Улс төрийн намууд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Дөнгөж сая МАН сонгуульд оролцох СЕХ-д хүргүүллээ.
Энэ үеэр тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ удаагын сонгууль хүндхэн нөхцөлд явагдах гэж байна. Коронавирусийн аюул Монгол улсын хувьд харьцангуй хяналтад байгаа, тайван гэж хэлж болно. Хүндэрсэн улс орон болох БНСУ сонгуулиа амжилттай явуулж, төрийн эрх барих дээд байгууллага парламентаа ирц өндөртэй сонголоо. Үүнтэй адилхан манай улсын иргэд парламентаа сонгох хариуцлагатай, дөрвөн жилд нэг тохиодог чухал үйл ажиллагаанд идэвхитэй сайн оролцоно гэж Ерөнхий сайд хувьд, ууган намын даргын хувьд итгэж байна.
Цаг хугацаандаа хуулиа явуулъя. Бүх зүйлээ хуулийн хүрээнд хийнэ гэдгээ мэдэгдэхийг хүсч байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй гэдгийг хэлье. Өмнө нь хийж хэрэгжүүлсэн ажлуудыг бүрэн төгс хийж гүйцэтгэж дуусах ёстой юм. Хүн рүү чиглэсэн олон асуудал байгаа. Мөрийн хөтөлбөр хуулийн хүрээнд ном дүрмийн дагуу хийгээд, хянагдсан.
МАН социал демократ нам. Тиймээс тэр үзэлдээ суурилан нийгмийн баримжаатай зах зээлийг хөгжүүлэх үзэл баримтлалтай, философитой мөрийн хөтөлбөр болсон.
Зарим намууд орон сууц амлаж байгаа нь хэзээ ч биелэгдэшгүй зүйл. Улсын авдарт хэдэн төгрөг нөөц байгааг, надаас өөр мэдэх хүн байхгүй байгаа байх. Тэр амлалтуудаа засаж залруулах байх. Улс төрийн намууд хэзээ ч биелэгдэхгүй амлалт өгч болохгүй. Ард түмэн ч итгэж болохгүй. Ард иргэд та бүхэн төрийн мөрийн хөтөлбөрүүдийг маш сайн уншаарай.
Намын даргаар сонгогдсоноосоо хойш намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж ярьж ирсэн. Энэ бодсон бодлого зорилт хэрэгжиж байгаа. Цаашдаа ч бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Монгол улсын парламентад хулгайч хүмүүс биш сор болсон сэхээтнүүд суугаасай гэж хүсдэг. Бүх салбарын төлөөлөл байгаасай гэж бас дотроо боддог. Ийм байж парламентад зөв бодлого гарна. Залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл байх ёстой. Намын даргын хувьд өөрийнхөө багийг авч сонгуульд орно гэдгээ хэлье.
МАН дэнчин болгож. аль нэг нэр дэвшигчээс мөнгө авахгүй. Хууль зөрчиж байгаа юм. Энэ бол мөнгөтэй хүн нэр дэвшиж, мөнгөгүй хүн дэвшиж болохгүй гэсэн утгагтай. Мэдээж сонгуульд тодорхой хэмжээний мөнгө шаардлагатай. Нэр дэвшигчид тодроод хандив цуглуулах хуулийн хугацаандаа цэгласан хандиваар сонгуулиа зохион байгуулах бүрэн бололцоо улс төрийн намуудад байгаа.
Мөнгөний сонгуулиа болъё. Алдаа дутагдал байсан уу байсан. Одоо үүнийгээ засаж залруулъя. Хандиваа юунд зарсан тайлангаа эргээд тайлагнах ёстой. Сонгуулийн мөнгө төгрөгийг хуулийн хүрээнд цуглуулж, хуулийн хүрээнд зарцуулж эцэстээ ард түмэндээ тайлагнах ёстой" гэв.