Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гомдогсод ба горилогсод

-Н.Соёмбо, С.Даваасүрэн, П.Галиндэв, Г.Баасан, С.Мөнхчулуун, Д.Батжаргал, Г.Тулга, О.Машбат... гээд бие даан нэр дэвшигчдийн урт цуваа үргэлжилнэ-
Өнөө жилийн сонгуулиа гэж! Өнгөрсөн гучин жилд үзээгүй сонгуулиа л бид үзэх нь шиг байна. Би энэ удаа бие даан нэр дэвшигчид буюу “Гомдогсод ба Горилогсод”-ын тухай бичих гэж байгаа юм. Өнгөрсөн 30 жилд төрийн эрхийг ээлжилж барьсан намууд маань 2020 оны Улсын их хурлын сонгуульд сэжигтэн, яллагдагч, хулгайч, худалч голдуухан олон хүний нэрийг дэвшүүлчихлээ. Бүр болиод шоронгоос хүртэл хүн нэрээ дэвшүүлээд Улсын их хурлын сонгуульд өрсөлдөж байх юм гэнэ. Мөнгөтэй л бол хэн ч УИХ–д орж ирэх боломжтой болж. Сонгуулийн Ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэц, хууль хяналтын байгууллагууд нь үүнийг нэгэн дуугаар дэмжиж байгаа. Ийм эрээ цээрээ алдсан сонгуульд мэдээж гомдогсод, горилогсод байж таарнаа даа. Тэгээд л энэ намууд, эрх баригчид, хууль хяналтынханд гомдож горойсон ядуу, шударга, эх оронч 200 гаруй хүн УИХ -ын сонгуульд бие даан нэр дэвшихээр бүртгүүлж бэлтгэлээ базаасан юм. Түүнээс сонгуулийн Ерөнхий хорооны “шүүр”-нд тунаж үлдсэн нь ердөө л 121. Ихэнх нь “шүүр”-ээр гоожчихсон ч, бас манай ард түмний хүлээж хүндэлж, хүсэн дэмжиж байдаг нэлээд олон хүн тунаж үлджээ.
Дундговь-Говьсүмбэрийн 6-р тойрогт Наранцацралтын Соёмбо, Дорноговийн 8-р тойрогт Очирсүхийн Машбат, Сүхбаатар дүүргийн 24-р тойрогт Содномдаржаагийн Даваасүрэн, Нийслэлийн Баянгол дүүргийн 26-р тойрогт Пүрэвдоржийн Галиндэв, Багануур, Багахангай, Налайхын 21-р тойрогт Гэлэгийн Баасан, Баянзүрх дүүргийн 22-р тойрогт Доржготовын Батжаргал, Ганбатын Тулга, Сонгино хайрхан дүүргийн 28-р тойрогт Самданнямын Мөнхчулуун... гэхчлэн эрдэмтэй бол эрдэмтэй, шударга бол шударга, эх орон ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй, ганцхан өөлөх нь бол бэл бэнчин муутай залуучууд.
Намдаа “Гологдоод” гомдоод бие даан нэр дэвшиж байх юм даа. Би олон удаагийн ажиглалтаараа ийм л хүмүүс Улсын их хуралд сууж оюун бодлоо уралдуулж байгаасай гэж боддог байхгүй юу. Тэгтэл Монголын төр, эрх баригч намууд ийм шудрага хүмүүсийг гаргаж ирэхгүйн тулд бүхий л аргаар хааж боож байдаг юм байна.
Би, энэ хүмүүсээсээ заримыг нь танилцуулах гэсэн юм. Ардчилсан намын дарга С.Эрдэнэд “Гологдсон” Наранцацралтын Соёмбо гэж залуу Дундговь аймгийн 6-р тойрогт бие даан нэр дэвшсэн байгаа. Энэ чинь нөгөөх Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтын хүү шүү дээ. Барилга хот байгуулалтын сайд байхдаа Дундговийн замд учир битүүлгээр таалал төгссөн Ж.Наранцацралтын хүү Соёмбо эрийн цээнд хүрч эцгийнхээ зам мөрөөр замнаж явна. Ж.Наранцацралт бол Дундговь аймгаас төрсөн алдар суутнуудын нэг, төр нийгмийн зүтгэлтнүүдээс ховорхон тохиох Ерөнхий сайд байлаа даа. Ардчилсан намаас С.Зоригийг залгамжлагч төрлөө хэмээн улс даяараа шуугиж байсан үе ч бий.
Монголын Ардчилсан намаас ганцаархнаа УИХ-д сонгогдож, энэ намын нэр төрийг хамгаалж үлдсэн  онцгой үйлсийг нь Дундговьчууд байтугай, монголчууд мартаагүй байгаа. Мөн л гэв гэнэтхэн учир битүүлэг таалал төгссөн. Осол, аллага, учир битүүлэг үхэл... гээд олон янзаар ярьсан боловч тэр дороо нам дарагдсан. Хорьхон настай үлдсэн хүү нь их эмчийн мэргэжил эзэмшиж ажил амьдралд хүч авъяасаа сорьсоор сүүлийн үед эцгийнхээ замаар улс төрд орохоор санаа шулуудсан нь энэ.
Тэрээр Ардчилсан намаасаа нэр дэвшье гэж дарга нарт нь удаа дараа санал тавьсан боловч хүлээж авсангүй. Оронд нь өнөөх их хуралдаа суудаггүй, ЖДҮ-гийн хэрэгт нэр нь холбогдсон Б.Наранхүүг дэвшүүлчихээд байгааг та нар ажиглаж л байгаа байх. Мөнгөөр бол Б.Наранхүү дэвшинэ л дээ. Мөн чанараар бол Н. Соёмбо хэнд ч баригдахгүй, торгон мэдрэмжтэй залуу билээ. Тэгээд л бие даасан юм.
Гомдогсодын дотор та бидний танил, шудрага дайчин нэг эмэгтэй бий. МАН-ын угшилтай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэн. Монгол Улс саарал жагсаалтад ороход хоёрхон хүнд хариуцлага тооцож огцруулсаны нэг нь СЗХ -ны дарга С.Даваасүрэн. Нөгөө нь Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан. МАН-ынхны хийсэн хамгийн муухай юм энд л бий. Энэ хоёр даргыг муу ажиллаж Монгол Улсаа саарал жагсаалтад оруулсан гэж халсан хэрнээ, орлогч Б.Лхагвасүрэн Д.Баярсайхан хоёрыг сайн ажилласан гээд нэгийг нь Монголбанкны Ерөнхийлөгч, нөгөөг нь СЗХ-ны дарга болгоод дэвшүүлчихэж байгаа юм. Өнөө хоёр “сайн” дарга нь өнөөдөр бүр Европын холбооны “хар” жагсаалтанд оруулаад дампууруулдагийн даваан дээр байлгаж байгаа Б.Лхагвасүрэн Д.Баярсайхан хоёр маань зүв зүгээр магтуулаад л сууж байна. Ингэж хэлмэгдсэн С.Даваасүрэн гэж эмэгтэйг танихгүй хэрнээ өрөвдөж явдаг юм. Гадаад дотоодын олон дээд сургууль, курс төгсгөсөн, хэд хэдэн гадаад хэлээр ярьж бичдэг, гадаадын нэр хүндтэй байгууллагад ажиллаж байсан, шудрага дайчин эмэгтэй билээ. Юун, манай энэ парламентад сууж байгаа худалч, хулгайч, архичин авгай нарын дэргэд бол, үзүүр тохой илүү эмэгтэй билээ. Түүнийг нам нь “голох”-оор Сүхбаатар дүүргийн 24-р тойрогт бие даан нэр дэвшсэн байна. Монголын парламентад С.Даваасүрэн шиг эмэгтэй 76 орсон ч би дэмжинэ, бахархана.
МАН-ын голж гортигны гадна үлдээсэн хүний нэг нь Сонгино хайрхан дүүргийн 28-р тойрогт бие даан нэр дэвшсэн Самданнямын Мөнхчулуун. Энэ хүнийг би Хотын намын хороонд хариуцлагатай алба хашиж байх үеэс нь мэдэх юм. Төлөв томоотой, шударга дайчин залуу олоод ир гэвэл би С.Мөнхчулууныг л хөтлөөд очно. Өнөөх, хотын даргын сонгуульд заалнаас гарч байсан хүн шүү дээ...
Бие даан нэр дэвшигчдийн дунд Гэлэгийн Баасан гэж эмэгтэй яваа. Монголын ардчилалыг хөдөө нутагт хамгийн түрүүнд хүлээн авч аавтайгаа хоёул ардчилалын алаг туган доор тэмцэж явсан хүн бол яах аргагүй Г.Баасан. Тэр үнэхээр шударга эмэгтэй. Хотод орж ирээд иргэний хөдөлгөөний удирдагчдын нэг болсон. Талбай дүүрэн цагдаагийн хамгаалалт руу Г.Баасан ганцаараа эсэргүүцэл илэрхийлэн очиж байгаа фото зураг байдаг юм. Тэр зураг “Түнэр харанхуй руу ганцаараа” гэсэн тайлбартай. Энэ шударга үнэний төлөө тэмцэгч эмэгтэй харамсалтай нь бэл бэнчин тааруу. Тиймээс Ардчилсан намын үе үеийн удирдлага УИХ-ын найман удаагийн сонгуульд нэрийг нь дэвшүүлээгүй юм. Өнөө жил ч мөн л гадуурхлаа. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийг удирдаж үе үе хатуухан дуугардаг Г.Баасан маань Монголын төрд хэрэгтэй л хүүхэн юмсан даа.
Улсын их хурлын сонгуулийн Баянгол дүүргийн 26 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Пүрэвдоржийн Галиндэв гэсэн нэр зоолттой байгаа. АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн энэ дайчин тэмцэгч залууг та нар танина даа. Тэрээр МАНАН–г сөрнө гэсэн уриатай орж ирлээ. Ардчилсан намд ёстой л чөмөгөө дундартал зүтгэсэн боловч өнөөдөр гадуурхагдаад “өрх тусгаарласан” зуу зуун залуусын нэг. Нэг үгээр хэлбэл шударга ариун үйлсийн төлөө зүтгэснээрээ С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт буруу үзэгдэн Ардчилсан намынхаа гортигны гадна үлдсэн залуу л даа. Гадаад дотоодын олон сургууль төгссөн өндөр боловсролтой ухаалаг дайчин залуус, мэдээж өнөөдрийн АН-ын удирдлагад хэрэггүй. Их мөнгөтэй л бол хэний ч өмнө өвдөг сөхрөхөд бэлэн болсон энэ намын удирдлага олон зуун “Галиндэв”-аасаа салсан нь туйлын үнэн.
Өнөөдөр П.Галиндэв хүү маань манай Баянгол дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшээд хүрээд ирж. Би ахмад сэтгүүлчийн хувьд бэлэгшээж байгаа. Мөр нь цагаан, сэтгэл нь ариун, сайн хүү манай Баянголд хүрээд ирлээ. Би МАН–ын ахмад гишүүн. Үнэнийг бичсэнийхээ төлөө энэ намаас гурав хөөгдөж, гурав элссэн ч, гутралгүй өнөөг хүрсэн. Гучин жилийн дотор явагдсан бүх сонгуульд МАН –аа гэж дагаж гүйгээгүй. Тойрогтоо нэр дэвшсэн “зөв” хүмүүст л саналаа өгч байсан. Сүүлийн үед энэ хоёр нам чинь багаараа сонгогдоно гээд нэг гайгүйхэн нэр хүндтэй хүнийг дагуулаад хоёр гурван “лүд” тавьчихдаг болсон байна. Баянгол дүүрэг рүү Хассуурийн Ганхуяг  гэдэг дайчин залууг дагуулаад, өнөөх үндсэн хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлэлгүй бүлэглэлээрээ оронцоглож “өөрчилсөн” нэр хэмээсэн Д.Лүндээжанцан, хувийн ашиг сонирхлын үүднээс бараа материал тарааж ахмад настны аминд хүрсэн “Оргилын” Ж.Ганбаатар нарыг ирүүлчихсэн байна билээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэгчээр Улсын их хурлын гишүүний “халдашгүй дархан эрх” гэдгийг авч хаяагүйгээс өнөөдөр тэр халдашгүй дархан эрхтэй “Окоп”-нд  амжиж  орохоор сэжигтэн, яллагдагчид, хулгайч, худалч өчнөөн хүн тийшээ үхэн хатан зүтгэж байгаа нь нууц биш. Ард түмнийхээ дунд бүх нийтийн санал асуулга явуулалгүй, цөөн хэдэн танил талын хүрээнд ярилцаад олонхиороо хүч түрэн баталсан үндсэн хуулийн өөрчлөлтийн гол буруутныг би Д. Лүндээжанцанг гэж харж байгаа. Дараагийн  Ерөнхийлөгч, Их хурлын үед үндсэн хуулиа дахин өөрчилж магадгүй гэсэн яриа ч явж л байна.
П.Галиндэв минь манай Баянголд хүрээд ир. МАНАН–мафийнхны олон жилийн дарангуйллаас та нар мэтийн залуучууд л салгаж өгч магадгүй хэмээн, надаас эхлэн олон хүн сүслэн залбирч байгаа. Би энэ удаагийн “Гомдогсод ба Горилогсоддоо” дөнгөж таван хүнийг багтаалаа.
Энэ 121 хүн дунд чинь голдуу л ийм шудрага дайчин залуус байна билээ. Хэвлэл мэдээллийн зай талбай олдвол цааш нь үргэлжлүүлнэ ээ. Нам, төр нь хайхрахгүй байгаа болохоос биш энэ “бие даагчид” гэсэн сүрлэг хан хайрханд дан “алт” булаатай байгаа байхгүй юу. Өвгөн сэтгүүлч нь та нарынхаа аяны дөрөөг сүүгээр мялаая.  
Г.Жамьян
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ