"Урт цагаан" үйлчилгээний төвийн барилгыг он удаан жил ашиглалтын явцад арчилгааг тогтмол хийж байгаагүй, газар хөдлөлийн эсрэг арга хэмжээг тооцоогүй барьсан зэргээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул нийслэлийн өмчөөс хассан байна.
Одоогийн байдлаар барилгын нэгдүгээр корпусын барилгыг буулгаж, түр хашаагаар хамгаалсан байдалтай байгаа бөгөөд түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан 22 хуулийн этгээд, гурван иргэнд байр, талбайг чөлөөлөх, түрээсийн төлбөр төлөх мэдэгдлийг хүргүүлжээ.
Нийслэлийн Засаг даргаас Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын төлөвлөлтийг өөрчлөх талаар өнгөрсөн сард явуулсан санал асуулгад 3,262 хүн оролцсоноос 3,122 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгохыг дэмжсэн үр дүн гарчээ.