаачлагыг гаргасан. Уг санаачлагын хүрээнд 2030 он гэхэд хорт хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээш хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан бөгөөд ингэж чадвал нэг сая хүүхдийн амь насыг аврах боломжтой хэмээн үзэж буй юм.


Монгол Улсын Засгийн газар хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах зорилт тавьж ДЭМБ-ын дээрх санаачлагад 2021 онд нэгдсэн нь Номхон далайн баруун бүсийн улсуудаас Филиппин улсын дараа хоёр дахь улс болсон. Тус санаачлагын хүрээнд ДЭМБ, ДЭМБ-ын Хамтын ажиллагааны төв болох АНУ-ын Сэйнт Жүүд Хүүхдийн эрдэм шинжилгээ судалгааны эмнэлэгтэй хамтран Монгол Улсын Засгийн газарт хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ