Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Арахамия: ОХУ-ын эрх баригчид дайн дуусгах санал тавьсан


2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Донбассыг чөлөөлөх" нэрийн дор "цэргийн тусгай ажиллагаа" явуулах тушаалд гарын үсэг зурснаар Оросын арми Украины нутаг дэвсгэр рүү халдан орсон. Дайн эхэлснээс хойш дөрөв хоногийн дараа сөргөлдөгч талууд хэлэлцээ эхэлж, 2022 оны гуравдугаар сар сард үргэлжилсэн ч ямар нэг үр дүнд хүрэлгүй хэлэлцээр зогсонги байдалд орсон юм. 
 
Өнгөрсөн онд хэлэлцээр хийх үеэр ОХУ-ын эрх баригчид Украины талд болзол тавьж, энэ болзлыг биелүүлвэл дайнаа зогсоох санал тавьсан гэнэ. Энэ талаар 2022 оны хавар ОХУ-тай хийх хэлэлцээрт Украины төлөөлөгчдийг тэргүүлсэн Давид Арахамия мэдэгджээ. 
 
Оростой хийх хэлэлцээрт оролцсон Украины төлөөлөгчдийн тэргүүн, Дээд Рад дахь "Ард түмний зарц" фракцийн тэргүүн Давид Арахамиягийн мэдэгдсэнээр, Украин улс төвийг сахисан статустай болж, НАТО-д элсэхээс татгалзвал дайныг зогсооё гэсэн саналыг Оросын эрх баригчид тавьжээ. Улмаар хэлэлцээрт гарын үсэг зурвал Оросын арми хүчээ сэлбэж, байлдааны ажиллагааг дахин үргэлжлүүлж болзошгүй гэж үзсэний улмаас Украины тал хэлэлцээрийг батлаагүй аж. Тухайн үед "зүгээр л байлдах"-ыг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ятгасан гэнэ. 
 
2022 оны хоёр, гуравдугаар сард Беларусь, Туркэд болсон хэлэлцээрийн үеэр Оросын талын төлөөлөгчид Украин НАТО-д элсэхээс татгалзвал энх тайвныг тогтооно гэж амлаж байсан гэсэн энэ мэдэгдлийг Арахамия "1+1" сувагт өгсөн ярицлалагынхаа үеэр хийжээ.
 
"Биднийг төвийн сахисан статустай болгохын тулд хэлэлцээ байгуулах хүртэл шахаж дарамталж чадна гэж тэд эцсээ хүртэл найдаж байсан. Энэ бол тэдний хувьд маш том асуудал байлаа. Бид төвийг сахисан статустай болж, НАТО-д элсэхгүй гэсэн баталгаа өгвөл тэд дайныг дуусгахад бэлэн байсан. Гол нөхцөл нь энэ байлаа. Бусад, цэрэггүйжүүлэх, орос хэлтэй хүн ам гэх мэт нь дайвар төдий л нөхцөл байсан юм" хэмээн Арахамия мэдэгджээ.
 
Хэлэлцээрийн болзлыг зөвшөөрөөгүйн шалтгааныг сэтгүүлч асуухад тэрбээр дараах хариултыг өгсөн байна.
 
"Нэгдүгээрт, энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй. НАТО-д элсэх тухай Үндсэн хуульд тусгасан байгаа. Хоёрдугаарт, оросууд амалсандаа хүрнэ гэдэгт итгэх итгэл байгаагүй. Бид хэлэлцээрт гарын үсэг зураад явчихлаа гэхэд тэд хэсэг амарч аваад, дахин хүч сэлбэж дайрахыг үгүйсгэх аргагүй. Ийм байдал дахин давтагдахгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байсан нөхцөлд л бид зөвшөөрч болох байсан. Гэтэл ийм итгэл үнэмшил байгаагүй. Үүний дээр Борис Жонсон Киевт ирээд, юунд ч гарын үсэг зурж хэрэггүй, зүгээр л байлдацгаая гэж хэлсэн" хэмээн Арахамия өгүүлжээ.
 
Арахимиягийн өгүүлснээр, Их Британи болон Украины бусад түншүүд хэлэлцээрийн явцын талаар мэдэж байсан, хэлэлцээрийн төсөлтэй танилцсан ч Киевийн өмнөөс ямар нэг шийдвэр гаргаагүй, гагцхүү зөвлөгөө өгч байсан гэнэ. Түүнчлэн одоо Украины улс төрийн болон цэргийн удирдлага бүгд л байлдааны ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа гэж цохон тэмдэглэжээ. 
 
"Яагаад гэж үү? Яагаад гэвэл бид одоо хэлэлцээрийн ширээний ард сууж чадахгүй. Бид юуны төлөө хэлэлцээрийн ширээний ард суух юм бэ? Байгаа, байгаа газраа зогсоцгооё, ингээд л дуусгацгаая гэх үү? Үүнийг Украины олон нийт хүлээн авна гэж бодож байна уу?" хэмээн Арахамия өгүүлжээ. 
 
Энд дуулгахад, Оросын тал Украин руу халдсан шалтгаан нь гагцхүү энэ улс НАТО-д элсэхээр шийдсэнтэй холбоотой гэж шинжээчид үздэг. Оросын эрх баригчид ч НАТО-ын хил Оросын хил дээр тулж ирэхийг хүлээж зүгээр сууж болохгүй гэж удаа дараа мэдэгдэж байлаа. Дайн эхэлснээс хойш дөрөв хоногийн дараа эхэлж, бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн хэлэлцээр өдгөө зогсонги байдалд орсон. Ийм байдлаас хэзээ гарах нь тодорхойгүй. Учир нь Украины Ерөнхийлөгч Зеленский зарлиг гаргаж, Оросын өнөөгийн Ерөнхийлөгч Путин төрийн эрх мэдэлд байгаа цагт ОХУ-тай хэлэлцээ хийхгүй гэж шийдсэн юм. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Путин ирэх оны сонгуульд оролцож, дахин хэдэн жилээр Оросын төрийн эрх мэдлийг гартаа авахаар зэхэж байна. 
 
Г.Бямбасүрэн
Shuud.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ