Ерөнхий сайдад асуудлыг шууд тайлбарлаж, үнэний замд чиглүүлчихдэг зөвлөх, туслахтай байсан бол мань хүний рейтинг тэнгэрт тултал өсч, монголчуудын бахархалт хүн болох боломж байлаа. Харамсалтай түүнд тийм туслах ч, өөрт нь ч тэгэх ухаан алга. Тиймдээ л Дархан, Сэлэнгийг зорихдоо нисдэг тэрэг хөлөглөн, цагийг хэмнэж, сүрийг үзүүлэв бололтой.
Мань хүн намын даргын хувиар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ дэмжин, “баасыг нь цэвэрлэж” яваа мэт тойргуудаа тойрч яваа хэрэг л дээ. Харамсалтай нь нисдэг тэрэг хөлөглөсөн нь түүнийг ард түмнээсээ “тасарчихсан” гэдгийг харуулж, Дарханы замаар зорчигдийг доромжилсон үйлдэл боллоо.
Тухайн замын шинэчлэлийн ажлыг хийхдээ хуучныг нь бүхэлд нь хуу татснаар өнөөдөр хойд чиглэлийн замаар зорчих нь амь дүйсэн хэрэг болсон. Ганцхан жилийн хугацаанд Дарханы замд 147 хүн амиа алдсан гэдгийг МАН-ын даргад хэн нэгэн нь хэлж өгсөн болов уу. Хамгийн сүүлд УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвшигчийн ухуулагч нар осолдож, хоёр нь хорвоогийн мөн бусыг үзүүлснийг сонссон болов уу.
Тэр замын ажлын шавыг тавих ёслолын ажиллагаанд бахдалтайяа оролцож байв. Гэтэл хугацаанаасаа хожимдож, хүний амь, эд хөрөнгийн аранга болсон хойно нь өнөө замаасаа зугтаж, нисч байгаа нь амьдралаас тасарсны дээр, амлалтаа мартсаны шинж гэлтэй.
Угтаа бол Ерөнхий сайд Дарханы замаар явж, зам зууртаа зарим нэг сонгогчтой уулзаж, зовлонг нь сонсоод, очмогцоо зүдэрч бүдэрч ирснээ тайлагнаад, хурдхан замыг чинь тавиулъя гээд, “сэлмээ” эргүүлсэн бол жинхэнэ СУПЕР байх байлаа. Харамсалтай нь тэр өөрөө ч түүнийг дагалдагчид нь ч Дарханы замын Тамын зам болсныг мэдэж, мэдрэхийг хүсэхгүй байгаа бололтой.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn