Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Г.Занданшатар: Татварын цогт шинэчлэлийг хийхээр ажиллаж байна



-Импортлогчид 5 хувийн татвар төлж байхад дотоодын үйлдвэрлэгчид 20 хувь давсан татварын ачаалал үүрдэг маш буруу бодлого явж байна.
Татварын цогц шинэчлэл, Нийтийн буюу Төрийн санхүүгийн реформыг богино хугацаанд хийхээр УИХ ажиллаж байна. Дотоодын үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар мэдээлэл өгч, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санаачлага татвар төлөгчид буюу ард түмний дэмжлэгийг авч чадсан учраас оновчтой хувилбараар үргэлжлүүлэн ажил хэрэг болно гэдгийг онцлов. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэлд ээлтэй татварын суурь орчныг бүрдүүлэх үүднээс үйлдвэрлэгчидтэй санал солилцож, тулгарч буй асуудлуудыг нэгдсэн байдлаар тодорхойлох нь чухлыг тэмдэглэв. Тэрээр, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах үндэсний үйлдвэрлэгч “Майнд Тэч” ХХК-ийн үйлдвэрт ажиллах үеэрээ үүнийг онцолж, баялаг бүтээгчид болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжих татварын суурь шинэчлэлийн хүрээнд санал солилцлоо.
Өнгөрсөн хугацаанд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хууль эрх зүйн ээлтэй орчин, уян хатан бодлого, оновчтой зохицуулалт дутагдаж ирснийг судлаачид хэлдэг. Өнгөрсөн хоёрдугаар сард Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын суурь орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчид, нэмүү өртөг бүтээгчид, ажлын байр бий болгогчдыг татварын бодлогоор дэмжих, салбар бүрт тулгамдаж буй хүндрэл, ачааллыг тодорхойлох, ноогдуулж буй татварын төрөл зүйл, хувь хэмжээ оновчтой эсэх талаар аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцож байгаа юм.
“Майнд Тэч” ХХК нь Герман, Швед, Итали улсын тоног төхөөрөмж бүхий шахах, цэвэршүүлэх, савлах үйлдвэрүүдэд генийн өөрчлөлтгүй, транс тосны агууламжгүй ургамлын тосыг гарган авч, дотоодын зах зээлээс гадна БНСУ болон Япон улс руу экспортолж эхэлжээ. Эх орны хөрсөнд тариалсан тосны ургамлын үрнээс халуун шахалтын аргаар өдөрт 100 тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр нь салбартаа анх удаа үнийн хувьсгалыг санаачилж, хамгийн хямд үнээр худалдаалж эхэлсэн байна. Манай улсын ургамлын тосны нийт хэрэглээ өнгөрсөн оны байдлаар 10.8 мянган тонн байгаагаас 10.5 мянган тонн буюу 97 хувийг импортоор хангажээ. Түүврийн аргачлалаар нийслэл хотын дэлгүүр, худалдааны 20 цэгээс хийсэн тандалт судалгаагаас үзэхэд 20 нэр төрлийн ургамлын тос худалдаалагдаж байгаагаас 19 нэр төрөл нь импортынх бөгөөд үнийн хувьд 5090 төгрөгөөс 13100 төгрөгийн хооронд худалдаалж байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгч “Майнд Тэч” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Мөнхжаргал, татварын бодлого нь угтаа үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмждэггүй, алдаатай явж ирснийг хэлээд зах зээлийн шударга өрсөлдөөний гол чөдөр нь импортын татвар болж байгааг учирлаж байлаа. Учир нь ургамлын тосны зах зээлд давамгайлж буй импортлогчид 5 хувийн татвар төлж байхад, дотоодын үйлдвэрлэгчдэд ирэх татварын дарамт 20 хувь давсныг тэрээр онцолсон юм.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ард иргэдийн нуруун дээрх хамгийн том ачаа болж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгоод инфляцийг бууруулахын тулд дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх нь чухал бөгөөд үүнийг татварын нэгдсэн бодлогоор дэмжинэ гэлээ. Өөрөөр хэлбэл татвар нь зөвхөн төсвийн орлого бүрдүүлээд зогсохгүй эдийн засгийг дэмжих хөшүүрэг байх ёстой учраас импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд баялаг бүтээгчдээ дэмжихэд уян хатан бодлого, оновчтой зохицуулалт, татварын суурь шинэчлэл чиглэнэ гэж тодотгов. Энэ хүрээнд УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг ажиллах бөгөөд үндэсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд өргөжсөнөөр ажлын байр нэмэгдэх давуу талтай юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ